Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2019/0330/З |
Дугаар | 128/ШШ2019/0269 |
Огноо | 2019-05-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2019/0269
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Саруулд холбогдох Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нямжавын дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нямжав нь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны ОЛСОН нь: хэсэгт ...Иймд холбогдогч Макс хүнс ХХК-ийн гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 1,2 1.1.2 дах... гэж хуулийн зүйл хэсэг заалтыг буруу бичсэн байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Саруулын 0141134 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байх тул прокурорын дүгнэлт бичив. гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Саруул шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ... Макс хүнс ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын дагуу 1 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахдаа техникийн алдаа гаргасан байна.
Иймд шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нямжаваас Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Саруулд холбогдуулан, ...улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0141134 тоот шийтгэлийн хуудсаар Макс хүнс ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-д дотоод хяналт шалгалтын журам тогтоож, мөрдүүлээгүй хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг тус шүүхэд ирүүлжээ.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Саруул нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нямжавын Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Саруулд холбогдуулан гаргасан ...Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Саруулын 0141134 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулах тухай гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Саруулын 0141134 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нямжавын Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Саруулд холбогдуулан гаргасан ...Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Саруулын 0141134 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулах тухай гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА