Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 452

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Иргэн Ж.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарыэ 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д холбогдох хэсгийг  Ж.Нарантуяагийн газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагч Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантөгс, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Жанчивдорж нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Иргэн Ж.Нарантуяа нь хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжаар түүнд тус дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 6-612 тоот 419 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмших эрх олгон шийдвэрлэсэн болно. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн Ж.Нарантуяа нь газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авах хүсэлтээ 2013 оноос удаа дараа гаргахад Баянзүрх дүүргийн Газрын албанаас /хуучин нэрээр/ настай хүнийг үл тоомсорлож хуульд заасан хугацаанд бичгээр хариу өгдөггүй, тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгдөггүй зэрэг эс үйлдэхүйгээр иргэн Ж.Нарантуяаг чирэгдүүлэн хохироож байсан тул арга буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дээд шатны удирдах байгууллага болох Засаг даргад гомдлоо гаргахад 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20/9 дүгээр албан бичгээр иргэн Ж.Нарантуяагийн газар нь дүүргийн Засаг даргын 2012 оны 270 дугаар захирамжаар иргэн Б.Ганбаярт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжаар Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д олгосон газартай тус тус давхцаж байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй байна гэсэн хариуг өгснөөр дээрх захирамжуудын улмаас өөрийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн болохыг мэдсэн болно. 

Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу газар эзэмшүүлэх ёстой байтал Баянзүрх дүүргийн Засаг даргын иргэдэд амины хашааны зориулалтаар олгосон газартай давхцуулан эзэмшүүлэх шийдвэр гаргажээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын А/270 дугаар захирамжаар иргэн Б.Ганбаярт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжаар Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д газар эзэмших эрх олгохдоо иргэн Ж.Нарантуяагийн газартай давхардуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 

Дээрх захирамжуудын зөрчлийг арилгуулж хүчингүй болгуулснаар иргэн Ж.Нарантуяа нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Иргэн Ж.Нарантуяа нь хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжаар түүнд тус дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 6-612 тоот хаягт 419 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмших эрх олгон шийдвэрлэсэн. Хэдийгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн Ж.Нарантуяа нь газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авах хүсэлтээ 2013 оноос удаа дараа гаргахад Баянзүрх дүүргийн Газрын албанаас настай хүнийг үл тоомсорлож хуульд заасан хугацаанд бичгээр хариу өгдөггүй, тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгдөггүй зэрэг эс үйлдэхүйгээр иргэн Ж.Нарантуяаг чирэгдүүлэн хохироож байсан тул арга буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дээд шатны удирдах байгууллага болох Засаг даргад гомдлоо гаргахад 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20/9 дүгээр албан бичгээр иргэн Ж.Нарантуяагийн газар нь дүүргийн Засаг даргын 2012 оны 270 дугаар захирамжаар иргэн Б.Ганбаярт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжаар Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д олгосон газартай тус тус давхцаж байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй гэсэн хариуг өгснөөр дээрх захирамжуудын улмаас өөрийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн болохыг мэдсэн болно. 

Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх ёстой. Баянзүрх дүүргийн Засаг дарга мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл Нийслэлийн Засаг даргын захирамж нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцээгүй, бусдын эзэмшил газартай давхцаагүй байна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзсэн учраас эдгээр зөрчлүүдийг арилгуулж иргэн Ж.Нарантуяагийн газар эзэмших эрх сэргэнэ гэж үзэж нэхэмжлэл гаргасан. 

Хэрэг хянан ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс иргэн Ж.Нарантуяагийн газартай давхцаж байсан иргэн Б.Ганбаярын газрын давхцалыг арилгасан. Өмнө нь кадастрын зураг буруу хийгдсэн байсан байна. Иймээс дахин хэмжилт хийлгэж давхцалыг арилгуулсан учраас Баянзүрх дүүргийн Засаг даргын А/270 дугаар захирамж иргэн Ж.Нарантуяагийн эрхийг зөрчихгүй байна гэсэн хариу тайлбар ирүүлсэн. Үүнийг үндэслээд холбогдох нотлох баримтууд татуулж, танилцсан бөгөөд нэхэмжлэгч талаас иргэн Б.Ганбаяртай давхцаж буй хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Ийнхүү татгалзсантай холбоотойгоор хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солих асуудал гарч ирсэн. Газрын тухай хуульд зааснаар гэрчилгээ гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулах асуудлыг тухайн дүүргийн Газрын алба буюу одоогийн нэршлээр тухайн дүүргийн Өмч, газрын харилцааны алба хариуцдаг. Жинхэнэ хариуцагчаар солих хүсэлтийг нэхэмжлэгч талаас хүлээж авч газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгуулахаар өөрчилсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжийн Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д холбогдох хэсгийг иргэн Ж.Нарантуяагийн газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах. Хүчингүй болгосны үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Ж.Нарантуяагийн шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжийн Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. 

Анх Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30000 м.кв газрыг Туулын гүүрний баруун талд байршуулан 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ. Нийслэлийн Засаг даргын 703 дугаар захирамжаар ундны усны тэжээлийн дотоод мужид хууль бусаар газар эзэмших эрх олгосон гэсэн үндэслэлээр уг компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Өү Юу Жи Си Си Си Си ХХК нь 2012 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд Нийслэлийн Засаг дарга 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар батлагдсан Ундны усны тэжээлийн дотоод мужид Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар гаүар ашиглаж, эзэмшиж байгаа иргэн, аж ауйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” 703 дугаар захирамжийг гаргасан нь тус компанид 320.809.745 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагч нар нэхэмжлэгч Өү Юу Жи Си Си Си Си ХХК-тай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 30000 м.кв газраас 13.4 га газрын эзэмших эрхийг сэргээн захирамж гарган гэрээ байгуулахаар тохиролцсоны дагуу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 1017 дугаар захирамж гарсан бөгөөд шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжийг гарган Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д 13400 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. 

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжаар Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д газар эзэмших эрх олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ж.Нарантуяа нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжийн Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д холбогдох газраас өөрт холбогдох хэсгээр давхцалтай байгаа хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргасан. Үүнийг нийслэлийн Засаг даргын зүгээс судлаад хүлээн зөвшөөрөх боломжгүй талаарх тайлбарыг шүүхэд өгсөн. 

Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар 30.000 м.кв газрыг буюу 30 га газрыг олгосон байдаг. Энэ нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туулын гүүрний баруун талд байршуулан 5 жилийн хугацаатайгаар олгосон. 5 жилийн хугацаатай олгосон газрыг Нийслэлийн Засаг дарга 2011 онд 703 дугаар захирамжаар  ундны ус, тэжээлийн дотоод мужид орсон байна гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. 

Өү Юу Жи Си Си Си Си ХХК 2012 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж хохирол болох 320.809.745 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ мөнгийг буцааж өгөх боломжгүй. Тухайн үед Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн. 1017 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталсан. Ундны усны хамгаалалтын бүсийг хасаад 15400 м.кв газрыг Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжаар олгосон. Эвлэрлийн гэрээний үүргийнхээ дагуу мөн шүүгчийн захирамжийг биелүүлэх үүднээс Засаг даргын газар эзэмших эрх олгосон захирамж гарсан. Ж.Нарантуяагийн эрх ашиг хөндөгдөх үндэслэлгүй. Баянзүрх дүүргийн Засаг дарга 2012 онд иргэн Ж.Нарантуяад газар эзэмших эрх олгосон захирамж гаргасан байдаг. 2007 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар гуравдагч этгээдэд анх газар эзэмших эрх олгосон, мэдээллийн санд зураг нь байсан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа газартай хүсэлт гаргаж байгаа газар нь давхцаагүй байна гэсэн үндэслэлийг зөрчиж олгосон байна. Газрын тухай хуульд зааснаар захирамж гарснаар газар эзэмших эрх үүсэхгүй. Нэхэмжлэгч Ж.Нарантуяад газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж нь үндэслэлгүй юм. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нь алдаатай гарсан захирамж. Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба гэрээ, гэрчилгээ бичиж өгөхгүй байгаа нь эрхийнх нь асуудал. Бусдын эзэмшиж байгаа газартай давхцаж байна гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Энэ нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шийднэ. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх нь захирамж гарсанаар үүсэхгүй, захирамж гаргаж эрх олгоод газар эзэмших гэрээ, гэрчилгээ бичигдсэнээр газар эзэмших эрх нь хэрэгжээд явна. Иймд Ж.Нарантуяа нь бусдын газар дээр байшин, барилга бариад амьдраад байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамж нь иргэн Ж.Нарантуяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас шүүхэд гаргасан тайлбартаа: “Дүүргийн Засаг даргын 2012 оны А/395 дугаар захирамжаар иргэн Ж.Нарантуяад 419 м.кв газар эзэмших эрх олгосон. 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжаар Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д 13.4 га газар эзэмших эрх олгосон. Ингэж олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчиж иргэн Ж.Нарантуяад олгосон газартай давхцсан байна. 

Иймээс Өү Юу Жи Си Си Си Си ХХК-ийн 18654308217085 нэгж талбарын дугаар бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох эсхүл нэгж талбарт өөрчлөлт орж, давхцал арилсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжтой юм” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 395 дугаар захирамжаар иргэн Ж.Нарантуяад 419 м.кв газрыг эзэмшүүлсэн байтал Нийслэлийн Засаг даргын 2013 оны 389 дүгээр захирамжаар Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д 134,000 м.кв газар эзэмшүүлсэн байдаг. Газар эзэмших эрхийг кадастрын зурагт оруулж, мэдээллийн санд суулган гэрчилгээ олгохдоо иргэн Ж.Нарантуяагийн 419 м.кв газартай бага зэргээр давхцуулан олгосон. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан дүүргийн Засаг даргын олгосон газарт давхцуулан олгосон байгаа. Иргэн Ж.Нарантуяа газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргахад Өү Юу Жи Си Си Си Си ХХК-ийн 18654308217085 нэгж талбарын дугаартай кадастрын зурган дээр багахан хэмжээний давхцал үүссэн байгаа. Давхцал үүссэн учраас иргэн Ж.Нарантуяад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй байгаа. Ийм учраас иргэн Ж.Нарантуяагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй юм. Нийслэлийн Засаг даргын зүгээс Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс захирамж гаргасны дагуу гэрээ, гэрчилгээг олгож, мэдээллийн санд бүртгээгүйгээс болж маргаан үүссэн гэж тайлбарлаж байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар эзэмших эрх олгоно. Ингэхдээ дүүргийн Засаг даргын саналыг авна гэж заасан байгаа. Дүүргийн Засаг даргын саналыг аваагүй учраас энэ нөхцөл байдал үүсч байна гэж үзэж байна. Энэ газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй газар. Давхцал нь ямар нэгэн байдлаар арилсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох боломжтой. Хүсэлт гаргасан тохиолдолд багасгасан хэмжээгээр олгох боломжтой” гэв.

Гуравдагч этгээд Өү Юу Жи Си Си Си Си ХХК-ийн захирал С.Ганбат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Баянзүрх дүүргйин 11 дүгээр хороо, Туулын гүүрний баруун урд талд 2007 оноос хойш 30000 м.кв газрыг эзэмшиж, байгаль хамгаалах ажиллагаа, орчны цэвэрлэгээг тогтмол хийж, харуул хамгаалалтаар ханган, газрын төлбөрийг тогтмол төлж, ямар нэгэн зөрчилгүй ашиглаж байсан юм. Гэтэл тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар батлагдсан Ундны усны тэжээлийн дотоод мужид, Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай 703 дугаар захирамжийг гаргаснаар дээрх газрыг 0136079 дугаар гэрчилгээний дагуу эзэмшиж байсан манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон юм. 

Энэхүү захирамжийг үл зөвшөөрөн 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаж, Нийслэлийн Засаг дарга болон Банзүрх дүүргийн Засаг дарга нарыг хариуцагчаар татан газар эзэмших эрхээрээ болон олон жилийн турш төлсөн газрын төлбөрөөрөө хохирсон талаараа нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн манай компани 13.4 га газрыг буцаан эзэмшихээр болж, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 000314322 дугаар гэрчилгээг зохих журмын дагуу гаргуулан авсан билээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д холбогдох хэсгийг Ж.Нарантуяагийн газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч Ж.Нарантуяа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар  захирамжаар маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон боловч, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар Өү Юу Жи Си Си Си Си ХХК-ийн газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулахдаа нэхэмжлэгчийн эзэмших эрх олгогдсон газрын зарим хэсэгтэй давхцуулснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хөндөгджээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны газраас Ж.Нарантуяад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй үндэслэлээ Ж.Нарантуяад эзэмшүүлсэн газар нь нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжаар Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцсан гэж тайлбарласан.

Гуравдагч этгээд Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар олгогдсон 30.0 га газрыг эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар  захирамжаар хүчингүй болгосон бөгөөд тус компани газар эзэмших эрхийг хүчингүй болгосноос учирсан хохирлоо төлүүлэхээр Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нийслэлийн Засаг дарга Өү Юу Жи Си Си Си Си ХХК-ийн 13,4 га газрын эзэмших эрхийг сэргээн захирамж гаргахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн шүүгчийн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1017 дугаар захирамжаар баталж, шийдвэрлэсэн байна. 

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр  захирамжаар 13.4 га газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулснаар гуравдагч этгээд Өү Юу Жи Си Си Си Си ХХК-ийн газар эзэмших эрх сэргэжээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заажээ. 

Гэтэл нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр  захирамжаар Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулж шийдвэрлэхдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/52 дугаар  тогтоолоор баталсан 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харгалзан үзээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. 

Мөн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Нарантуяад үүссэн газар эзэмших эрхийг хязгаарлаж, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 23.4.4-т зааснаар дүүргийн Газрын алба Засаг даргын шийдвэрийг үндэслэн Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж  ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох; эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх; газрын мэдээллийн санг эрхлэх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

Эдгээр байдлаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Нарантуяад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлэхэд Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д 30.0 га газрыг эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар хүчингүй болгосноор Өү Юу Жи Си Си Си Си ХХК нь газар эзэмших эрхгүй байсан, харин нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар тус компанийн эзэмших эрхийг шинээр баталгаажуулахаас өмнө Ж.Нарантуяад эзэмших эрх үүссэн тул Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж Өү Юу Жи Си Си Си Си ХХК-ийн эзэмшсэн газартай давхцалтай гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулахдаа Ж.Нарантуяад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газартай давхцуулсан нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

           Иймд нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д холбогдох хэсгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжаар Ж.Нарантуяад эзэмшүүлсэн газартай давхцуулсан хэмжээгээр хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжийг үндэслэн Ж.Нарантуяад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгаж шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс кадастрын зураг буруу хийгдсэнээс нэхэмжлэгч Ж.Нарантуяа, Б.Ганбаярын газрыг давхцалгүй болгосон тул Баянзүрх дүүргийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн Б.Ганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 303 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 23.4.4,  31 дүгээр зүйлийн 31.2, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д холбогдох хэсгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжаар Ж.Нарантуяад эзэмшүүлсэн газартай давхцуулсан хэмжээгээр хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжийг үндэслэн Ж.Нарантуяад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

                          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН