Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0228/З |
Дугаар | 128/ШШ2019/0258 |
Огноо | 2019-04-26 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2019/0258
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Батсүрэн би Ж.Эрхэсхулангийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Эрхэсхулан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие хүү Э.Эрхэмхүслэнгийн өмнөөс нэхэмжлэл гарган захирганааны хэрэг үүсгэсэн боловч хэргийг хянан шийдвэрлэх явцад уг газрын эзэмших эрхийн маргаан нь хүү Э.Эрхэмхүслэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох нь тодорхой болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх нь Ж.Эрхэсхулангийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Газар эзэмших өргөдлийг газрын хуулийн дагуу хүлээн авч, өргөдөл гаргах үеийн цаг хугацаагаар дүүргийн Газрын албаны бүртгэлд оруулах, иргэн Ж.Эрхэсхулангийн хүсэлт болгосон газарт, газар эзэмших эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрх олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах, иргэн С.Солонгийн хүсэлтээр иргэн Б.Болормаагийн нэр дээр маргаан бүхий газрын кадастрын зургийг нөхөж сэргээсэн Нийслэлийн газрын албаны Мэдээлэл технологийн хэлтсийн албан тушаалтны үйлдлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгох, Кадастрын зургаас 2011 онд устгагдсан, мэдээллийн санд бүртгэлгүй газрыг, тодруулбал хууль ёсны хүчин төгөлдөр кадастрын зураггүйгээр иргэн С.Солонгод 2014 онд шилжүүлэн шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/171 тоот захирамжийг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Эрхэсхулан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах..., 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах эрхтэй гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгч Ж.Эрхэсхуланд тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно.
Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ж.Эрхэсхулан Газар эзэмших өргөдлийг газрын хуулийн дагуу хүлээн авч, өргөдөл гаргах үеийн цаг хугацаагаар дүүргийн Газрын албаны бүртгэлд оруулах, иргэн Ж.Эрхэсхулангийн хүсэлт болгосон газарт, газар эзэмших эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрх олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах, иргэн С.Солонгийн хүсэлтээр иргэн Б.Болормаагийн нэр дээр маргаан бүхий газрын кадастрын зургийг нөхөж сэргээсэн Нийслэлийн газрын албаны Мэдээлэл технологийн хэлтсийн албан тушаалтны үйлдлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгох, Кадастрын зургаас 2011 онд устгагдсан, мэдээллийн санд бүртгэлгүй газрыг, тодруулбал хууль ёсны хүчин төгөлдөр кадастрын зураггүйгээр иргэн С.Солонгод 2014 онд шилжүүлэн шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/171 тоот захирамжийг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН