Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/02944

 

2024 оны 07 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2024/02944 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........... тоотод байрлах, Т  ХК /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Т-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Т нь Т  ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтээ илэрхийлж, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн .......... дугаар цахим зээлийн эрх нээх гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ...........дугаартай цахим зээлийн дэд гэрээ байгуулж, гэрээний дагуу 3.800.000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Зээлдэгч Ц.Т  нь анх зээл авсан өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Зээлдэгч Ц.Т нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 734 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчсөөр байна. Тодруулбал үндсэн зээлийн үйлдэгдэл 3.800.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.369.449,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 94.505,96 төгрөг, нийт 6.263.955,25 төгрөгийн өр, төлбөр үүсээд байна. Манай компани нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохын хувьд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид тодорхой нөхцөлөөр шилжүүлж, зээлдэгч нь менген хөрөнгө, түүний хүүгийн хамт заасан хугацаанд төлөх, хэрэв тус үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн. Компани нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Гэвч хариуцагч нь гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрч, хүлээсэн үүргээ биелэхийг сануулсаар байхад үр дүн гаралгүй компани хохирсоор байна. Хариуцагч Ц.То  нь оршин байх хаягтаа Бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 148/Ш32024/00... дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т  ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Т-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.То  Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 200 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 148/ШЗ2024/....... дугаартай Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

 

Иймд Ц.То-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц-ын Т /РД:................./-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Ц.Т-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО