Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2024/03170

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2024/03170 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.У-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А, хариуцагч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Д.Ут холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдэд тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ж.А болон хариуцагч Д.У нар 2000 онд гэр бүл болсныг 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.

 

Гэрлэгчдийн дундаас 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүү У.О төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Д.У гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, улмаар таарч тохирохгүй тусдаа амьдарч байгаа, хариуцагчийг тусдаа амьдралтай, эхнэр хүүхэдтэй болсон талаар тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар (хавтаст хэргийн 12 дахь тал)-аар нотлогдсон гэж шүүх үзлээ.

 

Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, тусдаа амьдраад 5 жил болж байгаа, хариуцагч өөр гэр бүлтэй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж Ж.А болон Д.У нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Хүү У.Оыг эх Ж.Аын асрамжид үлдээхээр талууд тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү У.Оыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Уаар сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2. хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй, 26.4. эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасан ба эцэг Д.У нь хүү У.Отой уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Ж.Ад даалгах нь зүйтэй.

 

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ж.А, Д.У нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү У.О эх Ж.Аын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу хүү У.Оыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Уаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Д.У нь хүү У.Отой уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Ж.Ад даалгасугай.

 

6.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

8.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР