Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/038

 

З.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч З.******* түүний өмгөөлөгч *******/цахимаар/

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор З.*******т холбогдох эрүүгийн 2214000000025 дугаар хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Бэсүүд овогт *******ын *******, ............. оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /*******/,

Шүүгдэгч З.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнийн 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэр “Хар үзүүр” гэх газраас иргэн *******, ******* нарын өмчлөлийн 2 тооны ингэн тэмээг буюу олон тооны малыг ижил сүргээс нь машин механизм ашиглаж таслан хулгайлан авч, өөрийн эзэмшлийн тэмээнүүдтэй нийлүүлэн “Аргалантын ар” гэх газар руу тууж яван иргэн *******д 1.800.000 төгрөгийн, *******д 1.300.000 төгрөгийн нийт 3.100.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас З.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Бэсүүд овогт *******ын *******ыг олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч З.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч З.*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч З.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 02 сарын 17-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч З.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклыг /үнэлгээ 500.000 төгрөг/ шүүгдэгч З.*******аас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:

Өмгөөлөгч миний бие нь тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02-р сарын 17-ны өдрийн N2 2022/ШЦТ/ 34 тоот шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч З.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-р зүйлийн 12.2.1, 17-р зүйлийн 12.2.4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын 3-р хуудсанд авагдсан яллагдагч З.*******ын өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлэг. /Хавтаст хэргийн 37-38, 99-р хуудас/ Гэрч З.*******ын 2022 оны 12-р сарын 08-ны өдрийн мэдүүлэгт боловсролгүй малчин гэжээ. Шүүгдэгч З.******* нь мөрдөн байцаалтын шатанд боловсролгүй малчин байсан тул 3-р ангид алдаг оног суусан гэдгээ хэлсээр байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5-р зүйлийн 3.1.3-г зөрчиж өмгөөлөгчгүй мэдүүлэг авч өөрийнх нь мэдүүлэгээр яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-р зүйлийн 6-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт мөн тэрээр уншиж ойлгодоггүй 35 үсгийг бол мэднэ гэж мэдүүлдэг бөгөөд мөн хэрэгт хавсаргасан 8-р ангийн гэрчилгээг аав нь амьд сэрүүн байхдаа танилын шугамаар авч өгсөн гэдэг нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын 2022 оны 3-р сарын 09-ний өдрийн №374 тоот лавлагаагаар нотлогдож байна. Иймд дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж авсан мэдүүлгүүдийг хүчингүйд тооцож дахин мөрдөн шалгах ажиллагааг хууль ёсны шаардлагад нийцүүлэн хийлгэх шаардлагатай байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-р зүйлийн 12.2.1-д заасан олон тооны мал хулгайлсан гэжээ. Гэтэл З.******* нь 1 тэмээ хулгайлснаа хүлээн зөвшөөрч хохирогч *******д гурван сая төгрөг төлсөн баримт хэрэгт хавсаргагдсан байна. /Хавтаст хэргийн 79-р хуудас/ Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт нэг тэмээ нь ижлээсээ тасрахгүй дагаад байхаар нь хамтад нь туусан түүнээс тэрхүү тэмээг хулгайлах санаа зорилго байгаагүй тиймээс ч нядлаагүй эзэнд нь буцааж өгсөн гэж мэдүүлжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-р зүйлийн 12-дахь хэсгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив болон объектив талын олон тооны мал гэсэн шинжийг үгүйсгэж байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-р зүйлийн 12.2.4-т заасан машин механизм ашиглаж үйлдсэн гэж зүйлчилжээ. Гэтэл З.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгт мотоциклтой явж байсан нь үнэн тэмээ туухдаа мориор туусан бензингүй болсон гэсэн мэдүүлэг. Хохирогч ******* тэнд портертой хүмүүс 2 тэмээ ачсан гэх сураг гарсан гэсэн таамаг төдий мэдүүлэг. /Хавтаст хэргийн 14-р хуудас/ Мөн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд хэргийн ул мөр олдоогүй гэжээ. /Хавтаст хэргийн 4, 5-р хуудас/ Зөвхөн гэрч ын тэмээ алга болсон газраа буцаж ирээд мөр хартал хойд зүг рүү тэмээ хөөсөн мотоциклийн мөр байсан гэсэн мэдүүлгээр гэрч ийн ******* нь 2021 оны 11-р сарын 28-нд шөнө үүрээр манайд мотоцикльтой ирж хоносон гэсэн мэдүүлгүүдээр машин механизм ашиглаж хулгайлсан гэж хүндрүүлж зүйлчилжээ.Гэтэл З.******* нь тухайн үед мотоцикл, морьтой явж байсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг хангалттай нотлоогүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж миний үйлчлүүлэгчид ял халдааж байгаад гомдолтой байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж үнэн зөв бодитой шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: З.******* нь олон тооны мал хулгайлаагүй, нэг тэмээ нь нөгөө тэмээг дагаад явсан байдаг. Мөн мотоциклиор яваагүй, мориор явсан тул хэргийг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулна уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.*******ыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнийн 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэр “Хар үзүүр” гэх газраас иргэн *******, ******* нарын өмчлөлийн 2 тооны ингэн тэмээ буюу олон тооны малыг ижил сүргээс нь машин механизм ашиглаж таслан хулгайлан авч, өөрийн эзэмшлийн тэмээнүүдтэй нийлүүлэн “Аргалантын ар” гэх газар руу тууж иргэн *******д 1.800.000 төгрөгийн, *******д 1.300.000 төгрөгийн нийт 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүх шүүгдэгч З.*******т Эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 Гэмт хэргийн дээрх үйл баримт нь:

Хавтаст хэргийн 13-14,16 дугаар талд авагдсан “...... 2021 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө манай тэмээнээс 2 тооны тэмээ тастаад хөөгөөд явчихсан байсан. ...“Аргалантын ар” талд байсан тэмээн дотор алга болсон 1 тэмээ нь байсан. ...Баянцагаан сумын иргэн ******* гэх хүний тэмээ байсан. а өөрийн тэмээгээ олж авсан...... Манай тэмээ зөв талын шанаа дээрээ гурвалжин тамгатай, мөн зөв талын хүйтэн хонго дээрээ гурвалжин тамгатай бор зүсмийн 5 настай бүдүүн боос ингэ байсан ...Тэмээний хохирлыг бэлэн мөнгөөр барагдуулж өгсөн. Тэмээгээ эрж хайх, явцад гаргасан зардал болох 578.000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна. Мотоциклын мөр байсан...” гэх хохирогч *******ийн,

Хэргийн 21-22 дугаар талд авагдсан “...... Баацагаан, Баянцагааны зааг нутаг болох “Аргалантын ар” гэх газраас З.******* гэдэг хүний тэмээнд байхыг нь олсон. З.*******аас өөрийнхөө тэмээг авсан. Тэмээгээ хайсан бензин түлшний мөнгийг авсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх хохирогч ******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд нь

 Хэргийн 25-26 дугаар талд авагдсан “... ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө үүрээр манайд мотоциклтой ирж хоносон. ....Бор ингэ барьж уясан..... Сувиа ингийг нь Сүхээгийнх гаргаж идэх юм” гэж хэлсэн. ...өглөө нь тэмээгээ гаргасан..... Зөв талын шанаа гуя дээрээ гурвалжин тамгатай. Бор зүсмийн бүдүүн ингэ байсан. ....Би өөрийнх нь тэмээ юм байна гэж тухайн үед ойлгосон...” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

Хэргийн 29-30 дугаар талд авагдсан “...... 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө тэмээгээ үзэхэд “манай дүүгийн 1 тэмээ, манай 1 тэмээ нийт 2 тооны тэмээ нь байхгүй байна” гэж над руу хэлсэн. ....“******* гэх айлын тэмээн дотор нь алдсан нэг тэмээ байна” гэж хэлсэн. Тэр тэмээ нь манай дүүгийн өөрийн тэмээ нь байсан. Харин манай алдсан тэмээ байгаагүй..” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад мэдүүлэг

Хэргийн 33-34 дүгээр талд авагдсан “... ... 2021 оны 11 дүгээр сарын 21-ний үед хүргэн ах А.Даваацэрэнд буур өгөх гээд тэмээн дээрээ ирэхэд миний хар гунж, ******* ахын бор ингэ байхгүй ....мөр хартал хойд зүг рүү тэмээ хөөсөн мотоциклын бүдэг мөр байхаар нь тэр мөрийг хөөгөөд явсан. Тэр мөр нь явсаар байгаад “Аргалантын ар” хүрээд алга болсон. Тэгээд “Аргалантын” ууланд байсан тэмээгээр ороод явж байтал миний алга болсон тэмээ байсан. Манай хүргэн ахын тэмээ байгаагүй. ******* ...би авчихсан. Хоёулаа уулзъя. Баянцагаан ороод ир гэж хэлсэн” гэх гэрч Ц.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хэргийн 41-42 дугаар талд авагдсан “... 20-ны үеэр ирэхэд бор дунд зэргийн тэмээ бариад уячихсан “өөрийн чинь ингэ хээлтэй юм байна. Энүүгээр сольчихъё” гээд уячихсан байсан ....Миний өөрийн тэмээтэй сольж байгаа юм гэж хэлсэн болохоор би мэдээгүй... “ гэх гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

Хэргийн 37-38, 99 дүгээр талд тус тус авагдсан “ ... Би 2021 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 22-23 цагийн үед Баацагаан сумын нутаг “Хар үзүүр” гэх газарт явж байгаад 30-аад тооны тэмээтэй таараад тэр дотроос 2 тооны бүдүүн ингийг хөөгөөд явсан. Тэгээд Бөөн цагаан нуурын хажуу талд шөнийн 04 цагийн үед өөрийн тэмээтэйгээ нийлүүлчхээд Алтанхуяг гэх айлд очиж хоносон. Тэгээд өглөө нь би тэмээгээ “Хулсан ам” гэх газар руу аваачиж усалчхаад орой 18 цагийн үед Алтанхуяг ахынд тэмээгээ хураагаад тууж ирсэн. Тэмээгээ тэнд барьж авч, уяж хонуулсан. Би Алтанхуяг ахын хүргэн Батсүхэд одоогоос 4 жилийн өмнө хүүхдэд нь 1 ботго өгч байсан юм тэр нь өсөөд 2 ингэ болсон юм. Батсүх надаас нэг ингийг нь хүнсэндээ авна гээд хэлж байсан юм. Тэгээд өөрийн тэмээнээс өгмөөргүй санагдаад хүний тэмээ тууж авч ирсэн. Тууж авч ирсэн тэмээгээ уяж хонуулаад 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө аймгаас Батсүх ирэхээр нь гаргаж өгсөн ...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 2 дугаар багын нутаг “Аргалант” гэх газарт байх манай өвөлжөөнд байгаа. Миний өөрийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл байгаа. Хэргийг ганцаараа үйлдсэн. Шөнө таарахаар нь туугаад явсан. Тэмээг хүнд зарж ашиг олох зорилготой байсан.” гэх шүүгдэгч З.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

Хавтаст хэргийн 50,53 дугаар талд тус тус авагдсан “...5 настай боос ингэний үнэлгээ 1.800.000 төгрөг болохыг тодорхойлов....,... 6 настай эм тэмээний үнэлгээ 1.300.000 төгрөг, Мустанг-5 маркийн хятад мотоциклын үнэлгээ 500.000 төгрөг нийт 1.800.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх ХХК-ийн шинжээчийн 365, 04 тоот дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокурор болон анхан шатны шүүхээс зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн бодит байдалтай нийцжээ..

Анхан шатны шүүх “... шүүгдэгч З.******* нь хохирогч *******д 3.000.000 төгрөг, *******д 500.000 төгрөгийг төлсөн, ...бусдад төлөх төлбөргүйд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцож улмаар тухайн зүйл ангид заасан хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн , хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу хөнгөрүүлэн шийдвэрлэж хуулийг зөв хэрэглэжээ.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин “.. З.******* нь монгол хэл, бичиг мэдэхгүй байхад өмгөөлөгчгүй мэдүүлэг авч өөрийнх нь мэдүүлэгээр яллаж байгаа .... тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт нэг тэмээ нь ижлээсээ тасрахгүй дагаад байхаар нь хамтад нь туусан түүнээс тэрхүү тэмээг хулгайлах санаа зорилго байгаагүй тиймээс ч нядлаагүй эзэнд нь буцааж өгсөн ... олон тооны мал гэсэн шинжийг үгүйсгэж байна...,....мотоциклтой явж байсан нь үнэн тэмээ туухдаа мориор туусан бензингүй болсон гэсэн мэдүүлэг, манайд мотоциклтой ирж хоносон гэсэн мэдүүлгүүдээр машин механизм ашиглаж хулгайлсан гэж хүндрүүлж зүйлчилсэн...,...Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг хангалттай нотлоогүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж миний үйлчлүүлэгчид ял халдааж байгаад гомдолтой ... хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж үнэн зөв бодитой шийдвэрлэж өгнө үү “ гэх шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гомдол үндэслэлгүй байна

Учир нь :

 З.******* нь монгол хэл, бичиг мэдэхгүй гэдэг нь хавтаст хэргийн 99-100 дугаар талд авагдсан “Би монгол хэл, бичиг мэднэ..” гээд яллагдагчаар мэдүүлэг өгч, гарын үсгээ зурж баталгаажуулсан шүүгдэгч З.*******ын мэдүүлгээр ,

 2 тооны тэмээг хулгайлсан, 1 нь дагаад явсан гэдэг нь “...2 тооны бүдүүн ингийг хөөгөөд явсан. Тэгээд Бөөн цагаан нуурын хажуу талд шөнийн 04 цагийн үед өөрийн тэмээтэйгээ нийлүүлчихээд Алтанхуяг гэх айлд очиж хоносон...” гэх шүүгдэгч З.*******ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч , ,*******, нарын мэдүүлгүүдээр

З.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикл ашиглаагүй гэдэг нь “....мөр хартал хойд зүг рүү тэмээ хөөсөн мотоциклын бүдэг мөр байхаар нь тэр мөрийг хөөгөөд явсан. Тэр мөр нь явсаар байгаад “Аргалантын ар” хүрээд алга болсон” гэх гэрч Ц.ын, ”...******* 2021 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө үүрээр манайд мотоциклтой ирж хоносон...” гэх гэрч ийн, “.... Тэгээд Бөөн цагаан нуурын хажуу талд шөнийн 04 цагийн үед өөрийн тэмээтэйгээ нийлүүлчихээд Алтанхуяг гэх айлд очиж хоносон...” гэх шүүгдэгч З.*******ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг өөр хоорондоо цаг хугацааны хувьд харилцан хамааралтай мэдүүлгүүдээр гомдлын агуулгууд тус тус үгүйсгэгджээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 -т заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******ын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 3.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

      ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

 Т.ЖАРГАЛСАЙХАН