| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2114002490363 |
| Дугаар | 2022/ДШМ/033 |
| Огноо | 2022-04-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2022/ДШМ/033
Э.Удвалд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Бат-Оргил
Шүүгдэгч Э.Удвал, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Удвалын гаргасан давж заалдах гомдлоор Э.Удвалд холбогдох эрүүгийн 2114002490363 дугаар хэргийг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Тэнгэр овогт Энхтүвшиний Удвал, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /ВЮ97070901/,
Э.Удвал нь 2021 оны 2 дугаар сараас 2021 оны 9 сар хүртэлх үргэлжилсэн хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал ..... тоотод байх Ж.Батжаргалынд байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ж.Батжаргалд “хашааны газар олж өгнө” гэж худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Энх Уран итгэл ХХК-ийн нэр бүхий хэвлэмэл хуудсыг ашиглан Ж.Батжаргалыг төөрөгдөлд оруулан 3.250.000 төгрөгийг залилсан,
Мөн шүүгдэгч Э.Удвал нь 2021 оны 9 сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт дээрх залилах гэмт хэргийг үйлдэхдээ 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1111 гэсэн огноо, дугаар бүхий Энх Уран итгэл хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн нэр бүхий хэвлэмэл маягтыг ашиглан “Баянхонгор аймгийн 2-13-ын 1а тоот газар нь иргэн Ж.Батжаргалын нэр дээр Баянхонгор аймгийн газрын албанаас шилжүүлэхэд тус мөнгөн төлбөрийн 15 хувь нь /200.000 төг/ дутуу байгаа тул Баянхонгор аймгийн газрын албаны төрийн сангийн дансанд 2021 оны 9-р сарын 02-ны өдөр яаралтай тушаана уу” гэх бичвэрийг хуурамчаар үйлдэж, ашигласан...” гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э.Удвалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: шүүгдэгч Тэнгэр овогт Энхтүвшиний Удвалыг хуурч, урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн, эд баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тэнгэр овогт Энхтүвшиний Удвалыг зургаан /6/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг /01/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Э.Удвалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг /01/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан /06/ сарын хорих ялд нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг долоон /7/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Э.Удвалд оногдуулсан долоон /7/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Удвалаас 1.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Батжаргалд олгохыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Удвал тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Миний бие Э.Удвал нь Баянхонгор аймагт 1997 оны 7 сарын 09-нд төрсөн. Одоо Баянхонгор сумын Угалз 4-р багийн 3-347 тоотод охин, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. 2021 оны 9 сараас хойш Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт иргэн Ж.Батжаргалын гаргасан гомдлын дагуу шалгагдаж 2022 оны 1 сарын 24-нд шүүх хуралд орон эрүүгийн хэргийн дагуу хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан зүйл, ангиар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хоригдсон.
Тус хэргийн 17.3-1-т заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. хохирогчид өгөх мөнгөн төлбөрийг талыг төлж барагдуулсан. Үлдэгдэл мөнгийг төлж барагдуулах бүрэн боломжтой. Иймд эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах хүсэлтэй байгааг хүлээн авна уу гэжээ.
Прокурор Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Э.Удвалын эд баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэргийн шинж нь залилах гэмт хэргийн шинжийг давхар агуулж арга хэрэгслээ болгосон шинжтэй байхад давхар зүйлчилсэн байх тул харгалзан үзэж хөнгөрүүлэн өөрчлөлт оруулна уу гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Удвалын давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд:
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Удвалыг 2021 оны 02 сараас 2021 оны 9 сар хүртэлх үргэлжилсэн хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 5-13 тоотод байх Ж.Батжаргалынд байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ж.Батжаргалд “хашааны газар олж өгнө” гэж худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Энх Уран итгэл ХХН-ийн нэр бүхий хэвлэмэл хуудсыг ашиглан Ж.Батжаргалыг төөрөгдөлд оруулан 3.250.000 төгрөгийг залилан авсан,
Мөн шүүгдэгч Э.Удвал нь 2021 оны 9 сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт дээрх залилах гэмт хэргийг үйлдэхдээ 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1111 гэсэн огноо, дугаар бүхий Энх Уран итгэл ХХН-ийн нэр бүхий хэвлэмэл маягтыг ашиглан “Баянхонгор аймгийн ..........тоот газар нь иргэн Ж.Батжаргалын нэр дээр Баянхонгор аймгийн газрын албанаас шилжүүлэхэд тус мөнгөн төлбөрийн 15 хувь нь /200.000 төг/ дутуу байгаа тул Баянхонгор аймгийн газрын албаны төрийн сангийн дансанд 2021 оны 9-р сарын 02-ны өдөр яаралтай тушаана уу” гэх бичвэрийг хуурамчаар үйлдэж, ашигласан...” гэмт хэргүүдэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Тэнгэр овогт Энхтүвшиний Удвалыг хуурч, урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн, эд баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тэнгэр овогт Энхтүвшиний Удвалыг зургаан /6/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг /01/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Э.Удвалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг /01/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан /06/ сарын хорих ялд нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг долоон /7/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.
Харин хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Удвал нь 2021 оны 02 сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 5-13 тоот дахь Ж.Батжаргалынд амьдарч байхдаа “хашааны газар олж өгнө” гэж амлан улмаар Энх Уран итгэл ХХН-ийн хэвлэмэл маягтыг техник хэрэгсэл ашиглан 2021 оны 9 дүгээр сард “Баянхонгор аймгийн 2-13-ын 1а тоот газар нь иргэн Ж.Батжаргалын нэр дээр Баянхонгор аймгийн газрын албанаас шилжүүлэхэд тус мөнгөн төлбөрийн 15 хувь нь /200.000 төг/ дутуу байгаа тул Баянхонгор аймгийн газрын албаны төрийн сангийн дансанд 2021 оны 9-р сарын 02-ны өдөр яаралтай тушаана уу” гэх бичвэрийг хуурамчаар бичиж, итгэл үнэмшил төрүүлэн 3.250.000 төгрөгийг өөртөө авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт
Хавтаст хэргийн 9-14 дүгээр талд авагдсан “... Би өөрөө газар хашаа олж авмаар байна гэж ярьж байхад Э.Удвал тэрийг сонсож мэдээд би танд газар хашаа олж өгнө гэж хэлсэн.. Би ... 2 000 000 өгсөн... Хэд хонож байхад Удвал утсаар залгаж газрын албаны бичиг авч ирлээ гэж өргөдлийн хамт өгсөн бичгийг өгсөн. Тэрний дагуу ахин 200 000 төгрөг Удвал өөрийн биеэр ирж авсан. Тэрнээс өмнө нь 100 000 төгрөг, 150 000 төгрөг, 50 000 төгрөг, 10 000 төгрөг, 40 000 төгрөг өгсөн байсан. Нийт 3 250 000 төгрөг болсон. Надад өгсөн бичиг нь өмгөөлөгчийн албан бичиг байж таарсан. ...надад 1 500 000 төгрөг бэлнээр гаргаж өгсөн. Би үлдэгдэл мөнгөө авмаар байна...” гэх хохирогч Ж.Батжаргалын мэдүүлэг
Хэргийн 16-17 дугаар талд авагдсан “... Удвал нь бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Манай байгууллагын лого тамга дардас төсөөтэй байна. Гарын үсэг нь миний гарын үсэг биш эвлүүлсэн зүйл байх шиг харагдаж байна. Манай байгууллага 2018 оноос хойш Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Баянхонгор аймагт ямар нэгэн газартай холбоотой тоот албан бичиг явуулсан зүйл байхгүй...” гэх гэрч Н.Энхжаргалын мэдүүлэг
Хэргийн 20 дугаар талд авагдсан “...Батжаргал манай нөхөр... бид хоёроос бэлнээр 2 сая төгрөг авч миний цалин бууж байгаа би 500 000 төгрөг зээлнэ та хоёр төлөөрэй гэж хэлсэн. Тэр 500 000 төгрөгийг нөхөр бид хоёр удалгүй Удвалд өгч барагдуулсан нийт манайхаас цувуулж авсаар байгаад 3 250 000 төгрөг болсон. Мөн газрын албанаас бичиг ирлээ гэж бичиг өгсөн тэр бичиг нь хуурамч өмгөөлөгчийн бичиг байсан...” гэх гэрч Т.Мөнхбатын мэдүүлэг
Хэргийн 25-27 дугаар талд авагдсан “...би өөрийн газрын гэрчилгээг хайхад Батжаргал машин дотроо аваад суучихсан надад дутуу мөнгө өгөөд аваарай гэж хэлээд миний газрын гэрчилгээг авч өгөөгүй юм. ...2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Батжаргалд мөнгө өгөхөөр болж банк дээр очиход газрын гэрчилгээ өгөхгүй байхаар болиод мөнгө хийгээгүй манай охин ирсэн...” гэх гэрч Б.Сайнхүүгийн мэдүүлэг
Хэргийн 32-33 дугаар талд авагдсан “...Манай Баянхонгор сумын газрын албанд хандсан өргөдөл хүсэлтийг шүүж үзэхэд энэ хүний нэр дээр байхгүй байна. Манай газрын алба ийм албан бланк хийж өгөхгүй. Энэ бланк дээр өмгөөлөгчийн Энх Уран итгэл ХХН гэсэн манайхтай ямар ч хамааралгүй албан бланк байна. Э.Удвал гэх хүнээс гаргасан өргөдөл хүсэлтийг шүүж үзэхэд манайд хандсан өргөдөл хүсэлт байхгүй байна...” гэх гэрч Б.Сарангэрэлийн мэдүүлэг
Хэргийн 36 дугаар талд авагдсан “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ...чиний данс руу мөнгө хийгээд тэр мөнгөө авчих уу гэж хэлээд миний Хаан банкны карт гуйж аваад 200 000 төгрөг хийж тэр мөнгөө авсан байсан..." гэх гэрч Г.Пүрэвнямын мэдүүлэг
Хэргийн 61 дүгээр талд авагдсан “...Н.Энхжаргалын гэх гарын үсэг нь хэвлэлийн техник хэрэгсэл ашиглаж үйлдсэн болох нь харагдсан бичгийн хэрэгсэл ашиглаагүй шинж тэмдэг ажиглагдаж байсан. Тийм учраас энэ гарын үсэг эх хувь биш байна....” гэх шинжээч П.Хонгорзулын мэдүүлэг
Хэргийн 56-58 дугаар талд авагдсан “.... Шинжилгээнд ирүүлсэн өмгөөллийн Энх Уран ХХН, 2019.09.02-ны өдрийн 1111 дугаартай тоот баримт бичиг харьцуулах загвараар ирүүлсэн Энх Уран итгэл ХХН-ийн албан бланктай ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 004 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т “ хуурч, эсхүл баримт бичиг эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд,урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол... ял шийтгэнэ” гэж,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийг үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт,төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол... ял шийтгэнэ” гэж тус тус заасныг дээрх гэмт хэргийн үйл баримттай нийцүүлэн дүгнэхэд:
Шүүгдэгч Э.Удвалын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд бусдын эд хөрөнгө буюу мөнгийг хууль бусаар авахын тулд хуурамч бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдүүлж эд хөрөнгө болох мөнгийг нь шилжүүлэн авсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг болохынхоо хувьд Энх Уран хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэвлэмэл маягтыг техник хэрэгсэл ашиглан хуурамчаар үйлдэж, бичвэрийг хуурамчаар бичиж хохирогчийг төөрөгдөлд оруулсан үйлдэлд хамаарахгүй, энэ гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Удвалын гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө буюу мөнгийг хууль бусаар авахын тулд Энх Уран хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэвлэмэл маягтыг техник хэрэгсэл ашиглан хуурамчаар үйлдэж бичвэрийг хуурамчаар бичиж, түүнийгээ хохирогчид үзүүлж, төөрөгдөлд оруулан мөнгийг нь хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт, давхар зүйлчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул Прокурорын яллах дүгнэлтээс шүүгдэгч Э.Удвалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Тэнгэр овогт Энхтүвшиний Удвалыг ... “эд баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо баримт бичиг гэдэгт техник хэрэгсэл ашиглан Энх Уран хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэвлэмэл маягтыг техник хэрэгсэл ашиглан хуурамчаар үйлдэж хуурамч бичвэр бичсэн үйлдлийг баримт бичигт оруулахгүй, баримт бичиг гэдэгт албан ёсны эх бичвэр байхыг шаарддаг болно.
Шүүгдэгч Э.Удвал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Батжаргалд учруулсан хохирлын 3.250.000 төгрөгөөс 1500 000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд 1 750 200 төгрөгийг давж заалдах шатанд тус тус төлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгажээ. /орлогын мэдүүлэг/
Иймд шүүгдэгч Э.Удвалын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хохирох ялыг оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Удвал нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан болтол нийт 70 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, цагдан хоригдож байгаа Э.Удвалыг шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах зүйтэй гэж үзэв.
Харин шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан “ ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулахыг хүссэн” гомдол, санал үндэслэлтэй байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлэн , шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус, тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын өмнө
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1- дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Удвалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн “ хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах.” гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалт нэмж,
1 дэх заалтад
“...“эд баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн...тус тус ” гэснийг хасаж,
2 дахь заалтад
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тэнгэр овогт Энхтүвшиний Удвалыг зургаан /6/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг /01/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Тэнгэр овогт Энхтүвшиний Удвалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй” гэж,
3 дах заалтын
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Э.Удвалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг /01/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан /06/ сарын хорих ялд нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг долоон /7/ сарын хугацаагаар тогтоосугай” гэснийг
“шүүгдэгч Э.Удвалд шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,
4 дэх заалтын
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Э.Удвалд оногдуулсан долоон /7/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг
“Шүүгдэгч Э.Удвал нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8 , 6.9-т тус тус зааснаар ял оногдуулах болохыг түүнд мэдэгдсүгэй гэж тус тус өөрчилж,
5 дахь заалтад
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Удвалаас 1.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Батжаргалд олгохыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг хасаж,
6 дахь заалтын
“шүүгдэгч Э.Удвал нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй “ гэсний дараа
“бусдад төлөх төлбөргүй” гэж нэмж тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Э.Удвал нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан болтол нийт 70 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Э.Удвалыг шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
Л.НЯМДОРЖ