Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/20

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                            Ч.Мөнхзул

Хохирогчийн өмгөөлөгч                                     З.Нямсүрэн

Шүүгдэгч                                                              *******        

Нарийн бичгийн дарга                                        Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* овогт ******* *******, ******* Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1964 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: *******/

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 09 цагийн үед Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “Зүүн сүүж” гэх газарт танил *******тай үл ойлгоцсоны улмаас түлхэж морин дээрээс унагааж улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогжээ.

 Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хасч,

- Хохирогч ******* нь эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1779.590 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Хохирогч ******* давж заалдах гомдолдоо: “*******ын цээжний томографи дээр цээжний баруун талд 1, 2 дугаар хавирга LS шугамаар, 3 дугаар хавирга PV шугамаар, 4 дүгээр хавирга PV болон LAM шугамаар зөрөөтэй, 12 дугаар хавирга LS шугамаар хугаралтай, баруун уушги неполный ателетикпазитай, цээжний баруун талд ярьсан дор олон дэлбэнд 4,4х1,4 см хэмжээтэй no aibronchogram бүхий хөндийт өөрчлөлттэй, баруун талын плеврийн хөндийд 2,0 см хүртэл зузаан сул шингэнтэй, баруун талын уушигны агааржилт жигд бус, цээжний баруун талд 4 дүгээр хавирганы түвшинд гуурстай, баруун талын дал яс бяцарсан хугаралтай нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний давтан үзлэг, шинжилгээгээр нотлогдож байна. Мөн нугалам яснуудын их биеийн гадаргууд жижиг остеофит ургалттай, багана нуруу сээрний түвшинд баруун тал руу сеолиозтой гэсэн нэмэлт урхагууд илэрсэн бөгөөд хавиргануудын хугарлыг базагч ялтсаар бэхэлсэн, хадсан хадааснуудыг авах ямар ч боломжгүй гэсэн нь хохирогч ******* бид бүхэнд маш их харамсалтай байна.

Энэ бүхэн нь *******т бие махбод, эрүүл мэнд, амь насанд маш хүнд гэмтэл учруулсан нь бодит үнэн хөдөлшгүй баримт юм. Гэтэл дээрх маш хүнд гэмтлийг 1.779.590 төгрөгөөр үнэлсэнд маш их гомдолтой байна.

2022 оны 03 дугаар сарын 30-аас 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмч нарын хяналтын заалт, давтан үзлэгээр хадааснуудыг авах боломжгүй, шинээр нэмэлт урхагууд үүссэн болохыг нарийн шинжилгээнүүдээр магадлав. Энэ хугацаанд гарсан зардал 878753 төгрөг болсон баримтыг хавсаргав.

Өнөөдөр хүн ямар үнэлгээтэй вэ, хүний эд эрхтэн ямар үнэтэй вэ, энэ хүний цээжний хөндий, уушги ямар үнэтэй вэ. Иймээс маш их гомдолтой байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тиймээс гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэж ойлгож байна. Бид гэм буруугийн асуудлаар ярих зүйл байхгүй гэдгийг анхан шатны шүүх дээр ч хэлж байсан. Хохирогчийн хувьд амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас хэдэн сарын хугацаанд эмнэлэгт хэвтсэн. Одоо хөдөлмөрийн чадвараа алдаж 500 000 төгрөгөөр групп тогтоолгосон. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 80 000 төгрөгөөр илүү байгаа тул сар бүрийн төлбөр нэхэмжлээгүй. ...Одоо хохирогчид сар тутам тэжээн тэтгэхтэй холбогдсон гэм хорын хохирлыг арилгуулах хүсэлтэй байна.. Амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлж болохоор иргэний хуульд заасан тул 878 753 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Ял хариуцлагын талаар маргах зүйлгүй.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Би хохирлыг төлж барагдуулна. Надад бэлэн мөнгө байхгүй, бөөнд нь өгөх боломжгүй байна. Би хөдөө мал маллаж амьдардаг. Уг нь хөдөө байхдаа Энхбаяртай уулзаж ярилцдаг. Гэхдээ би хэлж байгаа зүйлийг нь ойлгодоггүй юм” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргадаггүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд хэргийн нөхцөл байдал бүрэн нотлогдож, тогтоогдсон. Хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлсөн. Давж заалдах гомдол дээр нийт хохирлыг 1 800 000 төгрөгөөр тооцож байгаад гомдолтой байна гэж бичсэн байна. Энэ нь нөхцөл байдлыг буруу ойлгосон юм шиг санагдаж байна. Нийт хохирол биш нотлох баримттай хохирлын хэмжээг тухайн үед ингэж тогтоосон. Хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан тул цаашид эмчилгээ хийлгэж гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 09 цагийн үед Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Зүүн сүүж” гэх газарт танил *******тай үл ойлголцсоны улмаас морин дээрээс нь түлхэж унагаан улмаар эрүүл мэндэд нь “баруун талын 1,2,3,4,5,6,7,8,9,10,12 дугаар хавирганы хугарал, уушигны няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт” гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө босоод Баярааг хониндоо яв гэж хэлэхэд мориндоо мордоод явахгүй зогсоод байсан. Би Баяраатай ер нь хэл амаа сайн ойлголцож чаддаггүй. Баярааг хониндоо явахгүй зогсоод байхад нь өвдөгнөөс нь түлхсэн чинь мориноосоо унасан. Би Баярааг мориноосоо унана гэж бодоогүй. ...” гэсэн,

Хохирогч *******ын шүүх хуралдаанд өгсөн: “Тухайн өглөө 9 цагийн үед шүүгдэгч нь намайг морин дээр мордож байхад морины зөв талаас түлхэж, би морины урд талын хөлний тэнд унаж, морины урд талын хөлөөр 2 удаа моринд өшиглүүлсэн. Шүүгдэгч намайг цохисон зүйл байхгүй. Би тухайн өдөр 15 цагийн орчимд эмнэлэгт очсон. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Маргааш хот руу эмчилгээнд явах гэж байгаа. ...” гэсэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энх-Ерөөлийн шүүх хуралдаанд өгсөн: “Эмчилгээний зардлыг гаргаад өгвөл гомдол санал байхгүй. Нэг нутгийн хүмүүс бие биедээ тустай байвал болно. ...” гэсэн,

Гэрч Г.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би Баянтүмэн сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг ба манай хүргэн ******* найз Энхбаяр надтай хамт өөрсдийн хэдэн тооны малаа хараад амьдарцгаадаг юм. Би хувийн ажлаар сумын төв рүү явж Энхбаяр, ******* нар малаа хараад үлдсэн. Түүнээс хойш 2021 оны 04 дүгээр  сарын 01-ний өдөр 14-15 цагийн орчим Хэрлэн сумаас охин Толоны хамт Баянтүмэн сумын 2 дугаар багт байх хөдөө гэртээ очсон. Намайг гэртээ очиход ******* надад Энхбаяр мориноос уначихлаа гэж хэлсэн бөгөөд гэрийн баруун талын орон дээр Энхбаяр зүүн мөрөө дараад хажуулдаад хэвтэж байсан. ...би Энхбаярыг түүний охин Энхсүрэнгийн хамт БОЭТ-ийн хүлээн авах тасагт авчирч яаралтай рентгенд харуулахад баруун талын 7 хавирга хугаралтай байна гэж хэлж байсан. ...” гэсэн, /хх 49-51/

Насанд хүрээгүй гэрч Э.Энхсүрэнгийн: “...2021 оны 05 сард аавыг Улаанбаатар хотоос ирэхэд нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу болсон хэргийн талаар асуухад тэр Баянтүмэн сумын нутаг Өлзийсайханы гэрийн гадаа хониндоо явах гээд мордох гэж байхад ******* над руу уурлаад загнаад байсан. Улмаар тэр намайг гараараа түлхсэн гэж хэлсэн. ...” гэсэн, /хх 80-82/

Шинжээч эмч Б.Ганзоригийн “...Тогтоогдсон гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. ...мориноос унах үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. ...гэсэн мэдүүлгүүд, /хх 78/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 11ий өдрийн “...*******ын биед баруун талын 1,2,3,4,5,6,7,8,9,10,12-р хавирганы хугарал, уушигны няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх  хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ...” гэсэн 3864 дугаартай дүгнэлт /хх 69-70/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, түүнийг тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

 

Хохирогч ******* “...Миний бие махбод, эрүүл мэнд, амь насанд маш хүнд гэмтэл учруулсан нь бодит үнэн хөдөлшгүй баримт юм. Гэтэл дээрх маш хүнд гэмтлийг 1,779,590 төгрөгөөр үнэлсэнд маш их гомдолтой байна. 2022 оны 03 дугаар сарын 30-наас 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмч нарын хяналтын заалт, давтан үзлэгээр хадааснуудыг авах боломжгүй, шинээр нэмэлт урхагууд үүссэн болохыг нарийн шинжилгээнүүдээр магадлав. Энэ хугацаанд гарсан зардал 878,753 төгрөг болсон баримтыг хавсаргав. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч, шинжээч эмч нарын өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар *******ын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 09 цагийн үед Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “Зүүн сүүж” гэх газарт *******ыг хониндоо явахгүй удлаа гэдэг шалтгаанаар морин дээрээс нь түлхэснээс унаж, унаж явсан мориныхоо урд хоёр хөлөнд өшиглүүлснээс болж хохирогчид баруун талын 1,2,3,4,5,6,7,8,9,10,12-р хавирганы хугарал, уушигны няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл болон хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна гэж тус шүүх дүгнэв.

Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 950,700 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг /хх 96-109/ хавсаргаж өгснөөс  зарим нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй хэдий ч шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд нийт 1,780,200 төгрөг төлжээ. /хх-110, 150/

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу хохирогч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 01-нээс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 11 сар 30 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 5,025,000 төгрөг нэхэмжилснээс баримтгүй хохирлын 829,300 төгрөгийг хасч 4,195,700 төгрөг нэхэмжилсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч *******ыг цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж заасныг буруутгах үндэслэлгүй юм. Учир нь хэрэгт хохирогч *******ын нийгмийн халамжийн тэтгэмж авдаг эсэх нь тодорхойгүй тул тухайн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байсан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн  3 дахь хэсгийн “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэсэн заалттай нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн хохирогч нь давж заалдах гомдолдоо шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хийлгэсэн эмчилгээний зардалд 878,753 төгрөгийн баримт хавсаргав гэж дурдсан ч холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзвэл хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ЭНХЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                              О.БААТАРСҮХ

                                                                                            Ж.ДОЛГОРМАА