Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ0/36

 

*******өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор *******өд холбогдох эрүүгийн 2114000220332 дугаар хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, .... Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 26 хоногийн хорих ялыг өршөөн хасаж, суллагдаж байсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаа биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлж байсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /*******/,

Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 4-8-841 тоотоос иргэн *******ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд нэвтэрч тал үхрийн мах 57 кг, гагнуурын аппарат, тасдагч, дрилл, тавлагч буюу хадагч төмөр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******т 225.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт 7 дугаар хэсэг 6-53 тоот хашаанаас хохирогч *******ы хашаанаас гагнуурын аппарат, цахилгаан хөрөө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 3 жил 10 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******өөс нийт 240,000 төгрөг гаргуулж, хохирогч *******д 240,000 төгрөгийг олгож, Шүүгдэгч ******* нь хохирогч *******т төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие ******* нь 1986 оны 8 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-6-13 төрсөн. Ам бүл 2, эрэгтэй, нас 36, мэргэжил, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Миний бие нь амьдрахын тулд ажил хийхээр Дархан-Уул аймагт очиж, хувиараа ажил хийж байгаад тохирсон ажлынхаа хөлсийг авах гэсэн боловч мөнгөний боломжгүй байна гэхээр нь нутаг буцах гээд хэрэглэж байсан багаж болон хөрөө гагнуурын аппаратыг зарж зардал хийгээд явсан минь үнэн. Миний бие нь ******* гэх хүнтэй гэрээ хийгээгүй, юмыг нь хийж өгсөн болохоор байшингаа бариулсан мөнгөө өгөөгүй байж намайг багаж хулгайлсан гэж цагдаад хэрэг үүсгүүлж, шалгуулсан болохоор хэцүү байна. энэ хэргээс болж 17.1-2.1-ээр 3 жил 10 сар 2 хоногоор шийтгүүлсэн болно. ******* овогтой ******* миний бие нь дүү Дуламсүрэнгийн хамт амьдардаг. Би хүний зөвшөөрөлгүй хүний багаж хэрэгслийг зарж үрэгдүүлсэн нь миний буруу. Ийм хэрэг хийсэндээ үнэхээр их харамсаж байна, бас үнэхээр их гэмшиж байна. Иймд та бүхэн намайг болон миний дүүг бодоод миний амьдрал, ар гэрийн байдлыг харгалзан үзээд миний авсан ял шийтгэлээс багасгаж өгнө үү гэж та бүхнээс хүсэж байна. Би ахиж ийм хэрэгт холбогдож та бүхний итгэлийг алдахгүй гэж хэлмээр байна. Миний бие нь ажил хийж амьдралын төлөө явах болно гэж дахин дахин хэлмээр байна. Хүч хөдөлмөрөөрөө ажил хийж дүүгээ харж хандаж амьдралын төлөө явж чадна гэдгээ хэлмээр байна. Иймд та бүхнээс намайг бодоод надад ганц боломж олгооч гэж хүсмээр байна. Миний авсан ялаас бага ч болов хасаж өгөөч гэж хүсэж байна. Би хийсэн хэрэгтээ үнэхээр харамсаж гэмшиж байна. Би ахиж буруу зүйл хийхгүй ээ үнэн шударгаар ажил хийж дүүд минь тусалж дэмжиж харж хандаж явдаг ганц хүн нь би болохоор дүүтэйгээ хамт сайхан амьдрах болно гэж хэлмээр байна гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч *******ийн ар гэр ахуй амьдралыг нь харгалзан хорих ялыг багасгаж өөрчлөлт оруулна уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахдаа тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлахад:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 4-8-841 тоотоос иргэн *******ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд нэвтэрч тал үхрийн мах 57 кг, гагнуурын аппарат, тасдагч, дрилл, тавлагч буюу хадагч төмөр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******т 225.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт 7 дугаар хэсэг 6-53 тоот хашаанаас хохирогч *******ы хашаанаас гагнуурын аппарат, цахилгаан хөрөө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүх шүүгдэгч *******өд Эрүүгийн хариуцлага хүлээлгэн тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулж өмнө нь шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хуульд нийцүүлэн хэргийг шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 Гэмт хэргийн дээрх үйл баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 24-29, 2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар талд тус тус авагдсан “... 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 9 цагийн үед гэртээ байж байгаад гэрээс гараад гадаа байрладаг амбаараас сүү авах гээд ортол амбаарт байсан гагнуурын аппарат, модны цахилгаан хөрөө 2 алга болчихсон байсан... ******* байшин барьж байсан юм... гэх хохирогч *******ы,

 “... Би ... 2020 оны 12-р сарын 30-ны өдөр мэдээд .... .тус айлд очиход манай гэрээс алдагдсан байсан тастагч, дрилл, гагнуурын аппарат таслагч байсан....тэр зүйлсээ хүлээн авсан ...******* манай гэрийн түлхүүрийг хаана нуудгийг мэддэг тул онгойлгоод орсон байсан. Би түлхүүрээ байшингийнхаа гадаа байдаг жижиг машины суудал дээр тавьчихдаг байсан ... гэх хохирогч *******ийн мэдүүлгүүд нь

1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр талд авагдсан “...хохирогч *******ы эзэмшлийн ногоон өнгийн аппарат 220,000 төгрөг, ногоон өнгийн цахилгаан хөрөө 120,000 төгрөг, нийт 340,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн / дугааргүй/ дүгнэлт

2 дугаар хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан “...... хохирогч *******ийн хулгайд алдагдсан эд зүйлийн нийт үнэлгээ 225 000 төгрөг ... гэх

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар дүгнэлт

1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр талд авагдсан “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хулгайлсан зүйлээ буцаагаад өгсөн. Би Төмөрчөдөрийг таньдаг...” гэх шүүгдэгч *******ийн гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ гэр болон амбаарт нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж хүндрүүлэн үзэж Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Мөн шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасны дагуу 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй 5 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэхдээ 2021 оны өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй буюу түүнийг 2009, 2015 оны өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хорих ялаас чөлөөлж байсан нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2021 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар өршөөлд хамруулахгүй, хохирогч *******д учруулсан хохирлын 240 000 төгрөгийг төлөөгүй зэрэг хэргийн нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

шүүгдэгч *******ийн “... Миний бие нь амьдрахын тулд ажил хийхээр Дархан-Уул аймагт очиж, хувиараа ажил хийж байгаад тохирсон ажлынхаа хөлсийг авах гэсэн боловч мөнгөний боломжгүй байна гэхээр нь нутаг буцах гээд хэрэглэж байсан багаж болон хөрөө гагнуурын аппаратыг зарж зардал хийгээд явсан минь үнэн.

 Миний бие нь ******* гэх хүнтэй гэрээ хийгээгүй, юмыг нь хийж өгсөн болохоор байшингаа бариулсан мөнгөө өгөөгүй байж намайг багаж хулгайлсан гэж цагдаад хэрэг үүсгүүлж, шалгуулсан болохоор хэцүү байна. энэ хэргээс болж 17.1-2.1-ээр 3 жил 10 сар 2 хоногоор шийтгүүлсэн болно. Миний авсан ялаас бага ч болов хасаж өгөөч .... Би хийсэн хэрэгтээ үнэхээр харамсаж гэмшиж байна. Би ахиж буруу зүйл хийхгүй ээ үнэн шударгаар ажил хийж дүүд минь тусалж дэмжиж харж хандаж явдаг ганц хүн нь би болохоор дүүтэйгээ хамт сайхан амьдрах болно гэж хэлмээр байна” гэх гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцохдоо тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилээс дээш гэж заасны дагуу хорих ялыг 2 жил 5 сарын хугацаагаар тогтоох нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн тогтож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 -т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай гэж,

4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 3 жил 10 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 2 жил 10 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 88 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

 Т.ЖАРГАЛСАЙХАН