| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00314/И |
| Дугаар | 135/ШШ2024/00949 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2024/00949
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00314/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* баг, *******, ******* байранд оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, байр, оршин суух овогт (утас: )-д холбогдох,
“Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.,
Хариуцагч Г.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Г.д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний хүү *******ы нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зуурдаар нас барснаас болж манай гэр бүлд хүнд гарз хохирол тохиолдсон. Миний хүү ажил амьдралаа өөрөө бие даан авч явсан олон найз нөхөдтэй, хамт олондоо нэр хүндтэй байсан. Миний бэр Г. нь хүүгийн үлдээсэн хөрөнгөөс бусдад шилжүүлэх болон өр төлбөрийг боломжийн хэмжээгээр төлж байгааг мэдэж байна. Гэхдээ иргэн Д. гэдэг хүн маш их хэмжээний мөнгө буюу 180,000,000 төгрөг нэхэж талийгаачийн үлдээсэн эд хөрөнгийг авах талаар яригдаж байгааг сонсоод эцэг эх бид нар нь хуульд зааснаар талийгаач хүүгийн үлдээсэн эд хөрөнгийг өвлөж авах эрхтэй гэж үзэж байна. Эдгээр өмч хөрөнгийг одоогийн байдлаар манай бэр Г. өвлөж авсан байгаа болно. Иймд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* баг, ******* гудамж, 92 м.кв талбайтай хувийн орон сууц, Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Дөмбөн хороололд байршилтай нэгж талбарын дугаартай 1448.7 м.кв зэрэг үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн орон сууц буюу газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Нэхэмжлэгч Э.******* нь талийгаач нөхрийн минь эцэг бөгөөд бид хадам бэрийн холбоотой. Миний хань амьд сэрүүн байх хугацаандаа маш их хөдөлмөрлөж, их зүйлийг хийж бүтээж, бусдад тусалдаг байсан. Миний бие талийгаач нөхрийнхөө хууль ёсны эхнэр гэх үүднээс талийгаачийн нэр дээрх хөрөнгийг өвлөж авсан. Талийгаач нөхөр маань өөрийн нэр дээр цалингийн зээл, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл болон хувь хүмүүсээс зээлсэн хэд хэдэн өртэй байсан. Би талийгаачийнхаа нэр төрийг бодож нэрийг нь олон дуудуулахгүй гэж бодон албан ёсны гэрээтэй зээлүүдийг өвлөж авсан зарим хөрөнгөөс барагдуулсан. Гэхдээ иргэн Д. гэдэг хүн маш их хэмжээний мөнгө буюу 180,000,000 төгрөгийг нэхэж, талийгаачийн үлдээсэн эд хөрөнгөөс нэхэмжилж байгаа бөгөөд уг зээлсэн гэх өр төлбөрийг миний бие мэдэхгүй байгаа тул төлж барагдуулах боломжгүй байна. Одоо бидэнд 3 хүүхэд болон аав, ээжийн хамт амьдарч буй байр болох хөрөнгө байна. Тиймээс Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* баг, ******* гудамж, 92 м.кв талбайтай хувийн сууц, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* баг, Дөмбөн хороололд байршилтай нэгж талбарын дугаартай 1448.7 м.кв талбай бүхий газар зэрэг хөрөнгийг нэхэмжлэлийн шаардлагын дагуу хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн трактор, хөдөө аж ахуйн техник худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар (хх 3-11 дүгээр хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0025 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Э. төрсний гэрчилгээний хуулбар, Э. төрсний гэрчилгээний хуулбар, Э. төрсний гэрчилгээний хуулбар, дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.ы нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх 53-65 дугаар хуудас) зэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.*******ы хариуцагч Г.д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Э.*******ы хүү Б. нь нас барсан. Түүний эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн ******* суманд байрлах байшин, газар хоёрыг бэр Г. өвлөж авсан. Э.*******ы тухайд үл хөдлөх эд хөрөнгөөс эцгийн хувьд өвлөх эрхтэй гэж үзэж байгаа учраас уг үл хөдлөх хөрөнгө болон газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нь дэмжиж байна” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.
3.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг “...Уг газар болон байшинг би ганцаараа өвлөж аваагүй гурван хүүхдийн хамт өвлөж авсан. Хэрвээ хадам аав оролцож авахаар бол өвлөж авах хүмүүс болох би, манай гурван хүүхэд, хадам ээж энэ тэр бүгдээрээ оролцох байх. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж үгүйсгэж байна.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар:
-Зохигчдын маргаж буй Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* баг, ******* гудамж, 92 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болон Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* баг, Дөмбөн хороололд байршилтай нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1448.7 м.кв газрын өмчлөгч нь Б. байжээ. /хх 6-7х/
-Б. нь нэхэмжлэгч Э.*******ы төрсөн хүү бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан болох нь зохигчдын тайлбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх 63х/
-Б., хариуцагч Г. нар нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, гэрлэгчдийн дундаас 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүү Э., 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр охин Э., 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр охин Э. нар төрсөн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Э., Э., Э. нарын төрсний гэрчилгээний хуулбараар мөн тогтоогдож байна. /хх 55,56,61,62,63,64х/
-2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг өвлүүлэгчийн хууль ёсны эхнэр хүүхдүүд болох Г., Э., Э., Э. нарт өвлүүлэхээр , 0025 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх 55,59х/
5.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж, 528 дугаар зүйлийн 528.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбараас үзэхэд Б. нь нас барах үедээ Улаанбаатар хот, дүүрэг, хороо, ******* гудамж, байр, хаягт оршин суудаг байсан, нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг, ******* сум, баг, *******, байр, хаягт оршин суудаг байсан байх ба нэхэмжлэгч Э.******* нь Б.ыг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй байна.
Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд ...өв нээгдэж, өвлөх эрхийн гэрчилгээ гарах үед өвийн асуудлаар маргаангүй байсан учир өвлөх хүсэлт гаргаагүй... гэж тайлбарласан.
6.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заажээ.
7.Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Э.******* нь Б.ы төрсөн эцгийн хувьд түүний хууль ёсны өвлөгч мөн боловч өвийг хүлээн авахаас татгалзсан байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй учир өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор нотариат буюу баг, сумын Засаг даргад өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргаснаар өвийг хүлээн авах байсан боловч зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй тул түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.
Нөгөөтээгүүр, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* баг, ******* гудамж, 92 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болон Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* баг, Дөмбөн хороололд байршилтай нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1448.7 м.кв газрыг Г.д өвлүүлэхээр олгосон өвлөх эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй болно.
Уг өвлөх эрхийн гэрчилгээнүүдэд ...бусад өвлөгчөөс хүсэлт гаргаагүй... талаар дурдсан байна.
8.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528.3-т зааснаар нэхэмжлэгч Э.*******ы хариуцагч Г.д холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН