Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/03211

 

 

 

 

 

 

     2024 оны 8 сарын 05  өдөр

  Дугаар 183/ШШ2024/03211

Улаанбаатар хот

               

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:

Нэхэмжлэгч: Ц.Ц-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Э-д холбогдох

 

6,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Ц нь Дэнжийн 1000-2 худалдааны төвийн мах худалдаалах зааланд лангуу түрээсэлж, үхрийн мах худалдан борлуулдаг юм. Хариуцагч Ш.Э нь надаас заримдаа үхрийн мах худалдан авч өөрийн лангуун дээр хүргүүлдэг эсвэл өөрөө ирж авдаг бөгөөд төлбөрийг 7 хоногийн дотор төлдөг байсан. Гэвч тэрээр 2024 оны 4 дүгээр сард цувуулж авсан махнаас 6,210,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд элдэв янзын шалтаг хэлж, чадахгүй, төлөхгүй, би дампуурсан шүүхэд хандаж ав гэсэн юм. Ш.Эт би 2024 оны 4 дүгээр сарын 10-нд 636,000 төгрөг, 4 дүгээр сарын 12-нд 1,999,000 төгрөг, 4 дүгээр сарын 13-нд 2,192,000 төгрөг, 4 дүгээр сарын 17-нд 2,729,000, 4 дүгээр сарын 18-нд 2,143,000, 4- дүгээр сарын 22-нд 1,710,000 төгрөг, 4 дүгээр сарын 24-нд 1,429,000, 4 дүгээр сарын 26-нд 1,597,000 төгрөг, 4 дүгээр сарын 28-нд 3,000,000 төгрөг нийт 17,435,000 төгрөгийн үхрийн мах нийлүүлсэн. Үхрийн мах худалдсан 17,435,000 төгрөгийн төлбөрөөс хариуцагч нь нийт 11,225,000 төгрөгийг тухай бүр мах авснаас хойш 7 хоногийн дотор тогтмол шилжүүлж байгаад 6,210,000 төгрөгийн махны төлбөрийг төлөөгүй юм. Миний бие ченжүүдээс зээл авч мах зардаг бөгөөд удаан хугацаанд Ш.Э нь төлбөрөө төлөхгүй байснаар би бусдад 2 сарын хугацаанд хүүгийн төлбөр нэмж төлж байна. Түүнтэй эвлэрэхээр эвлэрүүлэн зуучлалд хандаж жилийн хугацаанд мөнгөө хуваагаад төлөх санал тавьсан боловч тэрээр “заавал cap бүр 300,000 төгрөгөөр 2 жилийн хугацаанд төлнө, одоо энэ авсан махны мөнгө байхгүй, эхнэрийнхээ мөнгөөр амьдардаг, надад ажил олдохгүй байна” гэж тайлбарлаж эвлэрэхээс татгалзсан билээ. Гэвч нэхэмжлэгч Ц.Ц нь махны мөнгөө 7 хоногийн дотор авна гэж тооцож түүнд мах худалдсан бөгөөд хариуцагч төлбөрөө төлөөгүйгээс хувь хүмүүст өндөр хүү төлж хохирч байна. Иймд Ш.Э нь үхрийн мах худалдаж авсан төлбөрөөсөө 6,210,000 төгрөгийн төлбөрөө төлөөгүй тул түүнээс 6,210,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ш.Э нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Ш.Э  нь Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь  хариуцагч Ш.Эт холбогдуулан  6,210,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Цгийн нэхэмжлэлийн 6,210,000 төгрөгийг хариуцагч Ш.Э нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,310 төгрөгийн 57,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд 57,155 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 57,155 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

           

ШҮҮГЧ                                                   Ш.ОТГОНБАЯР