Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 85

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.Э-, Ц.Т- нарт холбогдох эрүүгийн 1704000920034 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                   Б.Одгэрэл

 Улсын яллагч                                   Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                       Ш.Э-, Ц.Т- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, түр оршин суух, ял шийтгэлгүй, Ш- овгийн Ш-ын Э- /РД: /

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оршин суух, ял шийтгэлгүй, Ш- овгийн Ц-ийн Т- /РД:/

 

          Прокурорын яллах дүгнэлтэд: Ш.Э- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Т-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Ц.Т- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ш.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Ш.Э- нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчоор мэдүүлэхдээ: “...Би гадуур найзуудтайгаа архи уугаад гэртээ ирээд эхнэртэйгээ маргалдаад байж байтал гаднаас хадам ээж Т- орж ирээд намайг загнаж, бид хоёр муудалцсан. Тэгээд хадам ээж миний нүүрийг базахаар нь би хурууг нь хазсан. Тухайн үед миний нүүрэн дээр шарх үүссэн байсан бөгөөд одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хадам ээжтэйгээ муудаж, түүний хурууг хазсандаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Ц.Т- нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчоор мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хамт олонтойгоо караокед ороод таксигаар хүргүүлж хүргэнийхээ гэрт очиход охин хүргэн хоёр хэрэлдэж маргаж байхаар нь охиноо өмөөрөөд “хүргээнээ архи уухаа боль” гэж загнасан. Тэгээд би хүргэнээ эхлээд алгадсан, хүргэн миний хурууг хазсан. Тухайн үед хуруугаа боолгож байсан, одоо эдгэрсэн, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Буруу үедээ хүргэндээ юм хэлснээс болж ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Х-ын мэдүүлсэн “...Намайг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны орой 21 цаг 30 минутын үед хүүхдүүдтэйгээ гэртээ байж байхад манай нөхөр Э- архи уучихсан согтуу орж ирээд агсам тавиад байсан. Удалгүй 22 цагийн үед манай ээж Т- гаднаас орж ирсэн. Ээж маань нөхөр Э-д хандан “чи яахаараа эхнэр хүүхдүүдээ агсам тавьдаг юм бэ?” гээд хэлчихсэн чинь уурлаад Э- ээжийг зодсон. 2-3 удаа газар савж унагаагаад энд тэндгүй өшиглөөд баруун гарын эрхий хурууг нь хазсан. Би ээжийгээ зодуулсандаа гомдолтой байна. Би дундуур нь орж салгах гэсэн боловч дийлэхгүй болохоор нь цагдаа дуудсан. Манай нөхөр Э- нь архи уудаг, дандаа агсам тавьж хэл амаар доромжилдог, бид хоёр суугаад 6 жил болж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Ш-ын мэдүүлсэн “...Миний хүү Э- нь хадам ээжтэйгээ муудаж, хөөгөөд байхаар нь гарыг нь хазсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09шэ/ 236 дугаартай дүгнэлтэд: “Ц.Т-ийн биед баруун гарын эрхий хуруунд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо иртэй хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 15/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09шэ/ 233 дугаартай дүгнэлтэд: “Ш.Э-гийн биед хамрын нуруу, зүүн хацарт шарх, баруун нүдний дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 19/,

Яллагдагч Ц.Т-, Ш.Э- нар нь хоорондоо эвлэрсэн тухай баталгаа /хх-ийн 49-50/,

Хохирогч Ц.Т-ийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 6/,

Шүүгдэгч Ш.Э-гийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаарх мэдээллүүд /хх-н 23-27/,

Ц.Т-, Ш.Э- нар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29-30/, иргэний үнэмлэхний лавлагаанууд /39,41/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/236, 09шэ/233 дугаартай дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүгдэгч Ш.Э- нь согтуугаар 2017 оны 9 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 23 дугаар гудамжны 6 тоотод буюу өөрийн гэртээ хадам эх Ц.Т-ийн “архи уулаа” гэсэн үгэнд дургүйцэн хоорондоо маргалдаж, улмаар түүний гарын  хурууг хазаж, биед  нь баруун гарын эрхий хуруунд язарсан шарх бүхий гэмтэл учруулсан болох нь,

Шүүгдэгч Ц.Т- нь согтуугаар 2017 оны 9 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн  үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 23 дугаар гудамжны 6 тоотод хүргэн Э-д “архи уухаа боль” гэж хэлснээс болж, хоорондоо маргалдаж, улмаар түүнийг алгадаж, биед нь хамрын нуруу, зүүн хацарт шарх, баруун нүдний дотор салстад цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ш.Э-гийн “би хадам ээжийнхээ хурууг хазсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Т-ийн “би хүргэнээ алгадсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Б.Х-ын “манай ээж Э-г архи уулаа гэж загнасан. Тэгээд манай нөхөр уурлаад ээжийг зодсон” гэх мэдүүлэг /хх-н 7-8/, гэрч Ш.Ш-ын “манай хүү хадам ээжийнхээ гарыг хазсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 11/, хохирогч нарын биед үзлэг хийж хөнгөн зэргийн гэмтэл учирснийг тогтоосон шинжээчийн 09шэ/236, 09шэ/233 дугаартай дүгнэлтүүд /хх-н 15,19/, гэрэл зургын үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Т- нь хүргэн болох Ш.Э-д “архи уухгүй байх” талаар шаардлага тавьснаас болж хэрүүл маргаан үүсч, улмаар харилцан бие биенээ цохиж, зодсон үйлдлийн улмаас тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч нар нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, санаатай хандсан байх бөгөөд энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нар нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэнтэй холбоотой гэж үзэв.

Прокуророос Ц.Т-, Ш.Э- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй, хоорондоо эвлэрсэн гэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна гэж үзэв.

Иймд Ц.Т-, Ш.Э- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хорих ял оногдуулахаар заагаагүй” байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд тэдгээр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 29-30/

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

Хохирлын тухайд шүүгдэгч нар нь харилцан бие биенээсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

            Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш- овгийн Ц-ийн Т-, Ш- овгийн Ш-ын Э- нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-, Ш.Э- нарыг 450 /дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 25-ны дотор хэсэгчлэн биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Ц.Т-, Ш.Э- нарт мэдэгдсүгэй.
  4. Ц.Т-, Ш.Э- нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Т-, Ш.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шүүгдэгч Ц.Т-, Ш.Э- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           Б.БАЙГАЛМАА