Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 773

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч А.Ж,

шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт Т ийн С д холбогдох эрүүгийн 1706 0126 60290 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч,  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх захад харуул ажилтай, ам бүл  Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Т ийн С

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:  

Шүүгдэгч Т.С нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Их Дарь-Эхийн 12 гудамжинд байрлах 302 тоотод иргэн А.Ж г хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч А.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр угаалын нунтаг авах гээд явж байхад танидаг эгчийн танил нь гээд байсан. Тэгээд бид нар тэр шүүгдэгчийн гэрт нь очоод байж байхад нөгөө эгч хүүхэд дуудаад байна гэсэн. Тэгээд шүүгдэгчтэй гэрт нь үлдсэн. Шүүгдэгч орой болчилоо хоёулаа унтъя гээд ор руугаа явсан. Би нөхөр хүүхэдтэй, та андуураад байна гэхэд намайг мөргөөд унагаасан. Баруун талын гуя, хөл рүү өшиглөөд байхаар нь гараад зугтаасан. Би гэртээ ороод цагдаа дуудсан. Миний үүдэн 3 шүд хөдөлсөн. 1 нь хугараад нөгөө нь унасан. Шүүгдэгч 1 удаа надтай уулзсан. Бид 3 тухайн үед 1 шил архи уусан. Тухайн үед ойрхон хүүхэд дээрээ очоод ирнэ гэсэн гэв.

Хохирогч А.Ж ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 16-ны үдшийн 19 цагийн орчим Сүхбаатар дүргийн 18 дугаар хороо Бэлхийн эцсийн Төгстөмөр ХХК дэлгүүрээс угаалгын нунтаг аваад явж байсан. Тэгээд буудал дээр Л эгчтэй таарсан. Бид 2 юм яриад явж байхад С гээд Л эгчийн найз гэсэн хижээл насны эрэгтэй замд таарсан. Тэгээд Л эгч найзынхаа гэр рүү хамт явъя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид алхаж байтал та 2 түрүүлээд явж бай гээд би дэлгүүр ороод ирье гэж хэлсэн. Шар торон дотор нарийн хиам 1 ширхэг, Атар талх 1 ширхэг, 0.75 литрийн архи байсан. Үл таних эрийн нийтийн байранд Л эгч болон С нарын хамт орсон. Бид гурав С ийн авчирсан хиам, талхийг идчихээд архи ууж эхэлсэн. Ууж байхад Л эгч байн байн гарч тамхилаад бид гурав юм яриад сууцгааж байсан. Гэнэт Л эгч байхгүй байгааг анзаараад буцаад ороод ирэх байх гэж бодоод хүлээж хэсэг суусан. С гэгч босон дээгүүрх хувцасаа тайлж эхэлсэн. Над руу харж байснаа хоёулаа унтая гэж хэлэхэд нь би та одоо юу яриад байгаа юм бэ хүнтэй андуураад байгаа юм уу, би нөхөр хүүхэдтэй гэж хэлэхэд миний ам руу толгойгоороо мөргөж унагаасан. Би газар хэвтэж байхдаа туслаарай, хүн байна уу, намайг алах гээд байна гэхэд хэн ч байгаагүй. Намайг хашгирч байхад дээрээс дэвсэж, өшиглөж байсан. Хэсэг хугацаанд намайг зодохоо болиход нь би гарч гүйгээд хашааны үүдний хаалганы урд ирэхэд араас үсдэж гэр рүүгээ чирсэн. Би мултраад түлхэхэд С доошоо суухад нь би гарч гүйсэн. Би зугтааж гүйсээр далангийн зүг гүйсэн байсан. Тэнд хэсэг сууж байгаад эргээд төв зам тал руугаа гүйгээд замаас такси барьж гэр рүүгээ ирсэн. С гэх хүнд авах ёстой арга хэмжээг нь авахуулмаар байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.С ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Тухайн өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би Бэлх захын ойролцоо Л гэх эмэгтэйтэй тааралдсан. Тэгээд Л гэх эмэгтэй Ж гэх эмэгтэйтэй хамт явж байсан, би тэр хүнийг огт танихгүй. Л надаас чамд ганц юм авах мөнгө байна уу гэхээр нь байгаа гээд хамт уухаар болоод манай гэр рүү Л, Ж гэх эмэгтэй бид 3 хамт таксидаж явсан юм. Манай гэрт орохдоо хиам, 0.75 литрийн 1 шил архи авч орсон. Ороод Ж, Л 2 архиа угаад үлдсэн юм. Би тэр хоёрыг орхиод Баянзүрх зах руу хүнээс мөнгө авах гээд орсон юм. Буцаж ирэхдээ 0.33 литрийн архи авч орж ирэхэд Ж ганцаараа байсан. Ж миний сүүлд авч ирсэн архинаас 1 стаканыг хийж уусан. Би Л г хаашаа явсан юм бэ гэхэд Л эгч явчихсан, би явах гэж байлаа гэж хэлсэн. Тэгээд бид 2 архиа ууж дуусаад Ж гэх эмэгтэй ахиад архи нэхээд байхаар нь би уурласан. Чи яв гэхэд над руу хараал, ерөөл хэлээд байхаар нь би нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон юм. Өөр асуудал болоогүй...” /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹10634 дүгнэлтэд “А.Ж ийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язарсан шарх, 1 шүдний хугарал, 2 шүдний сулрал, зовхи, бугалга, шуу, гуя, өвдөгт цус хуралт, шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 20 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Т.С нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Их Дарь-Эхийн 12 гудамжинд байрлах 302 тоотод иргэн А.Ж г хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.С д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Т.С д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Т.С д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч нь үүдэн шүд хийлгэх 350.000 төгрөг нэхэмжилсэнийг бичгийн нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.