Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/038

 

З.Хишигбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Нямдорж

Шүүгдэгч З.Хишигбаяр түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг/цахимаар/

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор З.Хишигбаярт холбогдох эрүүгийн 2214000000025 дугаар хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Бэсүүд овогт Загдын Хишигбаяр, ............. оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /ВЕ86030317/,

Шүүгдэгч З.Хишигбаяр нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнийн 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэр “Хар үзүүр” гэх газраас иргэн Д.Содномпил, Ц.Дашлхагва нарын өмчлөлийн 2 тооны ингэн тэмээг буюу олон тооны малыг ижил сүргээс нь машин механизм ашиглаж таслан хулгайлан авч, өөрийн эзэмшлийн тэмээнүүдтэй нийлүүлэн “Аргалантын ар” гэх газар руу тууж яван иргэн Д.Содномпилд 1.800.000 төгрөгийн, Ц.Дашлхагвад 1.300.000 төгрөгийн нийт 3.100.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас З.Хишигбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Бэсүүд овогт Загдын Хишигбаярыг олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч З.Хишигбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч З.Хишигбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч З.Хишигбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 02 сарын 17-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч З.Хишигбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклыг /үнэлгээ 500.000 төгрөг/ шүүгдэгч З.Хишигбаяраас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг гаргасан давж заалдах гомдолдоо:

Өмгөөлөгч миний бие нь тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02-р сарын 17-ны өдрийн N2 2022/ШЦТ/ 34 тоот шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч З.Хишигбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-р зүйлийн 12.2.1, 17-р зүйлийн 12.2.4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын 3-р хуудсанд авагдсан яллагдагч З.Хишигбаярын өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлэг. /Хавтаст хэргийн 37-38, 99-р хуудас/ Гэрч З.Хишигбаярын 2022 оны 12-р сарын 08-ны өдрийн мэдүүлэгт боловсролгүй малчин гэжээ. Шүүгдэгч З.Хишигбаяр нь мөрдөн байцаалтын шатанд боловсролгүй малчин байсан тул 3-р ангид алдаг оног суусан гэдгээ хэлсээр байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5-р зүйлийн 3.1.3-г зөрчиж өмгөөлөгчгүй мэдүүлэг авч өөрийнх нь мэдүүлэгээр яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-р зүйлийн 6-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт мөн тэрээр уншиж ойлгодоггүй 35 үсгийг бол мэднэ гэж мэдүүлдэг бөгөөд мөн хэрэгт хавсаргасан 8-р ангийн гэрчилгээг аав нь амьд сэрүүн байхдаа танилын шугамаар авч өгсөн гэдэг нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын 2022 оны 3-р сарын 09-ний өдрийн №374 тоот лавлагаагаар нотлогдож байна. Иймд дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж авсан мэдүүлгүүдийг хүчингүйд тооцож дахин мөрдөн шалгах ажиллагааг хууль ёсны шаардлагад нийцүүлэн хийлгэх шаардлагатай байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-р зүйлийн 12.2.1-д заасан олон тооны мал хулгайлсан гэжээ. Гэтэл З.Хишигбаяр нь 1 тэмээ хулгайлснаа хүлээн зөвшөөрч хохирогч Содномпилд гурван сая төгрөг төлсөн баримт хэрэгт хавсаргагдсан байна. /Хавтаст хэргийн 79-р хуудас/ Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт нэг тэмээ нь ижлээсээ тасрахгүй дагаад байхаар нь хамтад нь туусан түүнээс тэрхүү тэмээг хулгайлах санаа зорилго байгаагүй тиймээс ч нядлаагүй эзэнд нь буцааж өгсөн гэж мэдүүлжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-р зүйлийн 12-дахь хэсгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив болон объектив талын олон тооны мал гэсэн шинжийг үгүйсгэж байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-р зүйлийн 12.2.4-т заасан машин механизм ашиглаж үйлдсэн гэж зүйлчилжээ. Гэтэл З.Хишигбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгт мотоциклтой явж байсан нь үнэн тэмээ туухдаа мориор туусан бензингүй болсон гэсэн мэдүүлэг. Хохирогч Содномпил тэнд портертой хүмүүс 2 тэмээ ачсан гэх сураг гарсан гэсэн таамаг төдий мэдүүлэг. /Хавтаст хэргийн 14-р хуудас/ Мөн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд хэргийн ул мөр олдоогүй гэжээ. /Хавтаст хэргийн 4, 5-р хуудас/ Зөвхөн гэрч Дашлхагвын тэмээ алга болсон газраа буцаж ирээд мөр хартал хойд зүг рүү тэмээ хөөсөн мотоциклийн мөр байсан гэсэн мэдүүлгээр гэрч Б.Алтанхуягийн Хишигбаяр нь 2021 оны 11-р сарын 28-нд шөнө үүрээр манайд мотоцикльтой ирж хоносон гэсэн мэдүүлгүүдээр машин механизм ашиглаж хулгайлсан гэж хүндрүүлж зүйлчилжээ.Гэтэл З.Хишигбаяр нь тухайн үед мотоцикл, морьтой явж байсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг хангалттай нотлоогүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж миний үйлчлүүлэгчид ял халдааж байгаад гомдолтой байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж үнэн зөв бодитой шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: З.Хишигбаяр нь олон тооны мал хулгайлаагүй, нэг тэмээ нь нөгөө тэмээг дагаад явсан байдаг. Мөн мотоциклиор яваагүй, мориор явсан тул хэргийг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулна уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Хишигбаярыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнийн 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэр “Хар үзүүр” гэх газраас иргэн Д.Содномпил, Ц.Дашлхагва нарын өмчлөлийн 2 тооны ингэн тэмээ буюу олон тооны малыг ижил сүргээс нь машин механизм ашиглаж таслан хулгайлан авч, өөрийн эзэмшлийн тэмээнүүдтэй нийлүүлэн “Аргалантын ар” гэх газар руу тууж иргэн Д.Содномпилд 1.800.000 төгрөгийн, Ц.Дашлхагвад 1.300.000 төгрөгийн нийт 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүх шүүгдэгч З.Хишигбаярт Эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 Гэмт хэргийн дээрх үйл баримт нь:

Хавтаст хэргийн 13-14,16 дугаар талд авагдсан “...... 2021 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө манай тэмээнээс 2 тооны тэмээ тастаад хөөгөөд явчихсан байсан. ...“Аргалантын ар” талд байсан тэмээн дотор алга болсон 1 тэмээ нь байсан. ...Баянцагаан сумын иргэн Хишигбаяр гэх хүний тэмээ байсан. Дашлхагва өөрийн тэмээгээ олж авсан...... Манай тэмээ зөв талын шанаа дээрээ гурвалжин тамгатай, мөн зөв талын хүйтэн хонго дээрээ гурвалжин тамгатай бор зүсмийн 5 настай бүдүүн боос ингэ байсан ...Тэмээний хохирлыг бэлэн мөнгөөр барагдуулж өгсөн. Тэмээгээ эрж хайх, явцад гаргасан зардал болох 578.000 төгрөгийг Хишигбаяраас нэхэмжилж байна. Мотоциклын мөр байсан...” гэх хохирогч Д.Содномпилийн,

Хэргийн 21-22 дугаар талд авагдсан “...... Баацагаан, Баянцагааны зааг нутаг болох “Аргалантын ар” гэх газраас З.Хишигбаяр гэдэг хүний тэмээнд байхыг нь олсон. З.Хишигбаяраас өөрийнхөө тэмээг авсан. Тэмээгээ хайсан бензин түлшний мөнгийг авсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх хохирогч Ц.Дашлхагва нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд нь

 Хэргийн 25-26 дугаар талд авагдсан “... Хишигбаяр нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө үүрээр манайд мотоциклтой ирж хоносон. ....Бор ингэ барьж уясан..... Сувиа ингийг нь Сүхээгийнх гаргаж идэх юм” гэж хэлсэн. ...өглөө нь тэмээгээ гаргасан..... Зөв талын шанаа гуя дээрээ гурвалжин тамгатай. Бор зүсмийн бүдүүн ингэ байсан. ....Би өөрийнх нь тэмээ юм байна гэж тухайн үед ойлгосон...” гэх гэрч Б.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

Хэргийн 29-30 дугаар талд авагдсан “...... 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө тэмээгээ үзэхэд “манай дүүгийн 1 тэмээ, манай 1 тэмээ нийт 2 тооны тэмээ нь байхгүй байна” гэж над руу хэлсэн. ....“Хишигбаяр гэх айлын тэмээн дотор нь алдсан нэг тэмээ байна” гэж хэлсэн. Тэр тэмээ нь манай дүүгийн өөрийн тэмээ нь байсан. Харин манай алдсан тэмээ байгаагүй..” гэх гэрч Ц.Дэлгэрцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлэг

Хэргийн 33-34 дүгээр талд авагдсан “... ... 2021 оны 11 дүгээр сарын 21-ний үед хүргэн ах А.Даваацэрэнд буур өгөх гээд тэмээн дээрээ ирэхэд миний хар гунж, Содномпил ахын бор ингэ байхгүй ....мөр хартал хойд зүг рүү тэмээ хөөсөн мотоциклын бүдэг мөр байхаар нь тэр мөрийг хөөгөөд явсан. Тэр мөр нь явсаар байгаад “Аргалантын ар” хүрээд алга болсон. Тэгээд “Аргалантын” ууланд байсан тэмээгээр ороод явж байтал миний алга болсон тэмээ байсан. Манай хүргэн ахын тэмээ байгаагүй. Хишигбаяр ...би авчихсан. Хоёулаа уулзъя. Баянцагаан ороод ир гэж хэлсэн” гэх гэрч Ц.Дашлхагвын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хэргийн 41-42 дугаар талд авагдсан “... 20-ны үеэр ирэхэд бор дунд зэргийн тэмээ бариад уячихсан “өөрийн чинь ингэ хээлтэй юм байна. Энүүгээр сольчихъё” гээд уячихсан байсан ....Миний өөрийн тэмээтэй сольж байгаа юм гэж хэлсэн болохоор би мэдээгүй... “ гэх гэрч А.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

Хэргийн 37-38, 99 дүгээр талд тус тус авагдсан “ ... Би 2021 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 22-23 цагийн үед Баацагаан сумын нутаг “Хар үзүүр” гэх газарт явж байгаад 30-аад тооны тэмээтэй таараад тэр дотроос 2 тооны бүдүүн ингийг хөөгөөд явсан. Тэгээд Бөөн цагаан нуурын хажуу талд шөнийн 04 цагийн үед өөрийн тэмээтэйгээ нийлүүлчхээд Алтанхуяг гэх айлд очиж хоносон. Тэгээд өглөө нь би тэмээгээ “Хулсан ам” гэх газар руу аваачиж усалчхаад орой 18 цагийн үед Алтанхуяг ахынд тэмээгээ хураагаад тууж ирсэн. Тэмээгээ тэнд барьж авч, уяж хонуулсан. Би Алтанхуяг ахын хүргэн Батсүхэд одоогоос 4 жилийн өмнө хүүхдэд нь 1 ботго өгч байсан юм тэр нь өсөөд 2 ингэ болсон юм. Батсүх надаас нэг ингийг нь хүнсэндээ авна гээд хэлж байсан юм. Тэгээд өөрийн тэмээнээс өгмөөргүй санагдаад хүний тэмээ тууж авч ирсэн. Тууж авч ирсэн тэмээгээ уяж хонуулаад 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө аймгаас Батсүх ирэхээр нь гаргаж өгсөн ...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 2 дугаар багын нутаг “Аргалант” гэх газарт байх манай өвөлжөөнд байгаа. Миний өөрийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл байгаа. Хэргийг ганцаараа үйлдсэн. Шөнө таарахаар нь туугаад явсан. Тэмээг хүнд зарж ашиг олох зорилготой байсан.” гэх шүүгдэгч З.Хишигбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

Хавтаст хэргийн 50,53 дугаар талд тус тус авагдсан “...5 настай боос ингэний үнэлгээ 1.800.000 төгрөг болохыг тодорхойлов....,... 6 настай эм тэмээний үнэлгээ 1.300.000 төгрөг, Мустанг-5 маркийн хятад мотоциклын үнэлгээ 500.000 төгрөг нийт 1.800.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 365, 04 тоот дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокурор болон анхан шатны шүүхээс зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн бодит байдалтай нийцжээ..

Анхан шатны шүүх “... шүүгдэгч З.Хишигбаяр нь хохирогч Д.Содномпилд 3.000.000 төгрөг, Ц.Дашлхагвад 500.000 төгрөгийг төлсөн, ...бусдад төлөх төлбөргүйд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцож улмаар тухайн зүйл ангид заасан хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн , хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу хөнгөрүүлэн шийдвэрлэж хуулийг зөв хэрэглэжээ.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин “.. З.Хишигбаяр нь монгол хэл, бичиг мэдэхгүй байхад өмгөөлөгчгүй мэдүүлэг авч өөрийнх нь мэдүүлэгээр яллаж байгаа .... тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт нэг тэмээ нь ижлээсээ тасрахгүй дагаад байхаар нь хамтад нь туусан түүнээс тэрхүү тэмээг хулгайлах санаа зорилго байгаагүй тиймээс ч нядлаагүй эзэнд нь буцааж өгсөн ... олон тооны мал гэсэн шинжийг үгүйсгэж байна...,....мотоциклтой явж байсан нь үнэн тэмээ туухдаа мориор туусан бензингүй болсон гэсэн мэдүүлэг, манайд мотоциклтой ирж хоносон гэсэн мэдүүлгүүдээр машин механизм ашиглаж хулгайлсан гэж хүндрүүлж зүйлчилсэн...,...Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг хангалттай нотлоогүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж миний үйлчлүүлэгчид ял халдааж байгаад гомдолтой ... хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж үнэн зөв бодитой шийдвэрлэж өгнө үү “ гэх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн гомдол үндэслэлгүй байна

Учир нь :

 З.Хишигбаяр нь монгол хэл, бичиг мэдэхгүй гэдэг нь хавтаст хэргийн 99-100 дугаар талд авагдсан “Би монгол хэл, бичиг мэднэ..” гээд яллагдагчаар мэдүүлэг өгч, гарын үсгээ зурж баталгаажуулсан шүүгдэгч З.Хишигбаярын мэдүүлгээр ,

 2 тооны тэмээг хулгайлсан, 1 нь дагаад явсан гэдэг нь “...2 тооны бүдүүн ингийг хөөгөөд явсан. Тэгээд Бөөн цагаан нуурын хажуу талд шөнийн 04 цагийн үед өөрийн тэмээтэйгээ нийлүүлчихээд Алтанхуяг гэх айлд очиж хоносон...” гэх шүүгдэгч З.Хишигбаярын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч Б.Алтанхуяг, Ц.Дэлгэрцэцэг,Ц.Дашлхагва, А.Батсүх нарын мэдүүлгүүдээр

З.Хишигбаяр нь гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикл ашиглаагүй гэдэг нь “....мөр хартал хойд зүг рүү тэмээ хөөсөн мотоциклын бүдэг мөр байхаар нь тэр мөрийг хөөгөөд явсан. Тэр мөр нь явсаар байгаад “Аргалантын ар” хүрээд алга болсон” гэх гэрч Ц.Дашлхагвын, ”...Хишигбаяр 2021 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө үүрээр манайд мотоциклтой ирж хоносон...” гэх гэрч Б.Алтанхуягийн, “.... Тэгээд Бөөн цагаан нуурын хажуу талд шөнийн 04 цагийн үед өөрийн тэмээтэйгээ нийлүүлчихээд Алтанхуяг гэх айлд очиж хоносон...” гэх шүүгдэгч З.Хишигбаярын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг өөр хоорондоо цаг хугацааны хувьд харилцан хамааралтай мэдүүлгүүдээр гомдлын агуулгууд тус тус үгүйсгэгджээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 -т заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Хишигбаярын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 3.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

      ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

 Т.ЖАРГАЛСАЙХАН