Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2019/0248

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, шийтгэлийн

хуудсыг хүчингүйд тооцож, зөрчил хянан шийдвэрлэх

ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Уртнасангийн дүгнэлттэй, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн Улсын байцаагч Ц.Сарантуяад холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Уртнасан шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Улаанбаатар хот дахь гаалийн газрын харъяа АБТЭМА ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 02-2091008-18IO1567R дугаартай мэдүүлгээр иргэн Д.Бат-Эрдэнийн нэр дээр Япон улсаас импортлосон Toyota Pruis маркийн авто машиныг УБ Транс ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.Март гаалийн байгууллагад мэдүүлэхдээ суудлын авто машиныг ачааны авто машин мэтээр мэдүүлсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно заасан зөрчил гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Улаанбаатар хот дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Сарантуяагийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн С.Мартад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулсан 0242977 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.Мартад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт заасан 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөвтгүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Сарантуяа шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...би 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад УБ-транс ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.Март нь SNBU825871-0 тоот чингэлэгтэй Toyota Prius маркийн суудлын автомашиныг гаальд мэдүүлэхдээ ачааны автомашин гэж мэдүүлсэн зөрчлийг илрүүлж, холбогдогч С.Мартыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Уртнасан хянаад УБ-транс ХХК-ийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.Мартад Зөрчлийн тухай хуулийн 12.21 дүгээр зүйлийн 14 дэхь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөвтгүүлэхээр прокурорын дүгнэлт гаргасныг эрх бүхий албан тушаалтан Ц.Сарантуяа би хүлээн зөвшөөрч байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын дүгнэлтээр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн Улсын байцаагч Ц.Сарантуяад холбогдуулан ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Улаанбаатар хот дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Сарантуяагийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн С.Мартад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулсан 0242977 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.Мартад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт заасан 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөвтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Иймд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн Улсын байцаагч Ц.Сарантуяа нь Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр ирүүлсэн тул Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Уртнасангийн ...Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Сарантуяагийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн С.Мартад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулсан 0242977 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.Мартад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт заасан 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөвтгүүлэх прокурорын дүгнэлт-ийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн Улсын байцаагч Ц.Сарантуяагийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0242977 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн Прокурорын газрын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН