Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/039

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч *******

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2005001830296 дугаар хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, ******* овогт *******ы *******, ...........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 

******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах 339 дүгээр цэргийн ангийн амрах байранд 2019 оны 3 дугаар сард иргэн ******* нь дэлгүүрээс худалдан авалт хийлгүүлэхээр өгсөн Хаан банкны ******* дугаартай виза картыг буцааж өгөлгүй өөртөө авч, улмаар тус картыг хувьдаа ашиглан удаа дараа гүйлгээ хийж, 3.891.000 /гурван сая найман зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан ба бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 118 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч *******ын эзэмшлийн “Huawei V6 маркийн гар утас нэг ширхэг..”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******т буцаан олгож, Шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б. Бурмаа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан“ хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” хуулийн үйлчлэлд хамаарахгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж уг хорих ялаа биечлэн эдэлж буй тохиолдолд шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих асуудал гэж үзсэн.

Мөн шүүх шүүгдэгч Б. *******т нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт зааснаар хамаарах боломжгүй тул түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих заалтыг хэрэглээгүй болно гэж тайлбарласан. Ингээд шүүхээс шүүгдэгч Б. *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэн уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дугаар зүйлд заасан шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр дараах байдлаар гомдол гаргаж байна.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийн солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Уг хуулийн хууль үйлчлэх цаг, хугацааг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд Б. *******ын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2019 оны 03 дугаар сар бөгөөд мөн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуульд хамаарч байгаа болно.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх заалтад хамрагдаж байгаа болно. Шүүхээс шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 36.7 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байсан эсэхийг дурдаагүй байна. Миний үйлчлүүлэгч Б. ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч Л. Өнөрбаярт бүрэн төлж барагдуулсан болно.

Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийг анх удаа үйлдсэн” мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчмыг баримтлан *******т оногдуулсан нэг жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэв.

 Өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: *******ыг өршөөлд хамруулах болон хуульд зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус, тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах 339 дүгээр цэргийн ангийн амрах байранд 2019 оны 3 дугаар сард иргэн *******ын дэлгүүрээс худалдан авалт хийлгүүлэхээр өгсөн Хаан банкны ******* дугаартай виза картыг буцааж өгөлгүй өөртөө авч, улмаар тус картыг хувьдаа ашиглан удаа дараа гүйлгээ хийж, 3.891.000 /гурван сая найман зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан ба бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэний дагуу анхан шатны шүүх шүүгдэгч .*******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй, зөв байна.

Гэмт хэргийн дээрх үйл баримт нь:

1 дүгээр хавтаст хэргийн 28-29, 36-38 дугаар талд авагдсан”... Цэргийн ангийн амрах байранд байхдаа *******т виза картаа өгсөн. Тэгээд би ундаа, тамхи авахуулахаар өгөөд виза картаа авахаа мартчихсан байсан. ...Тэгээд данснаасаа мөнгө авах гэсэн чинь миний дансанд байсан мөнгө байхгүй байсан. *******т картаа өгөхдөө нууц кодыг нь хэлж өгсөн. Ямар нэгэн цаасан дээр бичиж өгөөгүй ..”. гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг нь

1 дүгээр хавтаст хэргийн 58 дугаар талд авагдсан “... ХААН банкны виза карт 1 ширхэг эд зүйлийн нийт үнэ цэнэ 3.000 төгрөг ...” гэх Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 377 дугаар дүгнэлт

1 дүгээр хавтаст хэргийн 89 дугаар талд авагдсан Лхасүрэнгийн Өнөрбаярын Хаан банкны ******* дугаар дансаар 3-5 дугаар сард гүйлгээ хийсэн байдлын талаарх ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга

1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дүгээр талд авагдсан”...... 2019 оны 3 дугаар сард ******* надад картаа өгөөд ойр зуурын юм аваад ир гэхээр нь би дэлгүүр лүү картыг авч гарчихаад картыг нь өгөхөө мартаад кармаалаад маргааш өглөө нь аваад явчихсан байсан . Би ажил дээрээ оччихоод эргээд ******* руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Түүнээс хойш би 21 хоногийн дараа ажлаасаа гараад Улаанбаатар хотод очоод нөгөө картад мөнгө байна уу гэж үзтэл мөнгө байхаар нь би цуваргаж авсаар байгаад 3.891.000 төгрөг авсан. Тухайн картын нууц кодыг намайг дэлгүүр явуулахдаа хэлж өгч байсан юм. Улаанбаатар хотод очоод утас руу нь залгахад бас холбогдохгүй байсан. Би виза картад байгаа мөнгийг нь шалгахад 200.000 төгрөг байсан тэгээд мөнгөний хэрэгтэй байсан учраас данснаас нь авсан тэрний дараа дахиад үлдэгдэл шалгахад 500.000 төгрөг орсон байсан тэрийг бас аваад үрсэн тэгээд дансанд нь мөнгө орох болгонд нь цувуулж авсаар байгаад нийтдээ 3.891.000 төгрөг авч үрсэн байсан. Цаашдаа *******ын хохирлыг бүрэн төлж барагдуулах болно. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх шүүгдэгч *******ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь бусдын итгээд өгсөн мөнгөний виза картыг нь буцааж өгөлгүйгээр эд хөрөнгийн эрхийг нь өөртөө авч улмаар эзэмшин карт дахь мөнгийг нь үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар авч захиран зарцуулахдаа өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан хэдий ч санаатай, шунахай сэдэлтээр гэмт хэргийг үйлджээ.

Харин анхан шатны шүүх “...Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ялыг оногдуулж....шийдвэрлэсэн” гэж бичиж шийдвэрлэсэн нь хуулийн тодорхой заалт нэг бүрийг хэргийн нөхцөл байдалтай тохируулж хэрэглээгүй, шийдвэрийн үндэслэлээ тодорхой бичилгүйгээр хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялыг хэрэглэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

Иймд Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт ангилагдаж байгаа болон хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ авч шийтгэх тогтоолд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б. Бурмаагийн “....Б. *******ын үйлдсэн гэмт хэрэг нь ...Өршөөлийн тухай хуульд хамаарч байгаа...,шүүхээс шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 36.7 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийг анх удаа үйлдсэн” мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй, ...Б. ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч Л. Өнөрбаярт бүрэн төлж барагдуулсан... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчмыг баримтлан *******т оногдуулсан нэг жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэх гомдлоос шүүгдэгч *******ыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулалгүйгээр түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэн шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2 дугаар хавтаст хэргийн 102-108 дугаар хуудасны хоорондох баримтыг бүрэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад баримтгүй, давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн, анхан шатны шүүх 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр яллагдагч *******ыг эрэн сурвалжилсан захирамж үйлдсэн, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг Прокурорт шилжүүлсэн зэрэг алдаануудыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай” гэж,

3 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, 36.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 58 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, цагдан хоригдож байгаа шүүгдэгч *******ыг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

 Т.ЖАРГАЛСАЙХАН