| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04586/И |
| Дугаар | 183/ШШ2024/03096 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/03096
2024 оны 7 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/03096 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.У-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Хг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь худалдах худалдан авах гэрээний дагуу Б.Хгаас Хан-Уул дүүргийн ***тоот 74 мкв 3 өрөө орон сууцыг өөрийн нэр лүү шилжүүлэхийг даалгуулахаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баасанхүүгийн Халиунаа нь хаягтаа оршин суудаггүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Иймд хариуцагч Б.Хг эрэн сурвалжилж өгнө үү.” гэжээ.
Хүсэлт гаргагч нь иргэний үнэмлэхний хуулбар хувь, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.У нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Хг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч О.Уын хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Хг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Х гэрээ байгуулахдаа тэмдэглүүлсэн хаяг буюу иргэний үнэмлэхний хаягтаа байхгүй, бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хорооны засаг даргын тодорхойлолт болон нэхэмжлэлд дурдсан Налайх дүүрэг *** тоот хаягт бүртгэлгүй болох нь Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай захирамжаар тогтоогдож байх тул Б.Хг эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.
Б.Хг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Нэхэмжлэгч нь өөрийн болон өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х-г эрэн сурвалжилсугай.
2. Б.Хг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР