| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03224/И |
| Дугаар | 183/ШШ2024/03128 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/03128
2024 оны 7 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/03128 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:А.Э-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А нь хариуцагч А.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч А.А болон хариуцагч А.Э нар 2013 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.
Гэрлэгчдийн дундаас 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр охин Э.Д төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон нь хэрэгт цугларсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгох тухай тэмдэглэл болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.А нь хариуцагч А.Э архи уух болгондоо гар хүрдэг, таарч тохирохгүйн улмаас гэр бүлийн харилцаа дууссан, 8 жил тусдаа амьдарч байгаа талаар тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар (хавтаст хэргийн 15 дахь тал)-аар нотлогдсон гэж шүүх үзлээ.
Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж А.А болон А.Э нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Охин Э.Дыг эх А.Аын асрамжид үлдээхээр талууд тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Э.Дыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Эаар сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж тус тус заасан ба эцэг А.Э нь охин Э.Дтай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх А.Ад даалгах нь зүйтэй.
Шүүхээс хариуцагчид 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасны дагуу хариуцагчид мэдэгдсэн. Шүүх хурлын тов мэдэгдэхээр 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хариуцагчийн*** дугаар руу залгасан боловч холбогдох боломжгүй тул мессэж бичиж илгээсэн. Мөн тухайн өдөр “шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчийн хаягаар хүргүүлсэн боловч 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шуудангийн магадлагаагаар “эзэнгүй” гэсэн хариу ирсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 76 дугаар зүйлийн 76.2-д “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ”, 131 дүгээр зүйлийн 131.3 “Гэрлэгчид хоёр дахь удаагаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийг байхгүйд хянан шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийг эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч А.А нь дундын эд хөрөнгөтөй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар А.А, А.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 02-ний өдөр төрсөн охин Э.Дыг эх А.Аын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу охин Э.Дыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Эаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг А.Эт нь охин Э.Дтай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх А.Ад даалгасугай.
6.Нэхэмжлэгч А.А нь дундын эд хөрөнгөтөй холбоотой шаардлага гаргаагүй, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР