Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2019/0251

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Модот-Уул ХХК-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэг-Өлзий шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Модот-Уул ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.Цэцэг-Өлзий би дараах хэргийн материалд хавсаргасан нотлох баримтыг үндэслэн тус компанийн нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэгт дурдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлтэй холбогдох шаардлагыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/394 албан бичигт дурдсан эрхийн хүрээнд хүлээн зөвшөөрсөн болно. Үүнд:

1. Тус компанийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн Хүсэлт гаргах тухай албан бичиг/2017/04/,

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн нэмэлт тайлбар,

3. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Шинжээч томилох тухай ХХ2018/029/ дугаартай шийдвэр гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заасан байна.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Модот-Уул ХХК-ийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хариу хүргэх тухай 05/3505 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Модот-Уул ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-11005 тоот тусгай зөвшөөрлийн талбай дахь Модот нэртэй хайлуур жоншны ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга нь итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэг-Өлзийд эвлэрэх эрх олгосон байх ба түүнээс Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хариу хүргэх тухай 05/3505 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Модот уул ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-11005 тоот тусгай зөвшөөрлийн талбай дахь Модот нэртэй хайлуур жоншны ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд харшлаагүй, өөр этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүйн дээр Модот-Уул ХХК-ийн хайгуулын ажлын дүнгээр ашигт малтмалын нөөц бүртгэгдэж болохуйц ач холбогдолтой байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Модот-Уул ХХК-ийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хариу хүргэх тухай 05/3505 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Модот уул ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-11005 тоот тусгай зөвшөөрлийн талбай дахь Модот нэртэй хайлуур жоншны ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэг-Өлзий хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ