Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 94

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Б-д, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.А-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө.Б-, Ж.А- нарт холбогдох эрүүгийн 1704000930043 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                     Б.Одгэрэл

 Улсын яллагч                                     Ж.Бүрэнжаргал

 Хохирогч                                             Ж.Э-

 Шүүгдэгч                                         Ө.Б-, Ж.А- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Т аймгийн Б суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ө.. аймгийн Х.. суманд “…” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 5, эхнэр У.Н, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн . дүгээр хороо, .. дугаар байрны ..тоот орон сууцанд оршин суух, 2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, Б- овгийн Ө-ын Б- /РД:/.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, … ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр Ж.Э, 4 хүүхдийн хамт Багануур дүүргийн .. дүгээр хороо Жаргалантын .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц- овгийн Ж-ын А- /РД: /.

          Прокурорын яллах дүгнэлтэд:

           Ө.Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн хэлтсийн Галуут 140 постын орчим иргэн Ж.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

           Ж.А- нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Багануур дүүргийн 2 дугаар хороо Цагдаагийн хэлтсийн Галуут 140 постын орчим иргэн Ө.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ө.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн үед Улаанбаатар хотод Баянзүрх тээврийн товчоон дээр Б-, Э- нартай нэг шил архи цайны газарт хувааж уусан. Тэгээд Багануурын нэг машинд бид гурав суусан. Ингээд Багануур дүүрэг явах замдаа замаараа дэлгүүрээс би 0.5 граммтай архи авсан чинь Э- голоо цохисон хоёрын хооронд жаахан архи авлаа гэхээр нь буцаж ороод солиулж 0.75 граммтай архи авсан. Авсан архиа ууж явж байгаад Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын гүүрний цаана сууж явсан машинаа зогсоож замын баруун гар талд зогссон. Би сайн санахгүй байна. Нэг сэргэхэд машин ирсэн бос гэж хэлсэн. Ингээд харахад Э- 200-300 метр хиртэй газарт байж байсан. Наанаас нь Б- очиж авчирсан. Машиндаа суугаад Багануур руу хөдөлж Багануур дүүргийн замын цагдаагийн постон дээр ирж зогссон. Бид нарын сууж явсан машин Баяндэлгэрийн Тогосын гүүрний цаана бид гурвыг буухад үлдээгээд явж байгаад буцаж ирж авсан байсан. Бид нар постон дээр ирж зогсож машинаас буухад 2 хүн надруу дайрсан, миний нүүр рүү А- цохиж намайг унагаасан. …Намайг замын хажуу руу унахад Э- дээр ирж суусан тэр үед Б- Э-ыг өшиглөж салгасан. Эхлээд А- нүүр рүү цохисон. Миний хоёр нүд хавдсан, хөхөрсөн, тохой халцарсан, баруун гарын чигчий хуруунаас цус гарсан, зүүн эрүү хавдсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл /

          Шүүгдэгч Ж.А-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед манай эхнэрийн дүү Э- утсаар намайг хот руу хамт явсан 2 залуу зодчихлоо одоо Тогосын гүүрнээс ирж байна гэж ярьсан. Тэгэхээр нь би урдаас чинь тосоод очьё гээд замын цагдаагийн постон дээр өөрийнхөө эзэмшлийн машинтай очиход Багануур ХК-д бульдозерчин А- гэх залуугийн приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн машинтай ирсэн. Тэгээд Э- машинаас бууж ирэхэд нүд нь хөхөрч хавдчихсан байдалтай байсан. Машинаас зүс таних 2 залуу бууж ирсэн. Тэгээд би та нар чинь яагаад хоёулаа нийлээд дүүг зодсон юм бэ? гэхэд цагаан өнгийн фодволктой согтуу залуу гөлөг минь дүүг чинь зодоход яадаг юм бэ? чамайг хүртэл зодно шүү гэхээр нь би уур хүрээд тэр залууг заамдаж байгаад нүүр рүү нь 1 удаа гараараа цохисон. Тэгэхэд тэр залуу газар унаад босоод ирэхээр нь дахин нэг удаа нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би салгаад газраас босгосон. Тэр залуучууд хоёулаа согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл /

           Хохирогч Ж.Э-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн тээврийн товчоон дээр Баяа, Б- гэх 2 залуу таараад 0.5 граммтай “Охь” нэртэй архи авч ууцгаасан. Ингээд машинд суугаад Багануур гарч яваад Б- Баянзүрхийн товчооноос 0.75 граммын “Охь” архи авсан. Би замд явж байхдаа жолоочийг А- ахаа гээд хууч хөөрөөд явж байхад Б- над руу агсараад чи муу намайг ахаа гэсэнгүй бид нар үе тэнгийн хүмүүс биш, чиний эгчтэй 10 жилд нэг ангид хамт сурч байсан. Чи муу А-г ахаа гэчихээд намайг чи гэлээ гээд агсараад эхэлсэн. Тэгэхээр нь би жолооч А- ахыг та хэдэн оных юм бэ гэхэд А- ах би 1972 оных гэхэд Б- Б- бид хоёр 1974 оных. Тэгээд үеийн байгаа биз дээ гээд агсараад байсан. Тэгэхээр нь би хүндлэх хүнээ хүндлэнэ шүү дээ. Би А- ахыг ахаа гээд сурчихсан гэж хэлсэн. Тэгэхэд Б- чи муу нусан таглаа, би эгчтэй чинь нэг ангид байсан гээд агсараад байсан. Тэгээд Баяндэлгэр сумын цаана Тогосын гүүрний баруун талд ирэхэд Б- жолооч А- ахыг энд зогсож бай гэж хэлээд зогсоосон. Тэгээд Б- машинаас буугаад миний сууж байсан талын хаалгаар тойрч ирээд хаалга онгойлгоод муу мангар бацаан минь буугаад ир гэж миний энгэрээс татаж буулгаад заамдаж байгаад замын шороон далан руу чирч миний зүүн шанаа руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд миний эрүү янгинаад явчихсан. Тухайн үед Б- машинд сууж байсан. Тэгээд би Б-ийг заамдаж байгаад тонгорч газар унагаад бид хоёр ноцолдож байхад Б- машинаас бууж ирээд өшиглөсөн. Тэгээд би босоод зугтах гэтэл Б- намайг заамдаж аваад миний баруун, зүүн шанаа руу хэд хэдэн удаа гараараа цохиод газраас чулуу аваад миний шанаа руу 1 удаа цохисон. Би гарыг нь тавиулаад уул руу зугтаахад араас чулуу шидээд чамайг гүйцдэггүй юм бол чулуу гүйцэнэ шүү гээд чулуу шидээд байхаар нь буцаж очоод одоо болъё явцгаая гэхэд Б- гартаа чулуу барьж намайг цохих гэж далайгаад сөгд муу гөлөг минь гэхээр нь би урд нь сөгдөж суугаад одоо болъё гэхэд ална шүү муу гөлөг минь гэж хэсэг байж байгаад гартаа байсан чулуугаа хаясан. Тухайн үед Б- машины ойролцоо байсан, Б- бид хоёр машинаас 100 метр орчим зайтай байсан. Би уул руу зугтаж байхдаа эхнэр Уянга руу утсаар намайг хоёр залуу зодчихлоо, ирээд аваач гэж ярьсан. Тэгсэн Б- араас ирээд одоо дахиж зодохгүй хүрээд ир, уулзая, малгайгаа ав гээд байсан. Би Б- дээр очиход за одоо явцгаая, эр хүмүүс аль зодолдохыг тэр гэхэв гээд бид нар машиндаа суугаад Багануур руу дөхөж байхад эхнэр миний гар утас руу залгаад хаана явж байгаа юм бэ гэхэд нь би замын цагдаагийн пост руу дөхөж явна. Замын цагдаагийн постон дээр хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд постон дээр ирэхэд манай эхнэр Уянга, хүргэн ах А- нар байсан. Намайг машинаас буухад А- ах машинаасаа бууж ирээд Б-ийг манай дүүг яагаад ийм болтол зодож байгаа юм бэ гээд Б-ий нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тэгэхэд замын цагдаагийн ажилтан цагдаад дуудлага өгсөн. Миний баруун хавирга өвчтэй хөдөлж болохгүй байна. Толгой нилэнхүйдээ өвчтэй, зүүн нүд хөхөрч хавдсан юм харж чадахгүй байна...”, “...Надад 650.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 11-12, 13 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

           Хохирогч Ө.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос найз Б-, өөрийн танил Э- нарын хамт таксигаар Багануур руу ирж яваад замдаа Э- бид хоёр хэрэлдэж маргаад зодолдсон. Тэгээд Багануур руу ирж яваад замын цагдаагийн постны дэргэд таксины жолооч зогсоход Э- машинаас буусан. Тэгэхэд Э-ын хүргэн ах нь болох А- гэх залуу чи муу пизда манай дүүг яахаараа зоддог юм бэ? гээд миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиход нь би газар унасан. Тэгэхэд А- миний дээр гарч суугаад нүүр рүү цохиод байхад нь найз Б- салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

           Гэрч Б.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр намайг гэртээ байхад 16-17 цагийн хооронд манай нөхөр Э- утсаар би хотоос ирж яваад Тогосын гүүрний дэргэд хүнд зодуулчихлаа, машин аваад ир гэж ярьсан. Тэгэхээр нь би чи чинь юу яриад байгаа юм бэ? явган яваа юм уу гэхэд манай нөхөр үгүй би машинтай явж байна, надтай хамт явсан залуу намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би ах А- рүү утсаар ярьж Э- Тогосын гүүрний дэргэд хүнд зодуулчихлаа машин аваад ир, хоёулаа очъё гэж хэлсэн. Тэгэхэд А- ах намайг чи гэрээсээ гараад ир ах нь одоо очлоо гэж хэлээд намайг хашаанаасаа гараад явж байхад өөрийнхөө приүс 10 маркийн машинтайгаа ирж эхнэр Э-ыг авч бид гурав хамт цагдаагийн постон дээр хүлээж байхад удаагүй саарал өнгийн приүс 20 маркийн машинаас манай нөхөр Э- бууж  ирсэн. Тэгэхэд манай нөхрийн зүүн нүд нь хөхөрч хавдчихсан хамар амнаас нь цус гарчихсан байсан. Мөн машинаас өндөр нуруутай туранхай Б- гэх залууг чи яахаараа хүүхэд ийм болтол нь зоддог юм бэ? гээд тэр залуугийн хэвлий рүү нь гараараа 2 удаа цохиход тэр залуу замын хажуу руу унасан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16, 17 дугаар хуудас/

            Гэрч Ж.Амарсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Багануур гарахаар авто вокзал дээр ирж зогсоод дэлгүүр ороод гарч ирсэн чинь Б-, Б-, Э- нар ирээд А- ах хаа хүрэх нь үү? гэхээр нь гэр рүүгээ Багануур явж байна гэсэн чинь бид гурвыг аваад яваач гэсэн. Тэгэхээр нь халамцуу хүмүүс авч явахгүй гэсэн чинь зардлын мөнгөгүй болчихоод байна, аваад яваач гээд гуйхаар нь суулгаад хөдөлсөн. Ингээд урд талын суудал дээр буюу хажууд Б- нь суусан. Нөгөө хоёр нь хойд суудалд суусан. Баянзүрхийн товчоо өнгөрөөд хойд суудалд явсан хоёрын нэг нь архи гаргаж ирсэн. Нөгөө хоёр нь ард юм яриад архиа уугаад явж байсан. Б-ад архи өгөхөд нь харсан архи талаасаа дээгүүр болсон байсан. Тэр гурав Багануурт байсан найзууд гээд гайгүй явж байснаа Баяндаваа даваад хойно суусан хоёр нь чи даахгүй байна, чи согтлоо гээд Э- нь чи 0.5 грамм архины ард гарч чадахгүй гэхэд Б- нь битгий хуцаа гэх зэргээр хоорондоо явган хэрүүл хийж явсаар Дөтлүүрийн даваа уруудаж Тогосын гүүр рүү дөхөж явахад ард түс тас гээд хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгэхээр нь Б-ыг салгаач гэж хэлсэн. Ингээд Тогосын гүүр рүү дөхөж яваад эргэж харахад Э-ын ха-с цус гарсан, Б-ийн амнаас цус гарсан харагдсан. Б- хоёр пизда минь зүгээр бай боль гэж хэлсэн. Тэгээд эргээд харахад машин цус болж бохирдсон, нөгөө хоёр салахгүй бие биенээ түлхэж ноцолдоод байхаар нь цонх шил хагарлаа гэж хэлээд зогссон. Тэгээд зогсох үед бүгд машинаас буусан. Машинаас буугаад замын хажуу талын ухсан жалга гараад гүйцгээсэн, гүйж байхдаа хоорондоо ноцолдож бие биенээ өшиглөж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хөл муу хойноос чинь хөөж чадахгүй хаяад явна шүү гэж хэлсэн. Би хөдөлж яваад Тогосын гүүрний наана айрагтай айлын хажууд тамхи татаад жаахан суусан. Тэгээд хараад сууж байсан чинь 3 уулаа 3 талд дээшээ хараад хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би буцаж очоод эхэлж Б-ийг авсан, дараа нь Э-, Б- хоёрыг авсан. Ингээд наашаа гараад ахиж зодолдох юм бол орхиод явна шүү Баганууртаа очиж зодолд, та гурвыг хээр хаяад яахав гэхэд за А- ахаа уучлаарай муухай юм боллоо машиныг чинь муухай болгочихлоо гэж хэлсэн. Ингээд Баяндэлгэр дөхөж явахад Э-ын утас дуугарсан. Тэгэхэд эмэгтэй хүн ярьсан, би эхнэр нь гэдгийг мэдээгүй. Цагдаагийн пост дээр ирээд Э-ын эхнэр байсныг мэдсэн. Тэд нар суусан цагаасаа наашаа явахдаа хоорондоо маргалдаж муудалцаад явсан. Арай зодолдоогүй. Тэгээд пост дээр ирэхэд цагдаа Баттулга, Э-ын эхнэр, зүс харж байсан залуу, бас нэг хүүхэн байсан. Тэд нар ирж зогсоход 3 уулаа буусан. Буугаад маргалдаж байх зуурт А- манай дүүг яахаараа ийм болтол нь зоддог юм гэж хэлээд Б-ийг нүүр рүү нь 2-3 удаа цохиж өшиглөсөн. Тэгэхэд замын хажуу тал руу унасан. Б-, Э- нар адилхан бие биенийгээ өдөж маргааныг эхлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

             Гэрч Ж.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Замын цагдаагийн постны цаана очоод хүлээж байтал дүү Э- жижиг машинаас бууж ирсэн. Араас нь хоёр залуу, жолоочтойгоо бууж ирсэн. Би юу болсныг нь мэдээгүй очсон. Тэгэхэд нүүр царай нь танигдахгүй, цус нөж болсон байсан. Анх эхнэртэйгээ ярихад Тогосын гүүрэн дээр хүрээд ир гэж хэлсэн байсан. Би жолоочид нь та нар яахаараа ийм болтол нь зодуулсан юм бэ гэсэн чинь нөгөө хоёр  нь бид нар ноён тайж гаралтай хүмүүс та муусайн гуйлгачингууд минь зүгээр байгаарай гэхээр нь чиний ноён тайж ямар хамаатай юм, зодчих гэсэн чинь зодсон ч яадаг юм гэж хэлсэн. Ингээд миний нөхөр А- Б- гэдэг залууг нь 2 удаа цээж хэвлийн хэсэг рүү нь цохисон. Тэгэхээр нь болохгүй гээд салгасан. Тэгэхэд тэр озалуу замын хажуу талын жалга руу унасан. …Манай нөхөр А- бол архи, тамхи хэрэглэдэггүй, хань ижил үр хүүхдүүддээ халамжтай, амьдралын төлөө зүтгэлтэй төлөв даруу хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

             Гэрч П.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагийн үед Улаанбаатар хотод найз Ө.Б-ийн хамт Баянзүрхийн тээврийн товчоон дээрээс Багануур дүүрэг явахаар ирсэн чинь уурхайд ажилладаг танил Э- гэх залуу зогсож байсан. Өглөө орж ирээд машинаа 6.000.000 төгрөгт зарчихлаа. Би ганцаардаад байна, надтай хань болоод архи уугаад ханьтай явчих гэж хэлээд өөрөө Боса худалдааны төвөөс 0.5 граммтай “Охь” нэртэй архи 1 шилийг, “Тэрэлж” нэртэй 1 литрийн ундаа авсан. Ингээд тэнд байсан ядруу царайтай хоёр өвгөнд нэг хийж өгөөд үлдсэн архийг нь бид гурав хувааж уусан. Тэгээд байж байтал манай Багануурын залуу приус 20 маркийн машинтай ирээд Багануур явлаа, суугаад явбал яв гэхээр нь гурвуулаа суугаад Багануур явсан. Замдаа Баянзүрхийн товчоон дээр зогсож Б-, Э- нар дэлгүүр орж 0.75 граммын архи авсан байсан. Бид гурав авсан архиа ууж явах зуурт Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Тогосын гүүрний наана Э-, Б- нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь машины эзэн жолооч та нар цонх шил хагаллаа буу гэж хэлээд бид нарыг буулгасан. Намайг бууж наад хоёроо салга гэж үлдээгээд яваад өгсөн. Тэгээд жаахан байж байгаад буцаж ирээд бид нарыг аваад хөдөлсөн. Ингээд Багануур дүүргийн замын цагдаагийн постон дээр Э-ын хүргэн ах А- ирээд Б-ийг цохисон. Б-ийг хоёр талаас нь өшиглөж, шороо тоос татуулан зодож эхэлсэн. Тэгэхээр нь очиж салгасан. Би А- Э- нарыг Б-ийг яг хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд та хоёр боль гэсэн чинь болихгүй байсан. Би нэлээн согтсон байсан учраас болсон үйл явдлыг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Шинжээчийн 09шэ/241 дугаартай дүгнэлтэд: “...Ж.Э-ын биед эрүү яс, хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, баруун болон зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэдсэн байх боломжтой. Хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-ийн 28 дугаар хуудас/,

Шинжээчийн 09шэ/246 дугаартай дүгнэлтэд: “...Ө.Б-ий биед хамар ясны шинэ хугарал, баруун болон зүүн нүдний дээд доод зовхи зүүн талын эрүү зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, баруун гарын тохойны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-ийн 32 дугаар хуудас/

Шүүгдэгч Ө.Б-ийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах “...2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 9 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан...” гэсэн хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.А-ийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах “...ял шийтгэлгүй...” гэсэн хуудас /хх-ийн 44 дугаар тал/

Шүүгдэгч Ж.А-ийн Прокурорын шатанд гаргасан: “...хохирогч Ө.Б-ийг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан минь үнэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Б- надаас эмчилгээний төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, би хохирогчоос уучлалт гуйсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 74 дүгээр хуудас/

Хохирогч Ж.Э-ын Прокурорын шатанд гаргасан: “...Б- намайг зодож хүндэвтэр гэмтэл учрирсан бөгөөд эмчилгээний зардлыг минь барагдуулсан. Тиймээс надад гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

            Шүүгдэгч Ө.Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг тогосын гүүрний орчим автомашинд сууж явахдаа болон машинаас бууж иргэн Ж.Э-тай маргалдан түүнийг зодож биед нь эрүү яс, хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, баруун болон зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл учруулж хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгчийн “...Э-ыг зодсон маань үнэн...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/241 дугаартай “...Ж.Э-ын биед эрүү яс, хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, баруун болон зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт, гэрч П.Б-, Ж.Амарсанаа нарын мэдүүлгүүд зэрэг дээрхи нотлох баримтуудаар,

            Шүүгдэгч Ж.А- нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Багануур дүүргийн 2 дугаар хороо Цагдаагийн хэлтсийн Галуут 140 постын орчим иргэн Ө.Б-ийг дүү Ж.Э-ыг зодлоо гэж өмөөрч түүнийг зодож биед нь хамар ясны шинэ хугарал, баруун болон зүүн нүдний дээд доод зовхи зүүн талын эрүү зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, баруун гарын тохойны хэсэгт зулгаралт гэмтэл учруулж хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч Ж.А-ийн “...Би Б-ийн нүүр рүү нь 1 удаа гараараа цохисон. Б- газар унаад босоод ирэхээр нь дахин нэг удаа нүүр рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/246 дугаартай “...биед хамар ясны шинэ хугарал, баруун болон зүүн нүдний дээд доод зовхи зүүн талын эрүү зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, баруун гарын тохойны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг дээрхи нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Гэрч, хохирогч нарын мэдүүлгийг эрх, үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт гэрч нарын мэдүүлэг зэргээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Хохирогч Ж.Э-ын бие махбодид учирсан гэмтэл нь хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Ө.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Шүүгдэгч Ө.Б-ийн үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчтой маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэсэн зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.

Хохирогч Ө.Б-ийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Ж.А-ийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Ж.А-ийн үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогч Ө.Б-этэй маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэсэн зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч Ө.Б-, Ж.А- нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Иймд шүүгдэгч Ө.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Ж.А-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч Ө.Б-, Ж.А- нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх саналыг гаргасан, шүүгдэгч Ө.Б- хохирогч Ж.Э- нарын гаргасан “...Ө.Б- нь Ж.Э-т учруулсан хохирол болох эмчилгээний зардал 650.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч түүнийг хохиролгүй болгосон учир харилцан тохиролцож эвлэрсэн...” хүсэлт, шүүгдэгч Ж.А- хохирогч Ө.Б- нарын гаргасан “…бидэнд гомдол санал байхгүй, эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлтүүд зэрэг нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 82, 83 дугаар хуудас/, уг саналтай танилцсан яллагдагч нарын гарын үсэг /хх-ийн 85 дугаар хуудас/, хохирогч Ж.Э-ын “...миний хохирлыг Ө.Б- нь барагдуулсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Б-, Ж.А- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд прокурорын санал, шүүгдэгч Ө.Б-, Ж.А- нарын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.

 Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ө.Б-ий гэмт хэрэг үйлдсэн гэх газрыг Багануур дүүргийн 2 дугаар хороо Цагдаагийн хэлтсийн Галуут 140 постын орчим гэж бичигдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи гэрчүүд, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Тогосын гүүрний орчим автомашинд сууж явахдаа болон машинаас бууж үйлдсэн болох нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “…Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ…” гэж зааснаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Хохирогч Ж.Э-д хохирлын мөнгө төлсөн болох нь шүүгдэгч Ө.Б- хохирогчийн хохирол төлбөрийг төлж эмчилгээний зардалд 650.000 төгрөг бэлнээр өгч, талууд эвлэрсэн гэж бичгээр үйлдэн шүүхэд ирүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

            Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б- овгийн Ө-ын Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц- овгийн Ж-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овгийн Ө-ын Б-э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц- овгийн Ж-ын А- нарыг тус тус дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Ө.Б-, Ж.А- нарт тус тус мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б- нь хохирол 650.000 төгрөгийг хохирогч Ж.Э-т төлсөн болохыг дурьдсугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Б-, Ж.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Ө.Б-, Ж.А- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ