| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03046/И |
| Дугаар | 183/ШШ2024/03125 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/03125
| 2024 оны 7 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2024/03125 | Улаанбаатар хот |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:
Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.М-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 13,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б ББСБ болон Б.М нарын хооронд 2015 оны 07 сарын 21-ны өдөр ** тоот зээлийн гэрээ байгуулан, 13,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 6 хувийн хүүтэй, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *** тоот Зээлийн гэрээ байгуулан, 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 6 хувийн хүүтэй тус тус зээл олгосон. Зээлдэгч Б.М нь зээлээ бүрэн төлөөгүй тул 2019 оны 11 сарын 04-ны өдрийн байдлаар 13,000,000 төгрөгийг 2020 оны 6 сарын 7-нд төлж дуусгахаар тохирсон боловч мөн төлөөгүй. Удахгүй төлнө. Хүнээс мөнгө аваад төлнө гэж тайлбарладаг ч төлдөггүй. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 13,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Мыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Шүүхээс Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтсээс Б.Мыг Хан-Уул дүүргийн *** тоотод амьдран сууж буй тогтоосон тул Энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2024 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар Үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 62 077 808 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,052,603 төгрөг, нийт 84,130,411 төгрөг. Үүнээс 70,330,411 төгрөг хөнгөлж буй тул 13,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.М нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Б.Мад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,800,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар ирүүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 13,800,000 төгрөгийг хариуцагч Б.М нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,950 төгрөгийн 113,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас улсын тэмдэгтийн хураамжинд 113,475 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 113,475 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР