Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2019/0237

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцож,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нямжаваас гаргасан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Мөнхтуяа, И.Төгсжаргал нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0299607 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Мөнхтуяа, И.Төгсжаргал нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Нямжавын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул холбогдох 0299607 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

Холбогдогч Г.Батсүхэд бичсэн 0299607 тоот шийтгэлийн хуудсыг өөрчлөн дахин 0299610 тоот шийтгэлийг хуудсыг бичсэн болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Мөнхтуяа, И.Төгсжаргал нар нь үзэгчдэд төлбөрийн баримт олгоогүй гэх зөрчилд иргэн Г.Батсүхыг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар 408000 /дөрвөн зуун найман мянга/ төгрөгөөр торгох шийтгэлийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0299607 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсныг Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 35 тоот дүгнэлтээр ...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.5 дахь заалтаар шийтгэл оногдуулах атал Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй тул шийтгэл оногдуулсан 0299607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах- аар захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Мөнхтуяа, И.Төгсжаргал нар нь прокурорын дүгнэлтийг ийнхүү хүлээн зөвшөөрч байгаагаа 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бичгээр илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Мөнхтуяа, И.Төгсжаргал нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0299607 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Мөнхтуяа, И.Төгсжаргал нар хүлээн зөвшөөрснийг баталж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0299607 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцож, холбогдох зөрчил хянан шийдвэрлэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0299610 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 12.1-д зааснаар үзэгчдэд төлбөрийн баримт олгоогүй зөрчилд нь холбогдогч Г.Батсүхэд 408000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулсныг мөн холбогдогч Г.Батсүх нь уг торгуулийн төлбөр 408000 төгрөгийг тухайн өдөр төлсөн байгааг тус тус дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Мөнхтуяа, И.Төгсжаргал нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0299607 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Мөнхтуяа, И.Төгсжаргал нар хүлээн зөвшөөрснийг баталж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0299607 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Баянгол дүүргийн Прокурорын газар нь прокурорын дүгнэлт бичихдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА