Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 86

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Н-т холбогдох эрүүгийн 1704000760030 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Ц.Баясай

 Улсын яллагч                                              Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                П.Н- / өөрийгөө өмгөөлсөн/    нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Б- овогт П-ын Н- /РД: /

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар нь П.Н- нь 2017 оны 7 дугаар сард Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах Орос цэргийн хуучин ангийн орчмоос иргэн Л.Б-ын унагатай гүүг хулгайлан авч, 700.000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч П.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:”... 2017 оны 6 сарын дундуур иргэн Б-ын унагатай хонгор гүү манай адуунд ирж нийлсэн. Тэгээд Б-ыг ирж авахгүй болохоор нь би өөр хүнд зарчихсан юм. Би Б-д адилхан унагатай гүү өгч хохиролыг нь барагдуулсан. Миний хувьд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэх мэдүүлэг,

                             

Хохирогч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би 2016 оны 6 дугаар сарын эхээр Багануур дүүргийн нутаг Баруун байдлаг ам гэх газраас хонгор зүсмийн Бенз машины лого бүхий тамгатай унагатай гүүгээ алдсан юм. Тухайн үед унагатай гүүгээ хайгаад олоогүй. Тэгээд саяхан Багануур дүүргийн 3 дугаар хороо Чулуун карьер гэх газарт байдаг Баясаа гэдэг айлд миний тухайн үед алдсан гүү, унагатайгаа байсан. Тэгээд Баясаагаас яагаад энд байгаа талаар асуухад Мэндбаатар гэдэг хүнээс авсан гээд тодорхой зүйл мэдэхгүй байсан. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Н- гэх залуу миний унагатай гүүг авсан нь тогтоогдсон, би П.Н- гэх залуутай ярилцаж тохиролцоод хохирлоо барагдуулчихсан, одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Ял шийтгэлийн талаар: П.Н- нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх  /хх-ийн 22 дугаар хуудас/

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183 дугаартай “Малын хохирлын үнэлгээ” / хавтаст хэргийн11 дүгээр хуудас /

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар  

                Шүүгдэгч П.Н- нь бусдын малыг хулгайлж бага бус хэмжээний буюу 700000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Л.Б- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Би 2016 оны 6 дугаар сарын эхээр Багануур дүүргийн нутаг Баруун байдлаг ам гэх газраас хонгор зүсмийн Бенз машины лого бүхий тамгатай унагатай гүүгээ алдсан юм. Тухайн үед унагатай гүүгээ хайгаад олоогүй. Тэгээд саяхан Багануур дүүргийн 3 дугаар хороо Чулуун карьер гэх газарт байдаг Баясаа гэдэг айлд  тухайн үед алдсан миний гүү, унагатайгаа байсан. Тэгээд Баясаагаас яагаад энд байгаа талаар асуухад Мэндбаатар гэдэг хүнээс авсан гээд тодорхой зүйл мэдэхгүй байсан. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Н- гэх залуу миний унагатай гүүг авсан нь тогтоогдсон, би П.Н- гэх залуутай ярилцаж тохиролцоод хохирлоо барагдуулчихсан, одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтын шаардлага хангажээ.

      Прокуророос П.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, бусдын малыг хулгайлж, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хохирогчтой  эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Иймд П.Н-т “бусдын малыг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 7 сарын хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар тэнсэн харгалзах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 22 хуудас/

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Б- овогт П-ын Н-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овогт П-ын Н-ыг 7 /долоо/  

сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Б- овогт П-ын Н-т оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялыг 7 сарын хугацаагаар  тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
  3. П.Н-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                  Н.НАРАНТУЯА