Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/03203

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2024/03203 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Г-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХЛ.А-д холбогдох

 

           Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Л.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ч.Г болон хариуцагч Л.А нар 2011 онд гэр бүл болсныг 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ** дугаартай гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.

 

Гэрлэгчдийн дундаас 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүү Г.Х, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүү Г.З нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон нь хэрэгт цугларсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Л.Атай таарч тохирохгүй, тусдаа амьдарч байгаа талаар тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар (хавтаст хэргийн 16 дахь тал)-аар нотлогдсон гэж шүүх үзлээ.

 

Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж Ч.Г болон Л.А нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Хүү Г.Х, Г.З нарыг эх Л.Ад асрамжид үлдээхээр талууд тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2. хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй, 26.4. эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасан ба эцэг Ч.Г нь Хүү Г.Х, Г.З нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Л.Ад даалгах нь зүйтэй.

 

Зохигчид хүүхдийн асрамж тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Харнууд овогт Чулуунбаатарын Ганбаатар, Хайтал овогт Лхаасүрэнгийн Анарзаяа нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Г.Х, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Г.З нарыг эх Л.Агийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Ч.Г нь хүү Г.Х, Г.З нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Л.Ад даалгасугай.

 

5.Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

7.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР