| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулууны Тунгалаг |
| Хэргийн индекс | 128/2018/1022/З |
| Дугаар | 338 |
| Огноо | 2018-09-24 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 338
Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбоо,
мэдээллийн технологийн газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд томилохгүй байгаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, рдэнийг тус газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтэст мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгуулах, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх тухай.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0246 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0349 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Б.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч Б.Бнар,
Хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0246 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, “ажилд томилохгүй байгаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгож, рдэнийг тус газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтэст мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг ТЗ-6 шатлалаар тооцон олгуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж”, нэхэмжлэлийн шаардлагаас “2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0349 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0246 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “23.5 дахь” гэснийг “23.5, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ тус газраас иргэн рдэнэтэй 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Гадаад улсад урт хугацаагаар суралцуулах тухай гэрээ”-ний гуравдугаарт заасан “суралцагчийн эрх, үүрэг” хэсгийн 3.2, 3.4-т заасан суралцагчийн үүргийн хэрэгжилт хангалтгүй талаарх хариуцагчаас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хэлэлцээгүй, зөвхөн “захиалагчийн эрх, үүрэг” хэсгийн 4.5, “бусад зүйл” хэсгийн 5.1-д заасан зүйл, заалтыг хэлэлцэн нэхэмжлэгчид давуу байдал тогтоож, хэргийг илт нэг талд шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “... түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн...” гэж заасныг зөрчсөн.
4. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “түүнчлэн урт хугацааны чөлөөтэй, төрийн албан хаагчийн нөөцөд байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, чөлөөний хугацаа дуусаж, ажилд орохоор хүсэлт гаргасан ажилтныг ажилд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй, сул орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр ажилдаа буцаж орох хүсэлтийг нь шийдвэрлэхгүй орхигдуулах зэрэг хариуцагчийн эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн....” гэсэн байна. Иргэн рдэнэ нь урт хугацааны сургалтад хамрагдахаар төрийн албанаас чөлөөлөгдсөн энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэг ажил олгогчид үүсэхгүй гэж үзэж байна. Иймд шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарласан гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
6. Мэдээллийн технологи, шуудан, холбооны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн рдэнийг эрхэлж байсан ажлын чиглэлээр магистрын сургалтад БНСУ-д суралцах болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, төрийн албан хаагчийн нөөцөд байлгахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч рдэнэ нь тус газартай байгуулсан “Гадаад улсад урт хугацаагаар суралцуулах тухай” гэрээг үндэслэн ажилд орох хүсэлтээ удаа дараа гаргасан, хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас сул орон тоо гарсан тохиолдолд “шийдвэрлэх”-ээр хариу өгч байсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
7. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах”-аар, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” тохиолдлуудыг нэрлэн зааснаас үзэхэд гурван сараас дээш хугацаагаар суралцаж байгаа төрийн албан хаагчийн ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг төрийн захиргааны байгууллага хүлээхгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй иргэний хувьд суралцах хугацаа дууссаны дараа урьд ажиллаж байсан ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрх нь тухайн албан тушаалын сул орон тоо гарсан нөхцөлд, уг сул орон тоог төрийн захиргааны байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан журмаар “нөхөх”-өөр шийдвэрлэж, тухайн орон тоонд өрсөлдөн шалгарч, улмаар томилогдсон шийдвэр гарснаар хэрэгжихээр байна.
8. Энэ маргааны тухайд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт 2017 оны 8 дугаар сард сул орон тоо гарсан, хариуцагч нь сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар буюу өөрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулж нөхөх боломжтой гэж үзсэн, уг орон тоонд томилогдсон М.Оролзод нь тус байгууллагад ажиллаж байгаагүй, нэхэмжлэгч рдэнэ цахим засгийн үйлчилгээ, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
9. Үүнээс үзвэл, М.О-ыг сул орон тоонд томилсон хариуцагчийн үйл ажиллагаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасанд нийцэхгүй, хариуцагч “Гадаад улсад урт хугацаагаар суралцуулах гэрээ”-ний дагуу рдэнийг ажлаар хангах үүргээ биелүүлж, түүний “ажилд буцаж орох” хүсэлтийг сул орон орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан нөхцөл шаардлагад нийцүүлэн шийдвэрлэх байтал шийдвэрлээгүй тул шүүхүүд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг маргааны үйл баримтуудад холбогдуулан тайлбарлан хэрэглэснийг буруутгах боломжгүй, гарсан сул орон тоонд рдэнийг томилохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
10. Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар Б.Э ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүрэг ажил олгогчид үүсэхгүй, хууль буруу тайлбарласан” гэх гомдлыг хангах боломжгүй.
11. Түүнчлэн Б.Э ажилдаа буцаж орох хүсэлт /ажилд аваагүй/-ийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь дээрх гэрээний “суралцагчийн үүргийн хэрэгжилт хангалтгүй байсан” гэх үндэслэл болоогүй, хариуцагч энэ асуудлаар маргаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй учир хариуцагчийн “суралцагчийн үүргийн хэрэгжилт хангалтгүй талаарх хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хэлэлцээгүй” гэх гомдол үндэслэлгүй.
12. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Э ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ...олгоно” гэж заасанд нийцэхгүй байхад давж заалдах шатны шүүх уг шаардлагыг өөрчлөн “нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой хохирол” нэхэмжилсэн мэтээр дүгнэж, улмаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.
13. Иймд, дээрх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0349 дүгээр магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг нэхэмжлэгч Б.Э “2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ