Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/583

 

 

 

 

      2022           6             2                                    2022/ДШМ/583

 

Ш.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Ш.Аы өмгөөлөгч Ш.Мягмарсүрэн, С.Энхбат,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/639 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Аы өмгөөлөгч С.Энхбатын гаргасан, мөн түүний өмгөөлөгч Ш.Мягмарсүрэн, Ц.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ш.Ад холбогдох 2206006300773 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ш.А нь 2022 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22а байрны 6 дугаар орцны 0 тоотод хохирогч Т.Тийн нүүрэн тус газарт гараараа цохих, хазах зэргээр хүч хэрэглэж биед нь “дээд, доод уруул, дух, зүүн шанаа, баруун шуу, хэвлийн урд хананд зулгаралт, доод уруул, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи, эрүү, баруун бугалга, зүүн мөр, зүүн бугалга, цээжинд цус хуралт” гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тухайн цаг хугацаанд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22а байрны 6 дугаар орцны 0 тоотод хохирогч Т.Тийн хүсэл зоригийн эсрэг хувцасыг нь тайлах, биед нь халдах зэргээр хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орох буюу хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ш.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг биед нь халдах зэргээр хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орох буюу хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шижирбаатарын Аг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Ш.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногт шилжүүлэн 60 хоног буюу 2 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ш.Ад 2 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, баримтаар төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Т.Т энэ хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Ш.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Аы өмгөөлөгч С.Энхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/639 дугаартай шийтгэх тогтоолоор Боржигон овогт Шижирбаатарын Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг биед нь халдах зэргээр хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орох буюу хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд зүйл анги, шүүгдэгчид оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:

1. Хохирогч Т.Т мэдүүлэхдээ /хх 8-9, 16-17/ “...2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 21 цагийн үед Андрей, Эрдэнэ, Тулга нартай 2 шил архи уусан. ...миний утсыг нуусан байсныг олоод цагдаад дуудлага өгсөн гэсэн бөгөөд хохирогч нь тухайн үед хэр зэрэг согтолттой байсан эсэхийг тогтоогоогүй. Хэрэв хүчиндүүлэх гэж зодуулж байх үедээ яаж нуусан утсаа /хаанаас/ олж, цагдаад дуудлага өгсөн байх боломжтой эсэх нь эргэлзээтэй.

2. 1621 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /хх 22-23/ “...дээд уруулын голд 1х0,5 см, зүүн талд 1х0,6 см, доод уруулын баруун талд 1,3х0,6 см хүрэн улаан тав тогтож буй зулгаралттай, доод уруул нилэнхүйдээ хавдсан, дотор талдаа 1,5х1 см хөхөлбөр цус хуралттай, духны голд 0,2х0,1 см зүүн шанаанд 1х0,2 см, 0,5х0,2 см, баруун шууны гадна 3х2 см, хэвлийн урд хананд 1х0,5 см, хүрэн улаан өнгийн тав тогтож буй зулгаралттай, зүүн нүдний дээд зовхинд 2х1 см, эрүүний зүүн тал бага зэрэг хавдсан, эрүүний төвгөрийн зүүн талд 4х3 см, баруун бугалганы гадна дунд хэсэгт 5х3 см, зүүн мөрний дээд хэсэгт 2х1, 5 см, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 4х3 см, цээжний баруун дээд хэсэгт 3х2см шаргал хүрээ бүхий хүрэн ягаан өнгийн цус хуралттай. ...” гэсэн байх бөгөөд уг гэмтлүүд нь яг хэрэг болсон цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоогоогүй. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж бичсэн байх бөгөөд уг журмын 2.4.1. гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, 2.4.2. ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонго алдагдсан гэж заасан бөгөөд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй.    

3. 2022 оны 1 дүгээр сарын 8-ны шөнө тухайн үйл явдлыг харсан /орцны жижүүр/ Ц.Тийг гэрчээр байцаалгах шаардлагатай.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/639 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Аы өмгөөлөгч Ц.Баярмаа, Ш.Мягмарсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ш.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Аыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/639 дугаартай шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулсан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Хэргийн байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зохих байдлуудыг шалгаж тодруулахдаа хэргийн газрын үзлэг хийгээгүй байдал, шинжээч эмчийн дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтлүүд нь ямар цаг хугацаанд үүссэн болохыг тогтоосон зүйл байхгүй байхад нягталж үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна.

Учир нь Ш.А нь мэдүүлэгтээ “хохирогчийг чанга чанга яриад байсан учир дуугүй болох шаардлага тавьсан, манай байр нимгэн ханаар тусгаарлагдсан учир бүх зүйл тод сонсогддог” талаар, хохирогч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “би босоод хаалга цоожтой байсан учир чимээ өгөх зорилгоор хаалганы хажууд суугаад хаалгыг өшиглөж цөмлөсөн” гэж мэдүүлсэн ба эдгээр байдал нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалжийг шалгахад хөндлөнгийн баримт болох хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал байхад шүүх “Энэ гэмт хэрэг нь зөвхөн гэмт этгээд болон хохирогч хоёрын хооронд үйлдэгддэг, өөр бусад хэн нэгэн этгээд оролцдоггүй бөгөөд тухайн цаг хугацаанд болоод өнгөрдөг онцлогтой” гэж дүгнэж нэмэлт ажиллагаануудыг хийх хууль зүйн үндэслэлгүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн хохирогч шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ ”Би гурван найзаасаа салж зугтахдаа гэрийн түлхүүрээ гээсэн” талаар мэдүүлсэн. Ямар шалтгаанаар зугтаасан болох зугтахдаа биед учирсан гэмтэл авсан эсэх талаар нэмэлт бусад ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж байсан. Харин шинжээчийн дүгнэлтээр дээрх гэмтлүүдийг ямар хугацаанд авсан болох боломжтойг тогтоосон зүйл байхгүй байхад шүүх анхаарч үзсэнгүй. “Шүүгдэгч Аы ээж Т нь Үндсэн хуулинд зааснаар гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул гэрчээр Тийг асуугаагүйг мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзэх үндэсгүй байна” гэж шүүхээс өөрийн үзэмжээр урьдчилан дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэх үндэслэл болж байгаа болно.

2. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлд дүгнэлт хийхдээ "Шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гаднаас хүн орж ирснээр гэмт үйлдэл таслан зогсоогдож хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлджээ” гэж дүгнэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Т өмгөөлөгчийн асуултад хариулахдаа “би босоод хаалган дээр очиход хаалга цоожтой байсан учир чимээ өгөх зорилгоор хаалга өшиглөөд сууж байсан. А тэр дээр сандал дээр сууж байсан. Хаалга онгойлгож Т эгч орж ирэх хүртэл арваад минут болсон” гэж мэдүүлсэн. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасны дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “Хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/639 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Ш.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Т, Ш.А нараас мэдүүлэг авсан. Мэдүүлэг авах явцад Т.Тийн цагдаагийн байгууллагаад гаргасан гомдол болон хохирогчоор тогтоолгож өгсөн анхны мэдүүлэг нь тогтвортой байгаа. Мэдүүлэгт дурдагдсан хэргийн үйл баримт, Ш.Аы хүч хэрэглэсэн үйлдлүүд нь шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогддог. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Тээс Ш.А биеийнх нь аль хэсэгт, яаж хүч хэрэглэж, халдсан талаар асуухад хүчээр бэлгийн харилцаанд орох гэсэн үйл баримт хангалттай тогтоогддог. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Т мэдүүлэг өгөхдөө “Хаалга нүдээд 10 орчим минут болсон. Тэр үед Ш.А сандал дээр сууж байсан” гэдэг. Энэ нь Ш.А сайн дураараа татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, нөхцөл байдлын хувьд олон нийтийн анхаарлыг татахуйц чимээ гарсан тухай хохирогч, шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Ш.Аы хүсэл зоригоос үл хамаарсан үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг нь таслан зогсоогдсон. Ц.Т гаднаас орж ирэх үед гэмт хэрэг төгссөн байсан. Шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлтийн талаар яригдсан. Хохирогч нь гурван хүний хамт архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэж байсан бөгөөд тухайн гурван найзаасаа зугтаасан байдаг. Тухайн гурван найзаасаа зугтаасан гэж байгаа боловч биед нь хүч хэрэглэж, халдсан талаар анхнаасаа хэлээгүй. “Гэрийнхээ түлхүүрийг хаясан байсан учраас хонох газаргүй болоод Ш.Атай уулзсан” гэсэн байдаг. Согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн эсэхийг одоо тогтоох боломжгүй. Тухайн цаг үед Ш.А, Т.Т нар согтууруулах ундаа хэрэглэсэн гэх асуудалд аль аль нь зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Хохирогчийн согтуурлын зэргийг шалгах нь тухайн хэргийн үйл баримтыг тогтооход төдийлөн ач холбогдолгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Ш.Аы өмгөөлөгч С.Энхбатын гаргасан, мөн түүний өмгөөлөгч Ш.Мягмарсүрэн, Ц.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Ш.Ад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ш.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийг этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлон заажээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагдах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн хянан шийдвэрлэж Ш.Амарсайхайнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Ш.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногт шилжүүлэн 60 хоног буюу 2 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Шүүгдэгч Ш.А нь хохирогч Т.Тт хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх боловч хүчиндэхийг завдаж тухайн гэмтлийг учруулсан болох нь эргэлзээ бүхий, тодорхойгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. ...” гэж заасны дагуу хохирогч Т.Тийн мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс хохирогчийн хүсэл зоригийн эсрэг биед нь халдах зэргээр хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орох буюу хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.  

Өөрөөр хэлбэл, хохирогч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд өгсөн “...Би босоод хаалгаар гарах гэтэл хаалгыг дотроос нь түгжээд түлхүүрээ өөрөө авсан байсан болохоор би хаалгыг нь өшиглөсөн. Тухайн үед ээж Т нь доор байдаг үйлчлэгчийн өрөөнөөс орж ирэхээр нь би хаалгаар зөрөөд гарсан. ...” /хх 8-9, 16-17, 142/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасан “Хэргийн газрын үзлэг” хийх шаардлагатай төдийгүй, гэрчээр шүүгдэгч Ш.Аы эх н.Тээс мэдүүлэг авах ажиллагааг хийх шаардлагатай, түүнчлэн шүүгдэгч Ш.Аы өмгөөлөгч С.Энхбатын, мөн түүний өмгөөлөгч Ш.Мягмарсүрэн, Ц.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр нэг мөр, бүрэн гүйцэд шалгах нь зүйтэй.

Хохирогч Т.Тээс “...ууж байхад Ш.А над руу дайраад, миний өмд, дотуур өмдийг тайлж хүчирхийлхийг завдсан. ...” /хх 8-9/, “...газар дэвссэн ширдгэн дээр ганцаараа хувцастайгаа унтаад өгсөн. Шөнө унтаж байтал миний хувцасыг тайлсан. ...” /хх 16-17/, “...Унтах гээд хэвтэж байхад Ш.А намайг оролдоод, дотуур хувцасыг тайлсан. ...” /хх 142/ гэж удаа дараа зөрүүтэй мэдүүлсэн байх тул энэ талаар шалгавал зохино.

Иймд шүүгдэгч Ш.Аы өмгөөлөгч С.Энхбатын гаргасан, мөн түүний өмгөөлөгч Ш.Мягмарсүрэн, Ц.Баярмаа нарын хамтран гаргасан “...нотолбол зохих байдал нотлогдогдож тогтоогдоогүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн газарт буцааж, хэргийг прокурорт хүргүүлтэл шүүгдэгч Ш.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/639 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Ад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Ш.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.ЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ