Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 89

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Б-эд холбогдох эрүүгийн 1704001190048 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Б.Одгэрэл

 Улсын яллагч                                              Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                Ц.Б- нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, түр оршин суух, урьд 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, 2012 оны 5 сарын 10-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгүүлж байсан, Б- овгийн Ц-ын Б- /РД:УЧ/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Ц.Б- нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 15-ны орой Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын 11 дүгээр гудамжны 3 тоотод буюу өөрийн гэртээ эхнэр Э.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би самарт яваад ирсэн чинь манай эхнэр Хятад явж цайны газарт ажиллана гээд бид хоёрын дунд зөрчилдөөн үүссэн байсан. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би хоёр найзтайгаа 3 шил архи хувааж уугаад байж байхад эхнэр гаднаас орж ирээд “гэртээ архи ууж, тамхи татлаа” гээд уурлахаар нь бид нар гараад явцгаасан. Тэгээд би буцаж орж ирээд эхнэрээсээ архины мөнгө авч гараад гадуур явж байгаад 23 цагийн үед гэртээ ирсэн. Манай эхнэр гэрийхэнд чинь хэлнэ гээд утас авахад нь гарыг нь мушгисан. Тухайн үед их согтсон байсан учраас зарим үйлдлээ санахгүй байгаа. Би эхнэрээсээ уучлалт гуйж эвлэрээд одоо хамт амьдарч байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм алдаа гаргаж гэр бүлээ зовоохгүй, хичээж амьдарна...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.А-гийн мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сарын 15-ны орой Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 11 дүгээр бранк байрны 3 тоот гэртээ ирэхэд нөхөр Б- нь найзтайгаа архи уучихсан байж байхаар нь би уурлаад гэртээ архи уулаа, тамхи татлаа гэсэн чинь найз нь яваад өгсөн. Тэгтэл манай нөхөр би архи уумаар байна гэж уурлаад гэртээ байж чадахгүй, гарах гээд байхаар нь би архиа уу гээд 20.000 төгрөг өгөөд гаргасан. Тэгээд удалгүй надад архи уух газар байхгүй байна гээд гэртээ ирээд чанга чанга дуугараад, агсам тавиад, унтаж байсан хүүхэд маань цочиж сэрээд уйлагнаад байхаар нь би цагдаа дуудна гээд утсаа аваад байж байсан чинь миний гарыг бариад мушгиад байсан. Тэгэхээр нь би гар өвдөөд байна, уучлаарай гэсэн чинь миний гарыг тавихгүй, улам их мушгиж байгаад миний гарыг хугалчихсан, толгойны баруун тал руу хэд хэдэн удаа цохьсон өөр гэмтэл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6/,

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13267 дугаартай дүгнэлтэд: “Э.А-гийн биед зүүн атгаалын хөндлөн зөрөөтэй далд хугарал, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэвтэр гэмтэл байна. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн атгаалын хөндлөн зөрөөтэй далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” шинжээч эмч Б.У- гэжээ. /хх-ийн 9/,

 

Шүүгдэгч Ц.Б-ийн гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаарх мэдээллүүд /хх-ийн 23-25/,

 

Шүүгдэгч Ц.Б-ийн согтуурлыг багажаар шалгасан болон гэрэл зургийн үзүүлэлтээр “Ц.Б- нь 1.42 хувийн согтолттой” гэжээ, /хх-ийн 27/,

 

Хохирогч Э.А-гийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаархи хүсэлт” /хх-ийн 32, 52/,

 

Ц.Б- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 21/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 20/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 13267 дугаартай дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

            Шүүгдэгч Ц.Б- нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед Багануур дүүргийн өөрийн гэртээ хамтран амьдрагч Э.А-г “цагдаа дуудлаа” гэхэд нь дургүйцэн, гарт байсан утсыг нь авах зорилгоор түүний толгой руу цохих, гарыг нь мушгих зэргээр зодож, биед нь зүүн атгаалын хөндлөн зөрөөтэй далд хугарал, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “эхнэртэйгээ маргалдаад гарыг нь мушгиж хугалсандаа гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Э.А-гийн “миний гарыг тавихгүй, улам их мушгиж байгаад миний гарыг хугалчихсан, толгойны баруун тал руу хэд хэдэн удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 4-6/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13267 тоот актын “Э.А-гийн биед зүүн атгаалын хөндлөн зөрөөтэй далд хугарал, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн атгаалын хөндлөн зөрөөтэй далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 9/, согтуурлыг багажаар шалгасан баримт болон гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч Э.А-тай  маргалдаж улмаар хохирогчид хүч хэрэглэж, түүний гарыг мушгисан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд тус гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд гарсан байна. Нөгөө талаас шүүгдэгч нь гэртээ бусадтай архидан согтуурч, архийг хэтрүүлэн хэрэглэсэн нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

 

      Прокуророос Ц.Б-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна гэж үзэв.

 

Иймд Ц.Б-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хорих ял оногдуулахаар заагаагүй” байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд тэрээр урьд 2 удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 21/

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй байна. /хх-н 51/

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.  

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б- овгийн Ц-ын Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн Ц-ын Б-ийг 450 / дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 10-ны дотор хэсэгчлэн биелүүлэхийг ялтан Ц.Б-эд мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Ц.Б-эд мэдэгдсүгэй.
  5. Хохирогч Э.А- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Ц.Б-эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАЙГАЛМАА