Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2018/0135/З |
Дугаар | 128/ШШ2019/0920 |
Огноо | 2019-12-19 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2019/0920
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: У ХХК, нийслэлийн Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, ** тоот, /РД:***/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э
Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, У.А, хариуцагч О.Б, Ц.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч У ХХК-ийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Богины ам нэртэй газарт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаал, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 797 тоот дугаартай гэрчилгээний үндсэн дээр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болно.
Манай компани нь 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 797 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-г Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай 5 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний хугацааг
2014 онд сунгуулах талаар хүсэлтээ гаргахад Хан-Уул дүүргийн Засаг дарга газар ашиглах тухай гэрээг баталгаажуулаагүйн улмаас 2014-2016 он хүртэл гэрээ байгуулагдаагүй байсан. Үүний дараа Байгаль орчны сайдын 2008 оны 283 дугаар тушаал болон газар ашиглах 797 дугаар гэрчилгээний дагуу 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 180 дугаар бүхий 9.3 га талбайг ашиглах гэрээг нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай байгуулж, уг гэрээнд 9.3 га талбайг ашигласны төлбөр нэг жилд 122,760,000 төгрөг болохыг тогтоож өгсөн.
Тус компани нь орчин үеийн эрүүл ахуйн болон аялал жуулчлалын шаардлагыг бүрэн хангасан жуулчны бааз, аюулгүй цана, чарга бүхий өвлийн амралт зугаалгын төвийг ашиглалтанд оруулан 2004 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд иргэн, хуулийн этгээдүүдтэй газрын давхцал болон өөр бусад байдлаар маргаан үүссэний улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоор ирсэн. Энэ хугацаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний дагуу газрын төлбөрөө бүрэн төлсөөр ирсэн.
Гэтэл Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нар нь 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 230000200 дугаар дүгнэлт гаргаж, манай компанийг их хэмжээний газрын төлбөрийг дутуу ногдуулж, төлбөр төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй тул нийт 1,226,158,500.00 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүрдэлт хийлгэхээр хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн. Манай компани нь энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын Газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан. Гомдлыг 2017 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн хурлаар шийдвэрлэсэн гэх боловч өнөөдрийг хүртэл шийдвэр нь бичгээр гараагүй. Ийнхүү татварын улсын байцаагчийн дүгнэлтийн талаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж дуусаагүй байтал хариуцагч нар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хялбаршуулсан журмаар зөрчил хянан шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж, 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдөр ****** дугаартай шийтгэлийн хуудсаар У ХХК-ийн захирал Р.Б шийтгэл ногдуулсан.
Шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсэгт ...Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл ..., 6 дугаар зүйлийн 6.3. ..., 7 дугаар зүйлийн 7.6 ..., Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тоот тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний 03 тоот тогтоол, 2009 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 797 тоот улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2008/797 тоот улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2016/180 /7700/77 улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээнд заасан заалтуудыг зөрчсөн нь ... тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, Хан-Уул дүүргийн газрын албанаас ирүүлсэн газрын төлбөрийн ногдол болон төлбөр төлсөн анхан шатны баримт, банкны харилцах дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэжээ. Улмаар Шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ НЬ хэсгийн 1-д "... 2012 онд 211,200,000.00 төгрөг, 2013 онд 211,200,000.00 төгрөг, 2014 онд 230,000,000.00 төгрөг, 2015 онд төгрөг, 2016 онд 279,114,000.00 төгрөг нийт 1,226,158,500.00 төгрөгийн газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчилд ногдуулсан төгрөгийн нөхөн төлүүлэх газрын төлбөрийн 30 хувьтай тэнцэх 367,847,550.00 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсугай. гэж заажээ. Хариуцагч нарын үйлдсэн ****** дугаартай Шийтгэлийн хуудас нь хууль тогтоомж хийгээд бодит байдалд нийцээгүй бөгөөд дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. Хариуцагч нарын үндэслэл болгосон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаартай Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай тогтоолын үйлчлэлийг шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар 2012 онд түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл Н ХХК Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүулэх... шаардлага бүхий нэхэмжлэлийг 2012 онд Захиргааны хэргийн шүүхэд гарган хянан шийдвэрлүүлж байжээ. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэрээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаартай Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дугээр сарын 12- ний өдрийн 269 дүгээр магадлалаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16 -ны өдрийн 5/39 дугаартай Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай тогтоолыг нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн. Магадлал хүчин төгөлдөр байгаа бөгөөд магадлал гарснаас хойш нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн асуудлаар дахин шинэ акт гараагүй байдаг. Үүний учир хариуцагч нар үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн захиргааны актыг зөрчсөн хэмээн нэхэмжлэгчийг буруутган шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.
Хоёр. Хариуцагч нар Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний 03 тоот тогтоолд заасан хувь хэмжээгээр газрын төлбөрийг нэмэгдүүлэн төлөх ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь энэхүү тогтоол гарахаас өмнө Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-г манай компани Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан байдаг. Тогтоол гарсны дараа Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-нд заасан газрын төлбөрийн хэмжээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй тул манай компани Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-нд заасан хувь хэмжээгээр газрын төлбөр төлж байгаа нь газрын төлбөрөөс зайлсхийсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь талуудын харилцан тохиролцож үйлдсэн, эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсан гэрээнд газар ашиглагчийн ашиглаж буй газрын төлбөрийн хэмжээг тухайлан дурьдаж баталгаажуулсан байдаг. Тухайлбал 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 797 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-ний 6 дугаар зүйлд Газрын төлбөрийн хэмжээ а/нэгжийн төлбөр 88 төгрөг, 61 бүгд 26400,0 мян төгрөг гэж заажээ. Төрийн захиргааны эрх бүхий байгууллага нь байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулаагүй байхад газар ашиглагч гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг төлж байсныг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй.
Түүнчлэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 424 дүгээр шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт ...төрийн захиргааны эрх бүхий байгууллага нь байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулаагүй байхад нэхэмжлэгч нь уг гэрээнд заасны дагуу газрын төлбөр төлж байсныг буруутгах үндэслэлгүй юм гэж дүгнэсэн байдаг.
Гурав. Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-нд заасны дагуу газрын төлбөрөө цаг тухайд нь бүрэн төлж байсныг Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албатай байгуулсан байсан Газар эзэмших, ашиглаж гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт-ууд батлана. Тухайлбал:
1. 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 7 тоот актаар 797 тоот гэрээний 2012, 2013 оны газрын төлбөрийн тооцоог дүгнэхдээ 33,000,000 төгрөг төлөхөөс 33,000,000 төгрөг төлсөн буюу үлдэгдэл 0 төгрөг,
2. 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 158 тоот актаар 797 тоот гэрээний 2013 оны газрын төлбөрийн тооцоог нийлэхдээ жилийн төлбөрт 26400000 төгрөг төлөхөөс 26400000 төгрөг төлж үлдэгдлийг 0 төгрөгөөр тооцсон байна.
3. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 820150016 тоот Газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт-нд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл 6,600,000 төгрөг гэж дүгнэсэн байдаг.
Газрын төлбөрийг хураах эрх бүхий байгууллага болох Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь хүчин төгөлдөр гэрээг үндэслэн газрын төлбөрийг тооцож, тооцоо нийлж байсан нь шударга ёс хийгээд хууль ёсонд нийцэж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбарmаа: Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн гурвалсан гэрээ байгуулдаг. Богд-хан уулийн хамгаалалтын захиргаа, харъя дүүргийн Засаг дарга , У ХХК нарын хооронд гэрээ байгуулаад Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхой албан тушаалтан баталгаажуулснаар хүчин төгөлдөр болдог.
У ХХК 2008 онд тушаал гарч 5 жилийн хугацаатай газар ашиглах шийдвэр гарсан боловч гэрээ хийгдээгүй. 2009 оны хариуцагч нарын хэлсэн засвартай гэрээ нь 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Байгаль орчны яам төрийн захиргааны байгууллагын мэргэжилтэн н.Долгормаа бичилт хийж тамга, тэмдгийг дарж баталгаажуулсан гэрээ байгаа. Энэ гэрээний дагуу газрын төлбөрийг төлсөн.
Газрын төлбөрийг Богд-Хан уулын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн газрын алба тодорхойлж гэрээнд тусгадаг. Газар ашиглагч газрын төлбөрийг хэзээ ч тодорхойлж гэрээнд тусгадаггүй. Гэрээнд тусгахдаа Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно. Энэ төлбөрийг төрийн захиргааны байгууллага гэрээнд тусгана.
Гэрээний дагуу У ХХК төлбөрөө төлсөн нь буруутан болж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим байгаа. Бид төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж төлбөр төлөхдөө Хан-Уул дүүргийн газрын албатай харьцдаг. Өмнө нь Татварын ерөнхий газар газрын төлбөрийг буруу ногдуулсан гэж хэлж байгаагүй.
Хэрвээ гомдол гараагүй бол Улсын Татварын байцаагч нар хяналт шалгалт хийхгүй. Газрын төлбөрийн тухай хуульд хяналт шалгалтыг хэн хийхийг тодорхой заасан байгаа. Өмнөх хугацаанд Хан-Уул дүүргийн Газрын албатай тооцоо нийлсэн акт үйлдэж байсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу иргэн аж ахуй нэгж байгууллагын газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоон. Сум дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ. Гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөхийг зааж байгаа. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр заасны дагуу У ХХК төлбөрөө төлсөн.
Төрийн захиргааны албан тушаалтан хуульд нийцсэн учир гарын үсэг зурдаг. Хэзээ ч хэлбэрийн төдий гарын үсэг зурдаггүй. У ХХК ямар зөрчил гаргасан юм. 2010 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол 2012 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс үйлчилгээг нь түдгэлзүүлсэн. Энэ актыг үндэслээд иргэн, хуулийн этгээдэд шийтгэлийн хуудсыг ногдуулаад байгаа нь үндэслэлтэй юм уу.
2015 оны Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол мөн адилхан. 2015 онд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3-т тус тус заасныг үндэслэсэн. Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн байдаг. Энэ үйлчлэлтэй холбоотой хэм хэмжээ тогтоосон акт байвал Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ. Захиргааны хэм хэмжээний актыг нийтлүүлснээр хүчин төгөлдөр болно. Шаардлагыг хангаагүй актыг иргэн хуулийн этгээд дагаж мөрдөхгүй түүнд хариуцлага ногдуулахгүй.
У ХХК 30 га газар ашиглах эрхийн гэрээтэй байсан хэдий ч 1990 оноос өмнө байгаль орчны хамгаалагчаар ажиллаж байсан 2 иргэн амьдарч байгаад газраа ашиглах эрхээ тогтоолгосон. Тэр 2 иргэний газрыг төлбөрөөс хасаж өгөөч гэсэн байдлаар хандаж байсан хасдаггүй. Хууль ёсоор хариуцаагүй газрыг хариуцуулж шийтгэл ногдуулж байгаа нь шударга бус юм.
Энэ нөхцөл байдлуудыг зайлшгүй тодруулах шаардлагатай, хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан нь У ХХК газрын төлбөрийг төлдөггүй гэсэн үр дагаварт хүргэж газар ашиглах гэрээг хүчингүй болгосон. Гомдол гаргасан иргэд нь газар ашиглах эрхээ олж авсан. Газар ашигласны төлбөр төлөхгүй гэрчилгээ гэрээ байгуулдаггүй маш олон хүнд яагаад хяналт шалгалт хийж болохгүй байгаа юм гэв.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зөрчлийг тодорхойлсон байдаг. Хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн энэ хуульд шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл эс үйлдэхүй нь зөрчил юм. Гомдол гаргагчийн зүгээс хүчин төгөлдөр байгаа хэм хэмжээний актуудыг зөрчөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан шийдвэр үндэслэл бүхий байхыг зөрчиж байгаа.
Зөрчлийн тухай хуулийг баримталж шийтгэлийн хуудсыг ногдуулаагүй Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэсэн энэ нь ашигтай байсан гэсэн тайлбар хэлж байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд татварын ногдуулалтын тухай шийтгэл нь алданги ногдуулахгүйгээр хөнгөрүүлснийг ашиглахгүй хуучин хуулиар зохицуулсан байдаг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 539 дүгээр тогтоол утга агуулгын илэрхий алдаатай хүчин учир хүчин төгөлдөр бус болгосон. Эрх хэмжээг нь 6 сараар түдгэлзүүлж шийдвэрлүүлсэн. Энэ хугацаанд тогтоол гаргаагүй.
2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний төслийг үндэслэсэн. Гэрээний төсөл боловсруулагдахаас жилийн өмнө тогтоол хүчингүй үйлчлэлийг түдгэлзүүлсэн. Газар эзэмшигч 2009 оны гэрээний хувь хэмжээгээр төлбөрөө төлж байсан. Жилийн төлбөрийг 26.000.400 төгрөгөөр тогтоосон. Татварын улсын байцаагч нарын маргаан бүхий ****** дугаартай шийтгэлийн хуудас нь илт үндэслэлгүй учир хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч У ХХК-нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ****** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжилжээ.
Тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
1. Хан-Уул дүүргийн татварын хэлтэстэй харилцагч *** тоот регистрийн дугаартай "У ХХК-ны 2012.01.01-2016.12.31-ны өдрийг дуустал албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийгдсэн. Байгаль орчны яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 797 тоот гэрчилгээгээр У ХХК-д 30 га талбайг аялал жуулчлалын чиглэлээр ашиглуулахаар зөвшөөрчээ. Ийн шалгалт хийгдэж байх явцад Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 797 тоот гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2008/797 тоот гэрээ тус бүр засвартай газар ашиглах хугацаа заасан заалтууд мөн засвартай зэрэг нөхцөл байдал илэрсэн тул гэрээгээр халхлан Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогоо нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй зөрчилд нь эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт үйлдэн прокурорын байгууллагад хүргүүлсэн боловч газрын төлбөрийн маргаан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Нэхэмжлэлд хариуцагч нарын үндэслэл болгосон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тоот Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай тогтоолын үйлчлэлийг түр түдгэлзүүлээд байхад шийтгэл оногдуулаад байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.
Н ХХК дээрхи тогтоолын үйлчлэлийн хүрээнд нэхэмжлэл гарган Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тогтоол гарч түдгэлзүүлсэн хэдий ч энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3./3ахиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна/-д заасны дагуу тухайн Н ХХК- ний хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн хэмээн ойлгогдож байх тул улсын байцаагч шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт дурдсан нь үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 3-д Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байсан гэжээ.
Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2013 оны гэрээг шинэчлэн байгуулахдаа гэрээний талбайн хэмжээг ЗОга а/нэгжийн төлбөр 792 төгрөг, б/ бүгд үнэ 1 жилд 237 600 000 /хоёр зуун гучин долоон сая зургаан зуун мянга/ төгрөг төлөхөөр тодорхой заасан боловч төлбөрийг дутуу төлсөн зөрчил илэрсэн. Мөн Хан-Уул дүүргийн газрын албаны Газрын төлбөрийн тухай тооцоололд тодорхой дурдсан байна.
Газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3. /Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Иггэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно/, мөн хуулийн 7 дугаар 7.6 /Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно/-д заасны дагуу төлбөрийг тооцож хариуцлага ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Газрыг ямар чиглэлээр ашигласан нь тодорхой байгаа. Гэрээний дагуу төлбөрөө төлж байгаагүй. 2012, 2013 онд бүрэн төлсөн. 2014, 2015 онд дутуу төлсөн. 2018 онд гэрээ шинэчлэгдээд зөрүү нь 294.000 төгрөг болсон. Хуульд заасан үндэслэлээр шийтгэлийн хуудас ногдуулсан. 2015 оны 5 газрыг 2018 онд 30 га газар болгож 88 төгрөгөөр тогтоож Аудитын байгууллага 268 төгрөг болно гэсэн зөвлөмж өгсөн гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагчийн төлбөр хууль ёсны байгаа эсэхийг шалгах байгууллага нь Татварын албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Монгол Улсын татвар нь албан татвар,хураамж, төлбөрөөс бүрдэнэ. 7 дугаар зүйлийн 7.4-т Улсын их хурал, Засгийн газар аймаг, нийслэл, сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь хэмжээг тогтоож байгаа орон нутгийн төсөвт төвлөрүүлэх эсвэл тухайн газар нутгийн газрын төлбөр байна. 47 дугаар зүйлийн 47.1 Татвар төлөгч Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж татварыг хугацаандаа төлсөн эсэхийг Татварын алба Татварын байцаагч шалгана гэсэн хуулийн дагуу У ХХК-ийг шалгах эрхийнхээ хүрээнд шалгасан.
3 талт гэрээний талууд ямар нөхцөлтэй гэрээ хийсэн нь өөрсдийнх нь асуудал харин Татварын албаны зүгээс газар ашиглагч У ХХК хуульд заасны дагуу төлбөрөө төлсөн эсэхийг шалгана. Гэрээ чинь хууль бус эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй байхад төлбөрөө төлөөд хоорондын эрх зүйн харилцааг үргэлжлүүлсэн юм бэ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын үйлчлэл зогссоныг мэдсэн ч төлбөрөө төлсөн. Энэ үйлдэл уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа юм. 3 талт гэрээ маань 3 дахин нэмэгдүүлсэн төлбөртэй байгуулагдах ёстойг мэдсэн ч бай мэдээгүй ч бай нэхэмжлэгчид ашигтай гэрээ юм. Тусгай хамгаалалттай газар ашиглаад ердийн журмаар төлбөр төлнө гэдэг нь хуульд нийцэхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэгч У ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан ...2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ч.Э, Ц.Ц нар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ****** дүгээр шийтгэлийн хуудсаар У ХХК-ийн 2012 онд 211,200,000.00 төгрөг, 2013 онд 211,200,000.00 төгрөг, 2014 онд 230,000,000.00 төгрөг, 2015 онд 294,644,500.00 төгрөг нийт 1,226,158,500.00 төгрөгийн газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчилд 1,226,158,500.00 төгрөгийн хохирол тооцож, 232,950,684.00 төгрөгийн нөхөн төлбөр, газрын төлбөрийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх 367,847,550.00 төгрөгийн торгууль оногдуулж, нийт 1,826,956,734.00 төгрөгийг У ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэжээ[1].
Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсаар төлүүлэхээр шийдвэрлэсэн газрын төлбөр болон оногдуулсан торгууль, нөхөн төлбөрийг эс зөвшөөрч татварын улсын байцаагч нар нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээ эдэлж, тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээгээр тогтоосон төлбөрөөс илүү хэмжээгээр газрын төлбөрийг ногдуулж нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн хууль бус гэж маргасан бол хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрын төлбөр нь татварын нэг бүрдэл хэсэг тул татварын улсын байцаагчаас газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавих эрх хэмжээтэй төдийгүй нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглаж буй газрын төлбөрийн хэмжээг хуульд заасны дагуу 3 дахин хэмжээгээр нэмэгдүүлж Хан-Уул дүүргийн газрын албанаас тодорхойлж өгсөн хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн хууль тогтоомжид нийцсэн гэж тайлбарлан гомдлын шаардлагыг эс зөвшөөрсөн.
Татварын ерөнхий хууль/2002/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид татвар гэх/-өөс бүрдэнэ, 5.7-д Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т ... татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, ... бол бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т Татварын алба ... газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина гэж тус тус зааснаас үзвэл, хариуцагч татварын улсын байцаагч нар нь газар ашиглагчаас төлвөл зохих газрын төлбөр дутуу төлсөн зөрчилд шийтгэл ногдуулах эрх хэмжээтэй байна.
Гагцхүү газар ашиглагчийн төлвөл зохих газрын төлбөр-ийн хэмжээ нь эрх бүхий захиргааны байгууллага болон газар ашиглагчийн хооронд байгуулсан гэрээнд заасан хэмжээгээр тодорхойлогдохоор байхад хариуцагч татварын улсын байцаагч нар нь татварын улсын байцаагч нь газрын төлбөрийн ногдлыг зөв тодорхойлсон эсэхэд хяналт тавьж хариуцлагыг газар ашиглагчид ногдуулсан нь хууль тогтоомжид нийцсэн хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна, 2 дахь хэсэгт Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана, мөн хэсгийн 2-т газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага / албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ гэж тус тус заасны дагуу холбогдох газрын алба нь газрын төлбөрийн хэмжээг хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр тооцож, гэрээнд тусгуулах үүрэгтэй байхад энэхүү үүргийг газар ашиглагч хүлээх мэтээр тайлбарлах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Гэтэл тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглагч У ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын дарга нартай байгуулсан 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 797 дугаар Улсын тусгай хамгаалалтын газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ[2]-ний дагуу ашиглаж байсан 30 га газрын төлбөрт нэг жилд 26,400,000 төгрөг төлж байсан байх ба хамгийн сүүлд 2013 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй тухай Хан-Уул дүүргийн газрын алба хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт[3] үйлдсэн, түүнчлэн Хан-Уул дүүргийн газрын албанаас 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13/443 тоот албан бичгээр 2014-2015 онуудад У ХХК-аас төлсөн газрын төлбөрийн жагсаалтыг Хан-Уул дүүргийн татварын хэлтэст хүргүүлсэн[4] байхад хариуцагч нар нэхэмжлэгч хуулийн этгээдийг 2012, 2013 онуудад тус бүр 211,200,000.00 төгрөгийн газрын төлбөрийг төлөөгүй гэж үзэж нөхөн төлбөр ногдуулж, торгууль, алданги тооцсон нь буруу болжээ.
Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглаж байсан У ХХК нь газрын төлбөрийг өөрөө тооцож тодорхойлоогүй, харин эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээнд заасан хувь хэмжээгээр төлсөн үүнийг холбогдох газрын алба хүлээн зөвшөөрч баталгаажуулсан, түүнчлэн газрын төлбөрийг тооцож гэрээнд тусгах үүрэг нь холбогдох захиргааны байгууллагад ногдож байхад газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчилд газар ашиглагчийг буруутгасан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд тус тус нийцээгүй, эрх бүхий албан тушаалтнаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэхээр байна.
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн огноотой гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т Газрын төлбөрийн хэмжээ: нийслэлийн ИТХ-ын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолоор тогтоосон. Нэгжийн үнэ: 792, Бүгд үнэ: 1 жилд 237,600,000 төгрөг, 2.5-д Гэрээний хугацаа эхлэх: 2013-09-16[5] гэж, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн огноотой гэрээний мөн 2 дугаар зүйлийн 2.4-т Газрын төлбөрийн хэмжээ: Хан-Уул дүүргийн ИТХ-ын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор тогтоосон. Нэгжийн үнэ: 1320, Бүгд үнэ: 1 жилд 122,760,000 төгрөг[6] гэж тус тус заасан төлбөрүүд нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3-т заасны дагуу газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцсон төлбөр болох тухайд хэргийн оролцогчид маргаагүй ба дээрх гэрээнүүдийн аль алинд нь У ХХК-ийн захирал Р.Б гарын үсэг зурж, тэмдгээ дарсан байна.
Мөн У ХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албан, мөн оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Газрын албанд тус тус хандаж ... газрын төлбөр төлөхийг түдгэлзүүлэх тухай хүсэлтүүдийг гаргаж байжээ[7].
Дээрхээс үзвэл, гомдол гаргагч хуулийн этгээд нь нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шинэчлэн тогтоосон газрын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрсөн, гэрээ хүёин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Ц.Б Хан-Уул дүүргийн газрын албанаас 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13/443 тоот албан бичгээр ирүүлсэн газрын төлбөрийн ногдлын дагуу У ХХК-ийн төлбөл зохих газрын төлбөрийн хэмжээг тооцож, төсөвт төлөх татвар/төлбөр/-ийн хэмжээг тодорхойлсон нь хууль тогтоомжийг зөрчөөгүй, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агийн газрын төлбөрийг нэмэгдсэн хэмжээг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан атлаа актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбаруудыг буруутгахааргүй байна.
Гэвч дээр дурдсан гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.4-т заасан гэрээний төлбөрийг тодорхойлсон хэм хэмжээний актууд болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Газрын үнэлгээний бүсчлэл газрын төлбөр ногдуулах хэмжээ-г тогтоосон 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэхдээ холбогдох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр, Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор Захиргааны ерөнхий хууль шинээр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан маргаан бүхий актыг хуульд нийцүүлэх боломжийг захиргааны байгууллагад олгох зорилгоор мөн дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсний дагуу дахин шинэ акт гаргаагүй болох нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн тодорхойлолт[8] болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул уг актуудаар тогтоосон төлбөрийн хувь хэмжээг мөрдөх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, дээрх гэрээнүүдийн дагуу У ХХК-аас төлбөл зохих газрын төлбөрийн ногдлыг Хан-Уул дүүргийн газрын албанаас гаргаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус дүүргийн Татварын хэлтэст хүргүүлснийг үндэслэн татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий актыг гаргасан байх боловч энэхүү хувь хэмжээг тогтоосон хэм хэмжээний актууд нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхээргүй байх тул Татварын улсын байцаагчийн ****** тоот актаар У ХХК-ийн 2014 онд 230,000,000.00 төгрөг, 2015 онд 294,644,500.00 төгрөгийн газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчилд ногдуулсан нөхөн төлбөр, торгууль, алдангийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.
Иймд гомдол гаргагч У ХХК-ийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарт холбогдуулан гаргасан ...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1. 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч У ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 23400 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА