| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/02983/И |
| Дугаар | 183/ШШ2024/03204 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2024/03204
2024 оны 08 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2024/03204 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Э-д холбогдох,
СӨХ-ны төлбөр 5,073,775 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р СӨХ нь хариуцагч Л.Эад холбогдуулан СӨХ-ны төлбөр 5,073,775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Р СӨХ нь Р 2 хотхоны оршин суугчдаас сар бүр СӨХ-ны төлбөр авч дундын өмчлөлийн зүйлс болох цэцэрлэгт хүрээлэн, зам, талбайг засан сайжруулах, автомашины зогсоол, автомашины зогсоолын автомат хаалга, хотхоны орц, гарцын автомат хаалт, орон сууцны лобифон, цахилгаан шат, дундын өмчийн талбай, ус, дулаан, гэрэлтүүлгийг тогтмол ажиллуулах, цэвэрлэгээ үйлчилгээ, ажилчдын цалин хөлсийг цагт нь тавих зэргийг хийж гүйцэтгэдэг. Харин оршин суугчид дээрх ажил үүргийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай СӨХ-ны төлбөрийг сар бүр төлөх үүрэг хүлээдэг. Хариуцагч Л.Э нь Р *** тоотын оршин суугч, сууц өмчлөгч бөгөөд Иргэний хуулийн 143-р зүйлийн 143.4-т заасны дагуу СӨХ-ны гишүүн учир ИХ-ийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу СӨХ-ны төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч 2024 оны 04-р сарын 24-ний өдрийн байдлаар нийт 5 073 775 төгрөгийн СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 Сууц өмчлөгч нь... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3-т Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж тус тус хуульд заасны дагуу хариуцагчаас СӨХ-ны төлбөр нийт 5 073 775 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч нь бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэл, СӨХ-ны гэрчилгээний хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дугаар Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаар Удирдах зөвлөлийн гишүүдийн тэмдэглэл, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаар удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг ирүүлсэн байна.
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р СӨХ нь хариуцагч Л.Эаас 5,073,775 төгрөгийг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Л.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эд нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Р СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасны дагуу байгуулагдсан болох нь Р СӨХ-ны гэрчилгээгээр тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн, хариуцагч Л.Э нь орон сууцны өмчлөгч гэж үзлээ.
Хариуцагч Л.Э нь 2021 оны 5 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 5,073,775 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Л.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1. Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө, 148 дугаар зүйлийн 148.2. Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ. 148.2.3. дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох гэж тус тус заасан.
Иймд 2021 оны 5 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 5,073,775 төгрөгийг хариуцагч Л.Эаас гаргуулж, Р СӨХ-д олгож шийдвэрлэв.
Шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасны дагуу хариуцагчид мэдэгдсэн. Шүүх хурлын тов мэдэгдэхээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн *** дугаар руу залгахад за ойлголоо гэх тайлбарыг хэлсэн. Мөн тухайн өдөр шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хаягаар хүргүүлсэн. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийг эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Эаас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 5,073,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р СӨХ-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,131 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 96,131 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР