Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/44

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа 

Улсын яллагч: Ч.Энхжаргал

Шүүгдэгч: С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-т холбогдох, 1727000000004 дугаартай, 146/2017/00041/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужир суманд суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багт оршин суудаг, ял шийтгэл Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, С.Т

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Т нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар баг “Сүрвээ” гэх газарт хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: Би тэр өдөр сумын төвөөс ээжийнхээ гэрийг нүүлгэх үеэр охинтойгоо утсаар яриад ирээд эмээгийнхээ гэрийн ойр зуурын зүйлийг хийгээд өг гэсэн. Гэтэл ирэхгүй гээд байсан. Тухайн үед би согтуу байсан гэв.

Хохирогч Б.Б-ийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ ганцаараа байж байтал манай охин Г, зээ охин М 16 цагийн орчим ирээд манайд цуг тэр өдрөө тэндээ хоноод манай охин Г маргааш гэрлүүгээ явсан юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчим манай хүргэн С.Т манайд 16 цагийн орчим архи уучихсан халамцуу ирээд манай зээ охин М аяга уугааж байсан чинь толгой руу нь гараараа цохиод авахаар нь чи яахаараа дандаа гэмгүй хүмүүсийг зодож явдаг юм гэж хэлсэн чинь намайг цээж рүү цохиод толгойгоор минь хана мөргүүлээд байхаар нь гараад явсан. Тэгээд С.Т ардаас гарч ирэхээр нь урдаас салаавч гараад шороо цацаад амьдаар чинь булна гээд байсан. Тэгээд ахиад С.Т охиноо зодох гээл сургааг мод аваад цохих гэхээр салгах гээд очсон чинь бид хоёрыг давхар цохиод цохисон. Сургааг модны үзүүр хугараад унасан. Миний зүүн гуяа руу цохисон. Тэгээд манай айлын Л, С.Т-өөс салгаад модыг авсан. Тэгээд гэрлүүгээ С.Т яваад өгсөн. Тэгээд сумын эмнэлэг дуудаж үзүүлээд сумын эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлсэн. Миний биеийн зүүн гуяны мах тасарсан байсан. Өөр гэмтэл гайгүй. Урьд эмчлүүлээд гайгүй болсон байсан юм. Ойрноос толгой өвдөөд даралт ихсэх болсон. С.Т нь манай охин Гармааг авч гэрлэсэн юм. Намайг зодож цохих нь гайгүй. Агсам согтуу их тавьж хэл амаар доромжилж байсан. Тухайн үед С.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орж ирээд охин М-ыг зодох гэж дайрахаар нь би тухайн үед чи яахаараа хүүхэд зодох гэдэг юм гэтэл чи муу солиор гээд намайг тохойгоороо цээж рүү цохиод, толгойгоор гэрийн хана мөргүүлсэн. Тэгэхээр нь би гадагш гартал араас гарч ирээд надруу шороо цацаад би чамайг амьдаар чинь булна шүү гэсэн. Тэгээд мод бариад надруу дайрахад нь М миний урдуур ортол давхар намайг зүүн хөлний гуя руу цохьсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл гээд байсан зүйл байхгүй. Энэ хүн өөрөө хийсэн хэргээ мэдэж байгаа байлгүй...” гэжээ. /хх-ийн 5-8 дугаар хуудас/

Гэрч С.О-ын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчим би гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал хажуу айлын Б.Б-ийн хүмүүс маргалдаад байх шиг болохоор очсон чинь Б.Б гуайн хүргэн С.Т архи уучихсан халамцуу ирчихсэн Б.Б гуай руу салаавч гараад шороо чулуу шидээд хэл амаар доромжилоод байж байгаад аргал дээр байсан сургааг мод аваад Б.Б, охин М нарыг модоор цохисон. Тэгэхээр очоод салгах гээд дийлэхгүй болохоор ах Л-ыг дуудаж салгуулаад явуулсан. Тэгээд сумын эмнэлэгт мэдэгдэж хэлсэн. Б.Б-ийн биеийн зүүн гуя руу, М-ын ар нуруу руу цохиж байхыг харсан. С.Т нь тухайн үед дунд зэргийн согтолттой байсан. Урд өмнө нь С.Т эхнэр хүүхэд, хадам аавдаа агсам согтуу их тавьж хэл амаар доромжилж байхыг 2-3 удаа харж байсан. С.Т эхнэр Б.Г-тай төрсөн эгч дүү хоёрын хүүхдүүд байгаа юм. Б.Б манай ээжийн төрсөн дүүгийнх нөхөр байгаа юм...” гэжээ.  /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Гэрч Т.М-ын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би өвөө Б.Б-ийнд ээж Г-тай хамт Улаанбаатар хотоос 16 цагийн орчим очиход хамт цуг тэр өдрөө тэндээ хоноод ээж Г маргааш гэрлүүгээ явсан юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчим манай аав С.Т манайд 16 цагийн орчим архи уучихсан халамцуу ирээд намайг аяга угааж байсан чинь толгой руу гараараа цохиод авахаар манай өвөө чи яахаараа дандаа гэмгүй хүмүүсийг зодож явдаг юм гэж хэлсэн чинь өвөөг цээжрүү цохиод толгойгоор нь хана мөргүүлээд байхаар нь гараад явсан. Тэгээд аав С.Т ардаас гарч ирээд өвөөгийн урдаас салаавч гараад шороо цацаад амьдаар чинь булна гээд байсан. Тэгээд ахиад аав С.Т намайг зодох гээд сургаа мод аваад цохих гэж ирсэн. Тэгээд өвөө бид хоёрыг давхар цохиод цохисон сургаа модны үзүүр хугараад унасан. Миний гарлуу цохисон. Тэгээд манай өвөөгийн хажуу айлын О эгч ирээд айлын ах Л-ыг дуудаад, аав С.Т-өөс салгаад модыг авсан. Тэгээд гэрлүүгээ аав С.Т яваад өгсөн. Тэгээд сумын эмнэлэг дуудаж үзүүлээд сумын эмнэлэгт ирж өвөөг эмчлүүлсэн. Аав С.Т-ийг цохих үед тухайн үед гар хөхөрсөн байсан. Намайг зодож цохих нь гайгүй. Агсам согтуу их тавьж ээж дүү нарт их тавьж хэл амаар доромжилж байсан. Өвөөг цохихдоо намайг давхар цохьсон. Тэгэхдээ 1 удаа гарлуу тухайн модоороо цохьсон. Гар бага зэрэг хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн сүртэй гэмтсэн зүйл байхгүй. Ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйл байхгүй болохоор шинжээч эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй...” гэжээ.  /хх-ийн 15-16, 19 дүгээр хуудас/

Гэрч С.Л-ын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчим би гэртээ ээжийн хамт байтал манай төрсөн дүү С.О орж хажуу айлын Б.Б-ийн хүмүүс маргалдаад байх шиг болохоор очсон чинь Б.Б гуайн хүргэн С.Т архи уучихсан халамцуу ирчихсэн Б.Б гуай руу салаавч гаргаад шороо чулуу шидээд хэл амаар доромжилоод байж байгаад аргал дээр байсан сургааг мод аваад Б.Б, охин М нарыг модоор цохичихлоо та очоод салгаадах гэсэн. Тэгээд очсон чинь С.Т мод барьчихсан охин М-ыг элдэж хөөгөөд байхаар нь очиж модыг авч салгаж явуулсан. С.Т Б.Б, М нарын аль хэсэг рүү модоор цохисныг хараагүй. Би сүүлд очсон юм. С.Т тухайн үед дунд зэргийн согтолттой байсан. Урд өмнө нь С.Т эхнэр хүүхэд, хадам аавдаа агсам согтуу их тавьж хэл амаар доромжилж байхыг 4-5 удаа харж байсан...” гэжээ.  /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэгийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Б.Б-ийн биед, зүүн хөлний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ.  /хх-ийн 21 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай /хх-ийн 20 дугаар хуудас/

2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27 дугаар хуудас/

Шинжээч томилж, үнэлгээ гаргуулах тухай /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 31 дүгээр хуудас/

С.Т-ийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Т нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар баг “Сүрвээ” гэх газарт хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Б.Б, гэрч С.О, Т.М, С.Л нарын мэдүүлсэн мэдүүлэг, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэгийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч С.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б нэхэмжлэх зүйлгүй, хохиролгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  дурдав.

Торгох ял оногдуулсан тул шүүгдэгчийн 3 тооны адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч С.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин/ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай. 

4. Шүүгдэгч С.Т энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч С.Т-ийн эзэмшлийн 3 тооны адуу битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА