Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 91

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 1704000990032 дугаартай хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Б.Одгэрэл

 Улсын яллагч                                               Ж.Бүрэнжаргал

 Хохирогч                                                  Д.Н-

 Шүүгдэгч                                                  Г.Э-нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, 18 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, охин нарын хамт Багануур дүүргийн  дугаар хороо, Хилчин..  дүгээр гудамжны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй Х- овгийн Г-ийн Э-/РД: /

          Прокурорын яллах дүгнэлтэд:

          “Г.Э-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дугаар сарын 16-ны шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хилчний 4 дүгээр гудамжны 6 тоотод өөрийн гэртээ иргэн Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Э-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ :

“Би 2017 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо Хилчний 4 дүгээр гудамжны 6 тоот хашаанд байх манай байшинд Б- Н- бид гурав 2.5 литрийн 2 савтай Нийслэл пиво хувааж ууцгаасан. Б- намайг нөхөртэйгээ хардаж, энэ тухай Н- хэлсэн гэх мэтээр маргаан үүсэж би Н-г үсдэж унагаагаад дээр нь гарч нүүрийг нь маажсан. Би гэм буруугаа хүлээсэн. Н- надаас хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Дахин хэрэг зөрчилд холбогдохгүй. Прокуророос санал болгосон торгох саналын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч Д.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Э-ыд найз Б-, Э- нарын хамт пиво ууцгааж байхад Б- “Э-д чи намайг муулсан” гэхэд би үгүй гэх мэтээр маргахад Б- намайг үсдсэн. Би Э-д “чамд би хэзээ тэгж хэлсэн юм бэ” гээд маргатал Э-намайг үсдэж бид хоёр үсдэлцэхэд Б- салгасан. Гэтэл Э-намайг үсдэж дараад унагааж нүүр маажсан. Тэгээд бид хоорондоо эвлэрээд тэндээ хоноод би өглөө нь явсан. Э-тай эвлэрсэн, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шинжээчийн 09шэ/250 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт Д.Н-гийн нүүрний хэсэгт хамрын нуруунд 1х0.2см, 1.2х0.2см, 0,5х0.3см, баруун хацарт 6х0.2см зүүн хацарт 5х0.2см олон тооны маажуулсан шархнуудтай, зүүн тохойны гадна хэсэгт 2х0.5см тав тогтсон зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн хохирлын зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 8 хуудас/,

Шүүхээс хэргийн үйлдлийг дүгнэсэн талаар:

Г.Э-нь 2017 оны 09 дугаар сарын 16-ны шөнө Багануур дүүргийн өөрийн гэртээ пиво буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ найз Н-тай маргалдсаны улмаас түүнийг үсдэж унагаан нүүрийг нь маажиж  нүүрнийх нь арьсанд хумсны шарх /5 хэсэг газарт/, зүүн тохойд нь зулгаралт зэрэг гэмтлүүдийг учруулсан нь шүүгдэгчийн “...би Н-г үсдэж унагаагаад дээр нь гарч нүүрийг нь маажсан.” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Н-гийн  “Э-намайг үсдэж дараад унагааж нүүр маажсан” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/250  дугаартай “Д.Н-гийн нүүрний өмнөд хэсэгт маажуулсан хумсны шархнууд, зүүн тохойны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг үнэлэхэд:

Хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр давхар батлагдсан төдийгүй, эх сурвалж нь тодорхой байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Дээрх үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч өөрийн гэмт үйлдэл, үйлдлийн улмаас учирсан хохиролд шууд санаатай хандсан нь согтууруулах ундаа хэрэглэсэн болон уур хүрсэн зэргээс болж Н-г зодсоноо хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр  нь болон үйлдлийн шинж байдлаар нь тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Э-нь иргэн Д.Н-гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрхийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна. Мөн түүний биед учруулсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгааг нь шинжээч эмчийн дүгнэлтээр тодорхойлогджээ. Иймд Г.Э-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч Г.Э-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх саналыг гаргасан, хохирогч хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй,  хохирогч шүүгдэгчийг уучилсан зэрэг нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 31/, уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг /хх-ийн 31-32/, хохирогчийн “яллагдагч надаас уучлалт гуйсан тул ямар нэг гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 27/ зэргээр тогтоогдож байна.

 

Прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Г.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино. Г.Э-нь эрхэлсэн ажилгүй, нэг настай хүүхэд, эцэг Г- /ажилгүй/ нарын хамт амьдардаг, өрхийн тогтмол орлогогүй байдлыг харгалзан оногдуулах торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлбэл зохино.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х- овгийн Г-ийн Э-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х- овгийн Г-ийн Э-ийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э-нь торгох ялыг 2018 оны 4 сарын 1-ныг хүртэлх хугацаанд нэг зуун тавин мянган төгрөгийн торгуулийн ялыг, 2018 оны 8 дугаар сарын 1-ныг хүртэлх хугацаанд нэг зуун тавин мянган төгрөгийг 2018 оны  11 дүгээр сарын  дүгээр  сарын 9-ныг хүртэлх хугацаанд нэг зуун тавин мянган төгрөгийг тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
  6. Хохирогч Д.Н- хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
  7.  Г.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгтхураагдсан эд мөрийн баримтгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Д.ОЮУНБАТ