Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/03209

 

 

 

 

 

 

     2024 оны 8 сарын 05 өдөр

  Дугаар 183/ШШ2024/03209

Улаанбаатар хот

               

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:

Нэхэмжлэгч: Г.М-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Б.Д-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 33,113,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Д нь анх 2023 оны 3 дугаар сарын 18 өдөр мөнгөний хэрэг гарсан тул мөнгө зээлдүүлээч гэж гуйсан ба би түүнд 2023 оны 3 дугаар сарын 18 өдөр 8,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 24 өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 30 өдөр 5,000,000 төгрөг тус тус зээлдүүлж дансаар шилжүүлсэн. Дээрх мөнгийг буцааж өгөх хугацааг бид харилцан тохиролцож 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нотариатаар орж ** тоот гэрээ байгуулсан гэрээний 3.1 дүгээр зүйлд 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээлсэн бүх мөнгөө 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр буцаан төлөхөөр харилцан тохиролцсон боловч зээлээ буцаан төлөх хугацаа өнгөрсөн ч төлж барагдуулахгүй байгаа юм. Бидний хувьд нийт 33,000,000 төгрөг зээлдүүлсэн ба зээлийн гэрээний 3.3, 3.7-д заасан ёсоор зээлийн хүү, алданги авахаар тохиролцсон зээлийн хүүнд 3 cap 2 хонгийн хүү 2,668,000 төгрөг, алданги 11 хоног 1,595,000төгрөг, нийт 37,263,000 төгрөг төлөх ёстойгоо үүнээс Б.Д нь 4,150,000 төгрөг буцаан төлсөн одоо 33,113,000 төгрөг өгөх дутуу байна. Иймд Б.Дөөс зээлж авсан мөнгөө гэрээний дагуу хүү, алдангийн хамт нийт 33,113,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Д нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Б.Д  нь нэхэмжлэлийн шаардлага болох 33,113,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М нь  хариуцагч Б.Дд холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 33,113,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Мийн нэхэмжлэлийн 33,113,000 төгрөгийг хариуцагч Б.Д нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,515 төгрөгийн 161,757.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дөөс улсын тэмдэгтийн хураамжинд 161,757.5 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 161,757.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.Мт олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ш.ОТГОНБАЯР