Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 837

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00561 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А”     ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “МТТ” ХХК-д  холбогдох

Гэрээний үүрэгт 16 312 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анаргүль, түүний өмгөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А” ХХК нь “МТТ” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 4.1-д худалдан авагч нь сэлбэг авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлж барагдуулна, 5.2-т худалдан авагч нь сэлбэгийн төлбөрийг гэрээний 4.1-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. “МТТ” ХХК 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр, 5 дугаар сарын 12-ны өдөр, 5 дугаар сарын 24-ний өдрүүдэд нийт 3 удаагийн авалтаар нийт 11.026.000 төгрөгийн сэлбэг худалдан авсан ба мөн нэмж 600.000 төгрөгөөр машины мотор боолгосон. Худалдан авалтуудын төлбөрийг одоог болтол төлөөгүй болно. Нийт 11.026.000 төгрөгийн сэлбэг худалдаж авсан ба гэрээний 5.2-т зааснаар нийт 425 хоногийн алданги 9.372.000 төгрөг болж, үнийн дүнгийн 50 хувь 4.686.050 төгрөг, сэлбэг худалдан авсан төлбөр 11.026.000 төгрөг, мотор боолгосон 600.000 төгрөг, нийт 16.312.050 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “МТТ” ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анаргүль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Алтай хангай бүрд” ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байрлах тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-006505 тоот тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордод алт олборлолтын үйл ажиллагааг хамтран гүйцэтгэхээр харилцан тохиролцож 01 тоот Уул уурхайн төсөл хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэвч 2018 оны 7 дугаар сард “Алтай хангай бүрд” ХХК-тай байгуулсан Уул уурхайн төсөл хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ цуцлагдаж, бид үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжгүй болсон тул уурхайгаас тоног төхөөрөмжүүдээ татан авсан. Манай компани нь “А” ХХК-тай Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэх баримтанд манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Мөн “А” ХХК нь манай компанид 3 удаагийн нийлүүлэлтээр сэлбэг нийлүүлсэн гэдэг үндэслэлгүй, тус компаниас ямар ч сэлбэг хүлээн аваагүй, “Алтай хангай бүрд” ХХК авсан болно. “Аптай хангай бүрд” ХХК-тай хамтран ажиллах гэрээ цуцлагдсаны дараа захирал Д.Ганболд нь “А” ХХК-аас авсан сэлбэгийн мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлж баталгаа бичиж өгсөн тус баталгаа нь “А" ХХК-д өөрт нь хадгалагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МТТ” ХХК-аас сэлбэгийн үнэ 8.424.000 төгрөг, алданги 4.212.000 төгрөг, нийт 12.636.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3.676.050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 217.126 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2019/19826 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч “МТТ” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Манай компанийн зүгээс "А" ХХК-тай төлөөлж, гэрээ хэлцэл байгуулах эрхийг Н.Батцэцэг, Д.Батжаргал нарт олгож байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Н.Батцэцэг, Д.Батжаргал нар нь итгэмжлэлгүйгээр төлөөлж гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй этгээд биш болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогддог. Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу төлөөлүүлэгчийн зөвшөөрлөөс шалтгаалдаг юм. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр "МТТ" ХХК-ийн захирал нь Р.Ариунболд гэх хүн болохыг мэднэ, утсаар ярьж байсан гэж мэдүүлдэг. "Монтоп трейд" ХХК-д Н.Батцэцэг, Д.Батжаргал нар нь ажилладаг байсан эсэх нь хамааралгүй юм. Шүүх Н.Батцэцэг, Д.Батжаргал нар "Монтоп трейд" ХХК-ийг төлөөлж итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулах эрхтэй эсэх, итгэмжлэл бусад баримт бий эсэхэд дүгнэлт өгөлгүй талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. "МТТ" ХХК-д Л.Очирбат гэх этгээд ажиллаж байгаагүй, нотлох баримтаар сүүлийн 2 жилийн нийгмийн даатгалын тайланг гаргаж өгсөн. Иймээс манай компанийн зүгээс компанийн ажилтан биш Л.Очирбатад үүрэг, зөвшөөрөл өгсөн болох баримт нь хэрэгт авагдаагүй. Иргэний хуулийн232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан байдаг. Гэрээний 5.2-т хугацаа хэтэрсэн хоног тутамд 2 хувийн алданги гэж хоног тутамд үүргийн хэмжээг хэтрүүлэн заасан байхад шүүх Иргэний хуулийн 232.6 дах хэсэгт нийцүүлэн зөвтгөж , гэрээнд өрчлөлт оруулах замаар хариуцагчаас алдангид 4.212.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Алданги төлөх тохиролцоо нь Иргэний хуулийн 232.6 дах хэсэгт нийцээгүй бол шүүх алданги төлөхөөр тохиролцоогүй,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцээгүй гэж дүгнэхээс биш техникийн алдаа гэж нэхэмжлэгч талд илтэд давуу байдал олгож маргааныг шийдвэрлэх үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.  

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “МТТ” ХХК-д холбогдуулан машин механизмын сэлбэгийн үнэ 11.026.000 төгрөг, алданги 4.686,050 төгрөг, мотор боолгосны хөлс 600,000 төгрөг, нийт 16,312,050 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд “А” ХХК-ийг төлөөлж, менежер Э.Давааням, “МТТ” ХХК-ийг төлөөлж, ерөнхий менежер Н.Батцэцэг нар гарын үсэг зурж,  компанийн тамга дарагдсан байна. /хх-7-9 тал/

Хариуцагч нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргасан боловч ерөнхий менежер Н.Батцэцэг нь тус компанид ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан тус компанийн Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын 2018 оны 4, 5 дугаар сарын тайлангаар нотлогдсон, түүнчлэн гэрээнд компанийн тамга дарагдсан байдлыг тус тус үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. /хх-ийн 7-9, 115-117/

Мөн талууд гэрээ байгуулахаас өмнө “МТТ ХХК-ийн авах сэлбэгийн жагсаалтыг “МТТ” ХХК-ийн ажилтан Дамдинсүрэнгийн Батжаргалын и-мэйл хаягаар харилцаж байсан болох нь шүүх хуралдааны явцад и-майл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан файлуудаар тогтоогдож, нэхэмжлэгч компанийн ажилтантай цахим шуудангаар харилцаж сэлбэгийн  захиалга өгсөн Д.Батжаргал нь хариуцагч “МТТ” ХХК-ийн ажилтан болох нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлангаар тогтоогдсон. /хх-ийн 12-13, 115-117, 151-160,

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогдохоор заасан тул 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр авсан 8.424.000 төгрөгийн сэлбэгийн үнийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Нэхэмжлэлээс 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2.352.000 төгрөгийн сэлбэгний үнэ, мотор боолгосон 600.000 төгрөгийг, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 250.000 төгрөгийг нийт 2.602.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 Талуудын хооронд байгуулсан Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2-т заасан 2 хувийн алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан 0,5 хувь гэсэнтэй нийцээгүй байхад 0,2 хувийг 2 хувь гэж буруу бичсэн гэж  4.212.000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулсан нь буруу байна.

Талуудын байгуулсан гэрээний зарим хэсэг буюу алдангийн тохиролцоо хуульд нийцээгүй тул алданги 4.212.000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00561 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “алданги 4 212 000 төгрөг, нийт 12 636 000 төгрөг” гэснийг хасч, “3 676 050” гэснийг “7 888 050” гэж, 2 дах заалтын “217 126” гэснийг “149 734” тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд “МТТ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 130 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                Н.БАТЗОРИГ