| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04458/И |
| Дугаар | 183/ШШ2024/03070 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/03070
2024 оны 7 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2024/03070 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Ү-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Н-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Ү нь хариуцагч Н.Мт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч П.Ү болон хариуцагч Н.М нар 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.
Гэрлэгчдийн дундаас 2005 оны өдөр охин М.Уянга-Эрдэнэ, 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин М.Ц нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон нь хэрэгт цугларсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч П.Ү нь хариуцагч Н.Мтэй зан харилцаа, ажлын онцлог, бие биеэ үл ойлголцох байдлаас болж таарч тохирохгүй, 12 жил тусдаа амьдарч байгаа, сүүлийн хэдэн жил холбоогүй байсан талаар тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар (хавтаст хэргийн 17 дахь тал) болон 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Н.Мээс Н.Мд олгосон итгэмжлэл (хавтаст хэргийн 10 дахь тал)-ээр олгосон “…нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” бүрэн эрхээр нотлогдсон гэж шүүх үзлээ.
Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж П.Ү болон Н.М нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Охин М.Цийг эх П.Үгийн асрамжид үлдээхээр талууд тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж тус тус заасан ба эцэг Н.М нь охин Н.У, Н.Ц нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх П.Үд даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэгч П.Ү нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар П.Ү, Н.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин М.Цийг эх П.Үгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Н.М нь охин Н.У, Н.Ц нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх П.Үд даалгасугай.
5.Нэхэмжлэгч П.Ү нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР