Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/042

 

В.Хуягт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бат-Оргил

Шүүгдэгч В.Хуяг, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/234 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор В.Хуягт холбогдох эрүүгийн 2114001210203 дугаар хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Тариачин овогт Ванхүүгийн Хуяг, ....... оршин суух, 2014 оны 07 дугаар сарын 07-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2018 оны 12 дугаар сарын 03-нд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, 2019 оны 05 дугаар сарын 09-нд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2020 оны 6 дугаар сарын 11-нд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, /регистрийн дугаар ВИ81042810/

Шүүгдэгч В.Хуяг нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум 1 дүгээр баг “Буйлсан” гэх газарт 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр жижиг оврын трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 168.168 /нэг зуун жаран найман мянга нэг зуун жаран найм/ төгрөгийн хохирол учруулсан...гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас В.Хуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

     Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ:

Шүүхээс шүүгдэгч В.Хуягийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж Прокурорт буцааж шийдвэрлэжээ

Үүнд Гэрч Д.Дэлгэрдалайн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 3 сарын 28-ны өдөр Хуяг ах над руу ярьсан. Хөдөө явчихаад ирье гээд трактор цахилгааныг нь янзалъя гээд авч явсан. Удаачгүй цагдаа нар ирсэн. В.Хуяг ах сум явсан байсан. Би гэрт унтаж байхад цагдаа ирсэн. Гэрт унтаж байсан болохоор трактороор газар ухсаныг сайн мэдэхгүй байна. Би Чинбаттай хамт үлдсэн. Хэний трактор гэдгийг мэдээгүй. Би гэрт унтаж байсан. Газар ухаагүй. Трактор шалгахдаа нэг удаа шанагаараа газар хутгасан тэрийг мөрдөн байцаалтын шатанд ухсан гэж мэдүүлсэн. Би бичиг үсэг сайн мэдэхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг мэдэхгүй байна. Тракторыг шалгахдаа багахан газар л хутгасан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Чинбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 3 сарын 28-ны өдөр би Баацагаан сумд байсан. В.Хуяг миний тракторын тогийг янзлаад өг гэж дуудсан. Би тракторын тогийг янзалчихаад байж байсан чинь цагдаа нар ирсэн. Намайг Буйлсан гэх газар очиход тракторын шанага нь байхгүй байсан. Би В.Хуягтай тог цахилгааныг нь янзлах гээд 200,000 төгрөгөөр тохирсон. Хэний трактор гэдгийг мэдээгүй. Би тракторыг асаагаад шанагыг нь дээш доош нь болгож үзсэн. Эрэл хайгуул хийе, олборлолт хийе гэсэн талаар мэдэхгүй байна. В.Хуяг трактороо үлдээчхээд буцаад явсан. Би Дэлгэрдалайтай цуг үлдсэн. Намайг ирэхэд гэрийн тэнд шуудайтай шороо байж байсан. Ямар нэртэй газар гэдгийг мэдэхгүй байна. Тэнд гэр байсан. Тракторыг засаад юу хийх гэж байсны би мэдээгүй. Цагдаа нар ирэхэд В.Хуяг байгаагүй. Тракторыг асааж үзэхэд бас В.Хуяг байгаагүй. Би тракторыг барьж шороо эргүүлсэн...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч В.Хуягийг энэ гэмт хэрэгт ямар байдлаар хэрхэн оролцсон болохыг дахин шалгасны үндсэн дээр түүний гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоож чадаагүй байна.

Уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Дэлгэрдалай, Б.Чинбат, Х.Эрдэнэбат нарыг дахин шалгах, уг хэрэгт шүүгдэгч В.Хуяг ямар оролцоотой оролцсоныг бүрэн дүүрэн тогтоох,

Уг хэрэгт Д.Дэлгэрдалай, Б.Чинбат нарын оролцоог нягтлан шалгаж уг гэмт хэрэгт оролцсон эсэхийг тогтоож яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Чинбат, Д.Дэлгэрдалай нар нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зөрүүтэй байх тул эдгээрийг анхаарч шалгах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч В.Хуяг нь үйлдлээрээ нэгдсэн эсэх болон В.Хуягийн оролцоог бүрэн дүүрэн тогтоох нь зүйтэй байна.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар мөрдөн шалгах боломжгүй нөхөн гүйцэтгэх ажиллагааг хийлгэх боломжгүй гэж дүгнэж хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

....Аймгийн прокурорын газраас В.Хуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 д зааснаар 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Буйлсан гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хүралдаанаар хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн 234 тоот захирамжийг 2022 оны 4 дүгээр сарын 18- ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 д зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоож чадаагүй гэжээ.

Өмгөөлөгч би анхан шатны шүүх хуралдаанд В.Хуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох чиг үүргийг хэрэгжүүлж оролцсон. Учир нь: Хуульд зааснаар прокурор энэ хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоосон бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх мөн л хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой бөгөөд шүүх хуралдаанд гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэн шийдвэрлэх боломжтой байхад энэ хэргийг хэн үйлдсэн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Угтаа Прокуророос нэгэнт В.Хуягийг гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн тул түүний гэм буруутай эсэхийг л шийдвэрлэх ёстой бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хэргийг буцаасан нь буруу юм.

Энэ хэргийн тухайд холбогдох бүх гэрчүүдийг асуусан бөгөөд шүүх хуралдаанд гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр В.Хуяг гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгт зааж зөвлөсөн, чиглэл өгсөн зохион байгуулсан зүйл огт байхгүй хэргийн газрын үзлэг зэргээр В.Хуяг гэмт хэрэг үйлдээгүй нь тогтоогдсон. Иймд В.Хуягийг ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн, олборлолт явуулсан гэх үндэслэлгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан.

2. Х.Эрдэнэбатын тракторыг ямар зорилгоор Буйлсан гэх газарт авчирсан, энэ газарт хэн үйл ажиллагаа явуулах гэж байсан, хэн зохион байгуулсан, Б.Чинбат, Д.Дэлгэрдалай нар хамтран оролцсон эсэх нь хэргийн материалд авагдсан нотлох баримт гэрчүүдийн анхан шатны шүүх хуралдаанд дээр өгсөн мэдүүлгээр В.Хуяг гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь

 гэрч Х.Эрдэнэбатын “Миний тракторын цахилгаан нь болохгүй байсан тул В.Хуягийг янзлаад өгөөч гэж гуйсан гэх, гэрч Ч.Чинбатын “Намайг Баацагаан суманд ахындаа байхад В.Хуяг намайг хүрч ирээд Х.Эрдэнэбатын тракторыг янзлаад өгөөч гэсэн, би Бөмбөгөрт ирэхэд эвдэрхий тракторыг машин дээр ачсан байсан. Ингээд намайг аваад Буйлсан гэх газарт хүргэж өгчихөөд Хуяг гэр лүүгээ сумын төв рүү явсан би тракторын шанагыг угсраад цахилгаан тогийг нь янзлах явцад шороо хутгаж үзсэн гэх, гэрч Дэлгэрдалайн “намайг гэртээ байхад Хуяг залгаад Эрдэнэбатын тракторыг янзлуулах гэж байгаа юм. Ачилцаад хүргээд өгөөч гэсэн. Ингээд Буйлсанд очиж буулгасан. В.Хуяг тракторыг буулгачихаад л буцсан түүнийг явсны дараа шалгалт ирсэн тэр үед Хуяг байгаагүй гэх мэдүүлгүүдээр нотлогдож байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Иймд хэргийг шүүгдэгч В.Хуягт ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байсаар байхад бүцаасан нь үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 д зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 234 дүгаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бүцааж өгнө үү гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Мөрдөн байцаалтад хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүй, шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч байх тул Прокурорт буцаана уу гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж оролцоно. Шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан, хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч В.Хуягийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум 1 дүгээр баг “Буйлсан” гэх газарт 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр жижиг оврын трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 168.168 /нэг зуун жаран найман мянга нэг зуун жаран найм/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоогоогүй буюу нотолбол зохих байдлыг шүүх тогтоож нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх нь шүүх хуралдаанд оролцуулсан гэрч Д.Дэлгэрдалай, Б.Чинбат нарын мэдүүлгүүд нь тэдний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээс зөрүүтэй болсон, шүүгдэгч В.Хуягийг энэ гэмт хэрэгт ямар байдлаар хэрхэн оролцсон нь тодорхойгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоогоогүй гэх үндэслэлээр хэргийг Прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “ мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасантай нийцсэн байна.

Мөн түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан “... гурван метрийн гүнтэй, дөрвөн метрийн өргөнтэй, таван метрийн урттай ухагдсан нүх байлаа...” гэх хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн зураг зэрэг нь болсон үйл явдал, нөхцөл байдлыг тодорхой бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг ашигт малтмал хууль бусаар олборлох тухайн гэмт үйлдлийн энэ нөхцөл байдалтай уялдуулан нотлох нь үнэн, шударга байх зарчимд нийцэх юм.

Хэрэгт авагдсан гэрэл зургаас харахад энэ хэрэгт нэг хүн оролцож үйлдэх боломжгүйгээс гадна нэгдэн нийлсэн этгээдүүд нь гэмт санаа бодлоор нэгдэн нийлсэн эсэх, эсвэл хөдөлмөрийн болох хөлсөөр ажиллах аман хэлцэл, хууль ёсны гэрээ хийгдсэн байдлыг нотлон тогтоох нь гэм буруугийн асуудалд чухал ач холбогдолтой болно.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ ... шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх...”-ийг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Учир нь: В.Хуягийг ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн, олборлолт явуулаагүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь хэргийн газарт болсон нөхцөл байдалтай нийцэхгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох нь эх дэлхий, байгаль экологид ээлгүйгээс гадна энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй болно.

Анхан шатны шүүх нь Давж заалдах шатны шүүхээс хүргүүлсэн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Гэрэлмаад системээр хуваарилагдан улмаар 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тус, тус хэргийг хойшлуулж шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлийг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тэмдэглэлийн бланк дээр гаргаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Мөн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хойшлуулахдаа “шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн татгалзал шийдвэрлэх, дараагийн шүүгчид хуваарилагдах хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулж...” шийдвэрлэснийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хүсэлтийг нь хангаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т “...өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол...” шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэж заасан зохицуулалтын дагуу татгалзан гаргасан байх боловч шүүгч хүсэлтээ бичгээр гаргаагүйгээс гадна өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэлээ тодорхойлоогүй, баримтжуулаагүй байхад нь хүсэлтийг хангаж шийдвэрлэн хэргийг нэг шүүгчээс нөгөө шүүгчид нэгдсэн системээс дахин хуваарилуулсан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1, 19.3.2-т тус тус заасантай нийцэхгүй болохыг цаашид анхаарах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 -т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/234 дугаар захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ                    

 ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН

 Т.ЖАРГАЛСАЙХАН