Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 90

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Э-д холбогдох эрүүгийн 1704001330049 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:                     

 Нарийн бичгийн дарга                               Ц.Баясай

 Улсын яллагч                                                Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                   Ж.Э- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт Улаанбаатар хот Багануур дүүргийн .. дүгээр хороо, Р .. дүгээр гудамжны .. тоот хашаанд оршин суух,

Х аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 31-ний тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 1 жилийн хорих ял шийтгэгдэж 2007 оны 12 дугаар сарын 27-нд 2 сар 14 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, Х- овгийн Ж-ын Э- /РД: /.

Прокурорын яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч Ж.Э- нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 2 дугаар гудамжны 4 тоот хашаанд байх гэртээ Б.У-ийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Ж.Э-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ ганцаараа нэг шил 0.5 граммын “Ерөөл” гэх нэртэй архи уусан. Тэгээд орой 23 цагийн үед эхнэртэйгээ маргалдаад түүнийг цохьчихсон. Тэгээд би тухайн үед нэлээн согтчихсон байсан тул яг юу болсныг сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд би эмнэлэг дээр ирчихсэн дусал хийлгээд байж байсан. Би өөрөө их даралт өндөртэй хүн. Би эхнэрийгээ нэг л удаа уруул руу нь цохисон. Манай эхнэрийн хувьд надад гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй. Би өмнө нь эхнэртээ гар хүрч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 15 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч Б.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн үед би нөхөр Э-тай хамт гэртээ байж байсан чинь надад хандан чи муу байцаатай хуурга хийж өгсөнгүй гэж хэлээд намайг үсдэж байгаад уруул руу 1 удаа цохисон. Тэгтэл миний үүдэн шүд хөдөлж уруул язарсан байсан. Тухайн үед манай гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Э- бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Э-ыг зодож цохисон зүйл байхгүй. Э- намайг өмнө нь зодож байгаагүй. Гэхдээ дахиж намайг битгий зодож нүдээсэй гэж бодож байна. Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаагүй боловч 9 жил хамт амьдарч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,

           Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09шэ/298 дугаартай “...Б.У-ийн биед дээд уруулд язарсан шарх, зүүн талын чамархай, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь шинэ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Мөн дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 6 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 2 дугаар гудамжны 4 тоотод манай нөхөр агсам тавиад намайг зодоод байна...” гэсэн тэмдэглэл, /хх-ийн 2 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Э-ы гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: “…Ж.Э- нь ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 31-ний тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 1 жилийн хорих ял шийтгэгдэж 2007 оны 12 дугаар сарын 27-нд 2 сар 14 хоногийн өмнө тэнсэн суллагдсан…” гэсэн баримт  /хх-ийн 18 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Э-ы аюулын зэргийн “...Бага...” гэсэн үнэлгээ /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Хохирогч Б.У-ийн “...Би Э-тай эвлэрсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт мөн Б.У-ийн согтуурлыг шалгасан баримт, гэрэл зураг /хх-ийн 24, 28 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Э-ы “...Би Б.У-тэй эвлэрч уучлалт гуйсан, надаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, тиймээс энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

 Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

 Хохирогчийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Шүүгдэгч Ж.Э- нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны  өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 2 дугаар гудамжны 4 тоот хашаанд байх гэртээ Б.У-ийг зодож дээд уруулын зүүн гадна хэсэгт 2х1см язарсан шарх, эрүүний баруун доод хэсэгт 1х0.5см, 1.3х0.5см, зүүн талын чамархайн хэсэгт 56х4см улаан ягаан өнгийн зулгаралтууд зэрэг гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн “...Хохирогч Б.У-ийн биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…Ж.Э- миний уруул руу нэг удаа цохисон…” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/298 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчтой маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэсэн зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч Ж.Э- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Иймд Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч Ж.Э-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх саналыг гаргасан нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 31-34 дугаар хуудас/, шүүгдэгч дээрхи ялыг хүлээн зөвшөөрсөн нь уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг /хх-ийн 35 дугаар хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ж.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан “…Ялыг нэг жилийн хугацаанд төлж барагдуулахаар хугацаа тогтоож өгнө үү…” гэсэн хүсэлт, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Х- овгийн Ж-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х- овгийн Ж-ын Э-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Ж.Э-д тус тус мэдэгдсүгэй.
  4. Хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Ж.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ