Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 93

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн 1704000780040 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Одгэрэл

 Улсын яллагч                                            Х.Эрдэнэтуяа

 Хохирогч                                                Ж.М

 Шүүгдэгч                                                Д.О- нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 2 дугаар сарын 17-ны өдөр .. аймгийн Ц суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр Ж.М-д,  4-9 насны 2 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: Г аймгийн Ц сум, .. дугаар баг, Д/, одоо Багануур дүүргийн .. дүгээр хороо, Х .. дүгээр гудамжны .. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Б- овгийн Д-гийн О- /РД:/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Д.О- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М-ыг байнга буюу 2015 оны намар гэртээ ирж хоносонгүй, машин мөргүүлсэн байна гэж уурлан гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсон,

2017 оны 8 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Ж.М-ыг айлд ороод удлаа гэж уурлан гараараа мөр, хөл ууц нуруу руу нь цохиж, өшиглөж зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Даншиг наадмын урд өдөр малаа айлын малтай нийлүүллээ гэж уурлан зодож түүнийг байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.О-ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Бид хоёр гэр бүл болоод 10 жил болж байна. Би 2015 оны намар хөдөөнөөс Багануурт гэртээ ирэхэд эхнэр хүүхдүүд байхгүй байхаар нь гадуур хайж явсан. Тэгтэл голын 9 давхар байрны гаднах зогсоол дээр манай машин байхаар нь машинаа аваад гэртээ ирсэн. Харин манай эхнэр хүүхдүүдтэйгээ өглөө гэртээ ирэхээр нь машин мөргүүлсэн байна, гэртээ хоносонгүй гэж уурлаад гараараа мөр лүү нь хоёр удаа цохиж, нэг удаа өшиглөсөн. Би тухайн үед архи уучихсан байсан. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр буюу Даншиг наадмын урд өдөр манай эхнэр малаа айлын малтай нийлүүлснээс болж уурандаа гараараа хоёр удаа цохьсон бөгөөд би архи уусан байсан. Мөн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр манай эхнэр хүүхэддээ хувцас авна гээд хот явж ирчихээд утсаар ярьж байснаа гадаа хашааны үүдэнд машин сегналдахад гараад явсан. Тэгээд 30-40 минутын дараа гэртээ орж ирэхээр нь бид хоёр маргалдаж, хардаад 2-3 удаа цохиж өшиглөсөн. Тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Би амьдралдаа 3 удаа эхнэртээ гар хүрч байсан. Прокурорын санал болгосон 6 сарын хорих ялыг биечлэн эдлэхийг зөвшөөрөхгүй байна. Харин уг ялыг тэнсэх эсхүл торгох ял оногдуулж өгөөч...” гэжээ. /хх-ийн 35-37/,

Хохирогч Ж.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Манай нөхөр О- сүүлийн үед архи их ууж, эрүүл саруул байх өдөр нь цөөн байх болсон. Ойрын хүрээлэл нь түүнд их нөлөөлдөг бөгөөд аав болон эгчийнхээ хүүхэдтэй нийлээд архи уудаг. Архинаас дэндүү хамааралтай болж, байгаагаа архинд өгч, уух шалтаг их хайдаг. Би намар болохоор сургууль, цэцэрлэгийн 2 хүүхдээ сахиад Багануурт амьдардаг юм. 2015 оны намар 10 сарын  сүүлээр гэртээ байж байтал “манай нөхрийг архи уучихсан Багануурт ирчихсэн явж байна” гэж хүнээс сонссон. Тэгээд нөхрийгөө архи уучихсан гэдгийг сонсоод хүүхдүүдээ аваад 42 дугаар байранд байдаг нагац эгчийндээ очиж хоносон. Би машинаа байрны гаднах зогсоол дээр тавьсан байсан бөгөөд өглөө машин байхгүй байсан. Тэгээд өглөө нь хүүхдүүдтэйгээ гэртээ очиход О- согтуу байсан бөгөөд “машин мөргүүлчихсэн байна, гэртээ хоносонгүй” гэж уурлаад гараараа цохиж өшиглөсөн. Би зугатаж гараад таксины жолоочийн утсаар цагдаа дуудсан. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Хужиртад хөдөө гэртээ байж байхад хонио айлын хонь малтай нийлүүллээ гэж уурлаад гараараа толгой мөр лүү, хаа таарсан газартаа цохиж өшиглөсөн. Тухайн үед О- согтуу байсан. Тэрнээс болоод миний толгой хөдлөөд маргааш нь толгойгоо бариулсан. Дараа нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэгийн бэлтгэлийг хийхээр хүүтэйгээ хамт хот яваад орой гэртээ ирсэн. Хотоос ирэхдээ миний толгой өвдөөд байсан юм. Тэгэхээр нь манай гэрийн урд талын гудамжинд байдаг толгой барьдаг ахынд орж толгойгоо бариулчихаад 10 орчим минут болоод гэртээ орж ирсэн. Тэгтэл манай нөхөр намайг “надад хэлэлгүй явлаа” гэж уурлаад өшиглөөд цохиод байсан. Өдөр нь гэртээ үлдэхдээ архи уусан юм шиг байна лээ. Учир нь манай охин “аав өдөр шилтэй пиво уусан” гэж надад хэлсэн. Бид хоёр амьдраад 10 жил болж байгаа бөгөөд суусан жилийнхээ намраас эхэлж намайг зодож эхэлсэн. Архи уух болгондоо тоншоод байдаг. Би хоёр хүүхдээ бодож явсаар байгаад өдий хүрлээ. Миний бие байнга л хөх няц болсон байдаг, сүүлдээ мөр лүү цохиход л толгой хөдөлдөг болсон. Манай нөхөр 70 настай аавтайгаа хүртэл нийлээд архи уучихдаг. Би хадмынхаа хашаанд амьдардаг. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, хоёр хүүхдээ бодоод энэ хүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №09шэ/226 дугаартай дүгнэлтэд: ”Ж.М-ын биед тархины доргилт, баруун болон зүүн гарын бугалга, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр биедээ учруулсан байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 12/,

Аюулын зэргийн үнэлгээгээр “эрсдлийн түвшин-Өндөр” гэжээ. /хх-ийн 16-17/,

 

Нийгмийн ажилтны Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлтэд “ Байнгын дарамтнаас болж биеэ хянах чадвар муудсан нь өөрийгөө хохирогч болгох, улмаар ямар ч хяналтгүй үйлдэл хийх, эрсдэл учруулж болзошгүй, нөхрийн гарт бэртэх гэмтэх, амь насаа эрсдэлд учруулж болзошгүй” гэжээ. /хх-ийн 23-37/,

2017оны 8 сарын 25-ны өдөр хохирогч Ж.М-ын биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4/,

 

Шүүгдэгч Д.О-ийн гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаарх мэдээллүүд /хх-ийн 42-46/,

 

Шүүгдэгч Д.О- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 40/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 39/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/226 дугаартай дүгнэлт, Аюулгүйн зэргийн болон Нөхцөл байдлын үнэлгээний үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

           Шүүгдэгч Д.О- нь согтуугаар 2015 оны 10 дугаар сард Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 9 дүгээр гудамжны 4 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Ж.М-ыг “гэртээ хоносонгүй, машин мөргүүллээ” гэж уурлан түүнийг гараараа цохиж, өшиглөсөн,

Мөн согтуугаар 2017 оны 7 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Хужиртад хөдөө гэртээ “хонио айлын малтай нийлүүллээ” гэж уурлан эхнэр Ж.М-ыг гараараа толгой мөр лүү нь цохиж, өшиглөсөн, 

Мөн 2017 оны 8 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Багануур дүүргийн  өөрийн гэртээ эхнэр Ж.М-ыг “айлд ороод удлаа” гэж уурлан гараараа толгой, мөр лүү нь цохиж, хөл рүү нь өшиглөсний улмаас түүний биед тархины доргилт, баруун болон зүүн гарын бугалга, баруун зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би уурандаа эхнэрээ зодсон, амьдралдаа гурван удаа эхнэрээ зодсон нь үнэн, байнга зодсон зүйл байхгүй” талаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.М-ын “...манай нөхөр надтай суусан жилийнхээ намраас эхэлж намайг зодож эхэлсэн, бид хоёр амьдраад 10 жил болж байна. Би хоёр хүүхдээ бодоод өдий хүрсэн. Миний хөл гарыг хугалж, хүнд гэмтээж байгаагүй ч байнга л намайг тоншиж байдаг, бие маань байнга хөх няц байдаг, толгой их өвддөг болсон. Би 2015 оны 10 сард хонио айлын малтай нийлүүлснээс болж намайг зодсон. Хамгийн сүүлд 2017 оны 7 болон 8 дугаар сард дахин зодсон. Манай нөхөр намайг зодохдоо хаа таарсан газраа л цохиж өшиглөдөг. Аавтайгаа хүртэл нийлээд архи уучихдаг, архинаас дэндүү хамааралтай болсон” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 2-ний өдрийн 09 шэ/226 тоот актын “Ж.М-ын биед тархины доргилт, баруун болон зүүн гарын бугалга, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 12/, хохирогчийн биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цагдаагийн алба хаагчийн хийсэн Аюулын зэргийн үнэлгээгээр “эрсдлийн түвшин-Өндөр” гэсэн үнэлгээ /хх-ийн 16-17/8, нөхцөл байдлын үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч, хохирогч нар нь 2007 оны 9 сарын 2-ны өдөр гэр бүл болсон нь 2007 оны 9 сарын 17-ны өдрийн №28 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-н 74/

Тухайн хэрэгт цугларсан дээрх баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Д.О- нь эхнэр Ж.М-ыг 2015 оны 10 дугаар сард “машин мөргүүллээ, гэртээ хоносонгүй” гэх шалтгаанаар гараараа цохиж, өшиглөсөн, мөн дараа нь түүнийг  “хонио айлын малтай нийлүүллээ” гэж уурлан гараараа толгой, мөр лүү нь цохиж, өшиглөсөн, мөн дараа нь түүнийг “айлд ороод удлаа” гэж уурлан гараараа толгой мөр лүү цохиж, хөл рүү нь өшиглөх зэргээр зодон биед нь гэмтэл учруулсан байна. Шүүгдэгч Д.О- нь бусдад хүч хэрэглэсэн үйлдэл, түүнээс үүсэх үр дагаварыг ухамсарлаж, хүсч үйлджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.О-ийг мөрдөн байцаалтаар тогтоогдсоноор эхнэрээ 3 удаа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу хохирогчид бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэж үзнэ.

Шүүгдэгч нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шалтгаан нөхцөл нь болсон байна.

Иймд Д.О-ийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь “6 сараас 1 жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан” байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 40/

Шүүх шүүгдэгч Д.О-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, прокурорын саналыг харгалзан Д.О-д Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирогч Ж.М-ын амь нас, эрүүл мэндэд учирч болох эрсдэлд хийсэн аюулын зэргийн үнэлгээний түвшин нь өндөр байх бөгөөд нөхцөл байдлын үнэлгээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг дүгнэхэд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна. 

Хохирогч Ж.М- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгчийн

цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчид энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б- овгийн Д-гийн О-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б- овгийн Д-гийн О-ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О-д оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Д.О-ийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан  тооцсугай.
  5. Хохирогч Ж.М- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.О-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Д.О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАЙГАЛМАА