Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 88

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Б-т холбогдох эрүүгийн 1704000000046 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Б.Одгэрэл

 Улсын яллагч                                              Х.Эрдэнэтуяа

 Шүүгдэгч                                                М.Б- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б- овгийн М-ын Б- /РД:НП/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар М.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага Гүний 3 дугаар гудамжны 3 тоотод байх Б.Б-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Э-тай “танай дүү хүн чанаргүй, намайг орхиод явсан” гэх зэргээр маргалдаж улмаар түүнтэй зодолдож цээж рүү нь өшиглөж, зүүн талын 8-9 дүгээр хавиргыг хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч М.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сарын 26-ны орой Б-ын гэрт хүүхдийн үсний найранд ирээд тэдний гэрт хоносон. Маргааш нь би Б-а, Э- нартай 1 шил архи хувааж уусан. Ноднин жил хөдөө миний машин эвдрээд Э-ын хоёр дүү машиныг минь чирч явж байгаад хээр орхиод явсан юм. Би энэ асуудлын талаар ярьж байгаад Э-тай маргалдсан. Эхлээд Э- намайг гараараа цохьсон бөгөөд би газар унаад босч ирэхдээ түүний цээж рүү бакалтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Бид хоёрыг зодолдох үед хажууд хүн байгаагүй, манай эхнэр сүүлд гаднаас орж ирсэн. Би тухайн үед нилээн согтуу байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-ын мэдүүлсэн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага Гүний 3 дугаар гудамжны 3 тоот Б.Б-а гэх айлд Б-а, Б- хоёртой 2 шил архи хувааж ууж байгаад орой 22 цагийн үед архиа уугаад сууж байсан чинь Б- надад хандан “танай дүү Эрдэнэдаваа хүн чанаргүй, хөдөө суучихаад байхад хаяад явчихсан” гээд над руу дайраад бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд Б- намайг гараад ир гээд дайраад байхаар нь би гэрээс гарсан тэгтэл намайг барьж аваад миний цамцыг ураад дэгээдэж зүүн талаар арагш газар унагаагаад, зүүн талын хавирга руу өшиглөсөн, тэр үед миний ухаан балартаж ухаан алдсан. Б-ынхаас гараад гэртээ харих гэж явж байхад миний бие өвдөөд байхаар нь эмнэлгийн хүлээн авах дээр очоод үзүүлтэл миний 2 хавирга хугарчихсан, дээд уруул хавдаад дотор тал нь язарчихсан байсан. Б- миний хаана хэдэн удаа цохисныг сайн санахгүй байна, өөр хүн надад гарч хүрч цохиж зодсон зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 8/,

Мөрдөн байцаалтад гэрч А.Хонгорзулын мэдүүлсэн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага Гүний 3 дугаар гудамжны 3 тоот Б.Б-а гэх айлд очсон чинь манай нөхөр Б-, Б-а нар архи уучихсан согтуу байцгааж байсан. Намайг гэрт ороход Б-, Э- ах хоёр муудалцсан байсан бөгөөд юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна. Э- ах Б-ын хамар луу цохиод цус гарчихсан байхаар нь би “та яаж байгаа юм бэ?” гэсэн чинь тэр хоёр зууралдаад ноцолдож эхэлсэн. Би салгах гэсэн чинь салахгүй ноцолдоод байсан. ...Б- босч ирээд Э- ахын нүүр лүү нь цохиж, цээж рүү нь бакалтай гутлаараа нэг удаа өшиглөсөн. Дахиад хоорондоо зууралдаад байхаар нь би салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №09шэ/294 дугаартай дүгнэлтэд: ”Б.Э-ын биед зүүн талын 8-9 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, цээжний зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 12/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №09шэ/295 дугаартай дүгнэлтэд: ”Б.Б-ын биед духны зүүн гадна хэсэгт зулгаралт, доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 16/,

Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудсууд /хх-н 2,3/,

Хохирогчийн биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4/,

Шүүгдэгч, хохирогч нарын “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн эвлэрлийн гэрээ /хх-н 28/,

Хохирогч Б.Э-, шүүгдэгч М.Б- нарын гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаарх мэдээллүүд /хх-ийн 29-37/,

Хохирогч Б.Э-ын ““нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаархи хүсэлт” /хх-ийн 59/,

Шүүгдэгч М.Б- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 27/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/294, 09шэ/295 дугаартай дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

            Шүүгдэгч М.Б- нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага Гүний 3 дугаар гудамжны 3 тоотод буюу Б-ын гэрт иргэн Б.Э-тай түүний дүү нарын талаар ярьж, хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний цээж рүү нэг удаа өшиглөж   биед нь зүүн талын 8-9 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, цээжний зүүн доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би унаад босч ирээд түүний цээж рүү нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-ын “...зүүн талаар арагш газар унагаагаад, миний зүүн талын хавирга руу өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 5-5, 8/, гэрч А.Хонгорзулын “Б- босч ирээд Э- ахын цээж рүү бакалтай гутлаараа нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09 шэ/294 тоот актын “Б.Э-ын биед зүүн талын 8-9 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, цээжний зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 12/, хохирогчийн биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургын үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурсан үедээ хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч М.Б- нь хохирогчид хүч хэрэглэж, түүний цээж рүү  өшиглөсөн үйлдлээс улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч М.Б- нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, санаатай хандсан байх бөгөөд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

      Прокуророос М.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна гэж үзэв.

Иймд М.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хорих ял оногдуулахаар заагаагүй” байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 41/

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл  учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй байна. /хх-н 28, 59/

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б- овгийн М-ын Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн М-ын Б-ыг 450/ дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 2 дугаар сарын 10-ны дотор хэсэгчлэн биелүүлэхийг ялтан М.Б-т мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан М.Б-т мэдэгдсүгэй.
  5. Хохирогч Б.Э- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. М.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАЙГАЛМАА