Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2019/0238

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Б.Очмаагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/508 дугаар Б.Очмаад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Б.Очмаа миний бие Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/508 дугаар Б.Очмаад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн тус шүүхэд гаргасан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан зөвшилцөж, маргааныг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Очмаа би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд тус хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Очмаагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/508 дугаар Б.Очмаад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Б.Очмаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримт дээр гарыг үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Очмаагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/508 дугаар Б.Очмаад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН