| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03141/И |
| Дугаар | 183/ШШ2024/03041 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2024/03041
| 2024 оны 7 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2024/03041 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.П-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Б-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч М.Бод холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Б.П би 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн М.Бтой хамтран ажиллах гэрээ аман гэрээ байгуулан Сэлх дахь 8 хаус барих ажлын өрлөг, дээврийн хучилт, цутгалт, модон дээврийн хучилт зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 10 хүртэл ажиллаад барилгын ажил зогссон бөгөөд ажлын хөлс гэж 16,500,000 төгрөг авъя гэтэл надад ниссан маркийн машиныг надад өгсөн. Тэгээд машинаа шилжүүлж өгөөч гэтэл намайг наад машинаа 6,000,000 төгрөгийн барьцаанд тавьчих, тэгээд тэр 6,000,000 төгрөгийг машины эзэнд өгөөд чам руу шилжүүлнэ гэсэн. Би тэр машиныг нь 6,000,000 төгрөгт банк бусад тавьж машины эзэнд шилжүүлж, машинаа унаж байтал машины эзэн надад машинаа өгөлгүй бүр цагдаа дагуулж ирээд машинаа аваад явсан. Ингээд би ажлын хөлс байхгүй дээрээс нь банк бус санхүүгийн байгууллагад 8,500,000 төгрөгийн өртэй болсон. Иймээс М.Боос миний ажлын хөлс 16,500,000 төгрөг, банк бус байгууллагад тавьсан өр 8,500,000 төгрөг нийт 25,000,000 төгрөг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч М.Б нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: “Миний бие М.Б нь Б.Птэй 2023 оны 6 дугаар сарын дундуур хамтран ажиллахаар Сэлх дэх 8 хаусны баригдчихсан байсан ажлыг үргэлжлүүлэн хийхээр тохирч эхлүүлэн 2023 оны 10 дугаар cap хүртэл ажилласан юм. Энэ 4 сарын хугацаанд бид ажилчдаа авч ирж ажлаа эхлүүлэн ажиллаж байсан бөгөөд Б.П нь ажиллах явцад хүмүүсийг хариуцаж хараад, бараа, материалаа захиалаад байж байх үүрэгтэй байсан боловч ихэнх тохиолдолд өөрөө ч байхгүй, ажилдаа ирэхгүй, бараа, материал захиалах ажлаа юу ч хийхгүй байсанд захиалагч тал удаа дараа гомдол гаргаж байсан болохоор би Б.Пг хийсэн ажлынхаа тайланг гаргаад ир гэсэн боловч юу ч гаргаж өгөөгүй 9 дүгээр сарын сүүлээр өөрөө алга болчихсон. Хайгаад сураг тавиад асуухад Багануурт өөр ажил хийгээд яваад өгсөн байсан. Би ажилчдын цалин тавь гээд хийсэн ажлынх нь гүйцэтгэлээр мөнгийг нь Б.Пд байнга цаг тухайд нь өгч байсан. Би энэ хүнд ямар ч ажлын хөлс өгөх өр байхгүй. Миний бие Б.Пг уг ажлаа 100 хувь дуусгаад хүлээлгэж өгсөн тохиолдолд шагнал урамшуулал болгон машины төлбөрийг хийж өгөх бодолтой байсан. Уг машиныг зарах гэж байсан хүнтэй би уулзуулж өөрөө уг машиныг тэр хүнээс авахаар тохиролцож гэрээ хийж банк бусаар 6,000,000 төгрөгийн зээл гаргуулан уг хүндээ өгч тохиролцон авч саяхныг хүртэл унаад явж байсан.
Иймд хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, фото зураг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн **** дүгээр шүүгчийн захирамж, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн татвар төлсөн баримтын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн *** дүгээр шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ.
Хариуцагчаас хариу тайлбар, фейсбүүк чатаар харилцсан зурвасны фото зураг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар хувь, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар шүүгчийн захирамжийн хуулбар хувь зэргийг ирүүлжээ.
Шүүхээс Л ХХК-иас нэхэмжлэгч Б.Птэй байгуулсан зээлийн гэрээ, хөрөнгө барьцаалах гэрээ болон зээлийн үлдэгдэл төлбөрийн талаарх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б.Бын нэхэмжлэлтэй М.Бад холбогдох иргэний хэрэг үүсгэсэн эсэх лавлагааг гаргуулсан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч М.Бод холбогдуулан ажлын хөлс 16,500,000 төгрөг, банк бус байгууллагад тавьсан өр 8,500,000 төгрөг нийт 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Б.П миний итгэлийг алдаж хийсэн ажлаа гүйцэтгэж чадаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзаж байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон.
1. Ажлын хөлс 16,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч М.Б харилцан тохиролцож, аман хэлцэл байгуулан Сүхбаатар дүүргийн ** хаус барих ажлын өрлөг, дээврийн хучилт, цутгалт, модон дээврийн хучилт хийж дуусгах ажлыг хамтран гүйцэтгэхээр, М.Б нь ажлын хөлс төлбөр Б.Пд төлөхөөр тохирсон байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч талын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Би Б.Б гэдэг инженер дээр очоод Б.Б цаашаа Н.Б, н.Т нартай харилцаж ажиллуулсан. Намайг ажиллуулсан хүн бол Б.Б” гэх тайлбар, Хариуцагч талын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Хувийн хаус барьж байсан” гэх тайлбар, зохигчдын бусад тайлбаруудаас үзэхэд нь тодорхой хугацаанд ажилласан ажлын хөлс төлбөрөө нэхэмжлэгч нь шаардаж, хариуцагч нь ажлын гүйцэтгэл, үр дүнг нэхэмжлэгчээс шаардсан, зохигчид аман гэрээ байгуулсан тухайд маргаагүй зэргээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 343.2. “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан.
Нэхэмжлэгч нь өөрийгөө 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан, хариуцагч нь нэхэмжлэгчийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарыг дуустал ажилласан гэж цаг хугацааны хувьд зөрүүтэй тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэж байсан тухайд маргадаггүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг үр дүнгүй ажилласан, ажлаа хийгээгүй гэж маргадаг.
Нэхэмжлэгч нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн талаар, гүйцэтгэсэн ажлын хөлс 16,500,000 төгрөг болсон талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлоогүй, хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж чадаагүй байна.
2. Банк бус байгуулагад тавьсан өр 8,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь “Хариуцагч надад цалингийн оронд машин өгсөн. Ажлын хөлсөнд шилжүүлсэн машиныг 6,000,000 төгрөгт банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд тавьж, 6,000,000 төгрөгийг машины эзэнд өгсөн. Үлдэгдэл мөнгийг М.Б өгөх байсан боловч өгөөгүй тул машины эзэн машинаа буцаагаад авсан. Ингээд би ажлын хөлс байхгүй, дээрээс нь Л ХХК-д 8,500,000 төгрөгийн зээлийн өртэй болсон” гэж тайлбарлаж, харин хариуцагч нь “2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б.П, машины эзэн н.Түмэндэмбэрэл хоёрыг хооронд нь уулзуулж өгсөн. Машинаа зарна гэж байсан учир наадмын дараа гүйцэтгэл ороод ирнэ тэр болтол машинаа Б.Пд өгчих гэсэн. Би үлдэгдлийг нь өгч чадаагүй. Б.П ажлыг 100 хувь дуусгаад хүлээлгэж өгсөн тохиолдолд шагнал урамшуулал болгож машины төлбөрийг төлж өгье гэж бодож байсан.Тэгэхэд Б.Пгийн ажил нь урагшлаагүй, нэхэмжлэгч ажлаа бүрэн гүйцэтгэж, дуусгаж чадаагүй” гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1. “Ямар нэг болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор тохиролцож болно”, 279.4. “Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зориулалтай хийсэн бэлэглэлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заажээ.
Зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хоорондын тохиролцоо нь Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д заасан Тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээний шинжийг агуулж байх боловч бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангаагүй, хэлцэл хийгдээгүй байх тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсээгүй байна.
Иймд машин үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй тул мөн адил үндэслэлээр Л ХХК-д төлөх зээлийн өр 8,500,000 төгрөгийг төлөх үүрэг хариуцагчид үүсээгүй гэж шүүх үзсэн болно.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь баримтаар нотлон, холбогдох этгээдээс хохирлоо гаргуулан авахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчид 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааны товыг дамжуулан тус хүлээн авсан байх боловч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч М.Боос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасныг баримтлан хариуцагч М.Боос банк бус байгуулагад тавьсан өр 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Нэхэмжлэгч нь баримтаар нотлох, холбогдох этгээдээс хохирлоо гаргуулан авахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР