| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04582/И |
| Дугаар | 183/ШШ2024/03094 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/03094
2024 оны 7 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/03094 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Мийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Мтэй 2024 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ байгуулан *** улсын дугаартай хар өнгийн PRIUS 30 маркын авто машиныг 1 хоногийн 90,000 төгрөг байхаар тооцон 3 хоногийн хугацаатайгаар 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл түрээслүүлэхээр гэрээнд 2 талын гарын үсэг зурж тамга хурууны хээгээр баталгаажуулан гэрээг 1 хувь үйлдсэн. Тус өдрөөс хойш сунгалт хийлгэн явсаар 2024 оны 02 дугаар сарын 05-ны 14 цаг 55 минут хүртэл сунгалт хийлгэсэн ба энэ өдрөөс хойш ахин сунгалт хийгээгүй. Байгууллагаас удаа дараа холбогдон хугацаа дууссан болохыг мэдэгдэн төлбөр төлөх, гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч холбоогоо таслан сураггүй болсон ба тэр хугацаандаа компанийн машиныг хувьдаа хэрэглэсээр байсан. Ингэж явсаар 2024 оны 02 дугаар сарын 19-ний 14 цаг 45 минутанд байгуулагын доорх зогсоолд тээврийн хэрэгслийг тавин түлхүүрийг барилгын жижүүрт үлдээн байгуулагад мэдэгдэлгүй автомашиныг өөрийн биеээр хүлээлгэн өгч гарын үсэг зуралгүй эзэнгүй орхин явсан байсан. Иймд түрээсийн гэрээний дагуу хугацаа дууссанаас хойшхи 1 цаг тутамын 20,000 төгрөгийн торгуулиар тооцон, нийт хэтрүүлсэн 264 цагийн торгууль болох 5,280,000 төгрөгийг хариуцагч М.Мээс гаргуулан өгнө үү хэмээн Чингэлтэй дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан болно. Чингэлтэй дүүргийн Иргэний анхан шатны шүүхээс тус хэрэгт холбогдуулан хариуцагч М.Мийг шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2024 оны 03 дугаар сарын 05 ны өдөр хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, магадлагаа баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэл дээр хариуцагчийн ** дугаарын утас залгахад холбогдох боломжгүй гэсэн үндэслэлээр дараах захирамжийг гаргасан байна. Үүнд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар Э ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Мэд холбогдох түрээсийн төлбөрт 5,280,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох шүүхийн шийдвэр гарсан. Иймд хариуцагч М.Мийг эрэн сурвалжуулж оршин суугаа хаягыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ***дугаар тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээний хуулбар хувь, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэлийн хуулбар хувь, иргэний үнэмлэхний лавлагаа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ****дугаар шүүгчийн захирамжийн хуулбар хувь, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э ХХК-ийн нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Мийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Э ХХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Мийг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.М нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 71-797 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ****дугаартай захирамжаар тогтоогдож байх тул М.Мийг эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.
М.Мийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1***дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.М-г эрэн сурвалжилсугай.
2. М.Мийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР