Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/03213

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/03213

Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:

Нэхэмжлэгч: И-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э-д холбогдох,

 

2,315,690.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Э нь манай компанитай 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ** дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Б.Эгийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу покет аппликейшнаас 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ** дугаартай зээлийн дансны дугаартай, 307,800.00 -ийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ** дансанд; 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ** дугаартай зээлийн дансны дугаартай, 817,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** банкны тоот дансанд; 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр  *** дугаартай зээлийн дансны дугаартай, 155,000.00 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2022 оны 10 дугаар сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь , үндсэн зээл: 307,800.00 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 171,777.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,699.19 төгрөг, нийт 511,276.89 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 4-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 816,998.65 төгрөг, шимтгэл 48,400 төгрөг, үндсэн хүү 531,161.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,232.21 төгрөг, нийт 1,502,791.90 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 154,998.09 төгрөг, шимтгэл 9,200 төгрөг, үндсэн хүү 100,769.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,154 төгрөг, нийт 285,122.07 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 16,500 төгрөг. Иймд хариуцагч Б.Эгаас нийт 2,315,690.84 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Б.Э нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Э миний бие 2022.09.05-ны өдөр И ХХК-иас нийт 2,315,690.84 төгрөг зээлсэн нь үнэн болно. Тухайн нэхэмжлэгч байгууллагатай ямар нэгэн байдлаар маргаан байхгүй тул нэхэмжилж байгаа 2,315,690.84 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК хариуцагч Б.Эд холбогдуулан 2,315,690.84 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,315,690.84 төгрөгийг хариуцагч Б.Э төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,001.05 төгрөгийн 26,001.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эгаас улсын тэмдэгтийн хураамжинд 26,001.05 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 26,000.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР