Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 87

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Х-д холбогдох эрүүгийн 1704001060035 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Б.Одгэрэл

 Улсын яллагч                                              Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                 Д.Х- нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ж- овгийн Д-ын Х- /РД:/

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Д.Х- нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны орой Багануур дүүргийн .. дугаар хороо, Залуусын .. дугаар гудамжны .. тоот хашаанд иргэн М.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:”...2017 оны 9 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед М-т самар зарахаар Багануур дүүргийн 3 дугаар хороо, Залуусын 5 дугаар гудамжны 1 тоот хашаанд очсон. Тэгээд самараа жинлэх явцад бид хоёрын дунд жингийн зөрүүнээс болж маргаан үүссэн. Тэгээд М- бид хоёр заамдалцаж байгаад би түүний баруун нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би явчихаад буцаж ирэхэд М-ын баруун нүд хавдаж хөхөрсөн байсан. Би М-т эмчилгээний зардалд 281.600 төгрөг болон гинжний 2 сая төгрөг өгсөн. Би тасалсан хуучин монетон гинжийг нь өөрөө авсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч М.М-ын мэдүүлсэн: “...Д.Х-тэй яриад самар авахаар тохирсон байсан. Тэгээд Д.Х- манай хашаа болох Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын 5 дугаар гудамжны 1 тоот хашаанд самараа авчирсан. Самраа жинлээд үзэхэд 134 килограмм 900 грамм самар байхаар нь би илүү 900 грамм самрыг нь бичээгүй бүхэл 134 килограмм самар гэж бичсэн. Тэгсэн чинь Х- 135 килограмм самар гэж бичсэнгүй гээд над руу уурлаад намайг заамдаж аваад чи муу надаас  ашиг олох гэлээ гээд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод миний баруун нүд рүү гараараа цохиод газар байсан хүрз болон гартаа таарсан зүйлээ над руу шидсэн. Тухайн үед миний хүзүүнд зүүсэн байсан алтан гинж тасарсан байсныг самар буулгаж байсан залуу газраас аваад надад өгөхөөр нь би Х-д чи миний гинжийг тасалсан байна төлж өгөөрэй гэсэн чинь надад өгч байгаа юм уу гээд миний хүзүүний гинжийг авсан. Миний баруун нүд хөхөрч хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 сарын 28-ны өдрийн №09шэ/262 дугаартай дүгнэлтэд: ”М.М-ын биед баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 11/,

Хохирогч М.М-ын “ Би Д.Х-гээс эмчилгээний зардал болох 281.600 төгрөгийг бэлнээр авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” талаарх хүсэлт /хх-н 43

Д.Х- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 22/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 21/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/262 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

            Шүүгдэгч Д.Х- нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо Залуусын 5 дугаар гудамжны 1 тоот хашаанд М.М-тай наймаа хийх явцдаа жингийн зөрүүний асуудлаас болж маргалдаж, улмаар түүний баруун нүд рүү гараараа цохиж, биед нь баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би М-тай заамдалцаж байхдаа баруун нүд рүү нь гараараа цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч М.М-ын “...намайг заамдаж аваад миний баруун нүд рүү гараараа цохьсон” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 9 сарын 28-ны өдрийн 09 шэ/262 тоот актын “М.М-ын биед баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 11/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо бизнес хийх явцдаа үл ойлголцож, хэрүүл маргаан үүсч, улмаар шүүгдэгч Д.Х- нь хохирогчид хүч хэрэглэж, түүнийг цохьсон үйлдлээс болж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Д.Х- нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, санаатай хандсан байна.

 

      Прокуророос Д.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой  эвлэрсэн гэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна гэж үзэв.

 

Иймд Д.Х-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хорих ял оногдуулахаар заагаагүй” байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 22/

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл  учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал болох 281.600 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж- овгийн Д-ын Х-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж- овгийн Д-ын Х-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 10-ны дотор хэсэгчлэн биелүүлэхийг Д.Х-д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Д.Х-д мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Д.Х- нь хохирогч М.М-ын эмчилгээний зардалд 281.600 төгрөг төлснийг, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Д.Х-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАЙГАЛМАА