Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/03175

 

2024 оны 08 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/03175 Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ............ тоотод оршин суух, Б-ы А  /РД:............./-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........... тоотод оршин суух, Г-ын Х  /РД:.........../-т холбогдох

 

7.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.А 2023.7 сараас 2023.11 сарын хооронд Хаан банк болон Sono, М Банк, Pocket зээлийн газраас 9.800.000 төгрөгний зээл авч Г.Х-т өгсөн. Нийт зээлээс одоогийн байдлаар үлдэгдэл 7.200.000 төгрөг байгаа бөгөөд Г.Хүрэлбаатар нь тохирсон хугацаанд зохих хэмжээгээр төлбөр төлөлтөө хийхгүй байгаа тул шүүхийн журмаар үлдэгдэл төлбөрийг гаргуулан иргэн А-д олгож өгнө үү гэв.

 

Зохигчид 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Б.А, нөгөө талаас хариуцагч Г.Х  нь дараах байдлаар эвлэрэв. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 7.200.000 төгрөгийн 3.075.000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 4.125.000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Х-т холбогдуулан 7.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч нь 7.200.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3.075.000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 4.125.000 төгрөгийг хариуцагч нь төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130.150 төгрөгийн 65.075 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 65.075 төгрөгийг хариуцагч Г.Х-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.А-ийн нэхэмжлэлтэй Г.Х-т холбогдох 7.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 3.075.000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 4.125.000 төгрөгийг хариуцагч нь төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130.150 төгрөгийн 65.075 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 65.075 төгрөгийг хариуцагч Г.Х-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО