Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/02943

 


2024 оны 07 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2024/02943 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............. тоотод байрлах, Т  ХХК /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ц-гийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Ц  нь Т ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтээ илэрхийлж, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ......... дугаар цахим зээлийн эрх нээх гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн......... дугаартай цахим зээлийн дэд гэрээ (цаашид Гэрээ гэх)-г байгуулж, гэрээний дагуу 5.000.000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Зээлдэгч Б.Цэ  нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд тодруулбал ........ дугаартай зээлийн үндсэн зээлийн төлбөрөөс 440.798,33 төгрөг, хүүгийн төлбөрөөс 1.436.054,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 43.147,65 төгрөг, нийт 1.920.000 төгрөгийн төлбөр төлсөн. Зээлдэгч Б.Ц  нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 525 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчсөөр байна. Тодруулбал үндсэн зээлийн үлдэгдэл 4.559.201,67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.470.202,36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 117.965,58 төгрөг, нийт 6.147.369,61 төгрөгийн өр, төлбөр үүсээд байна. Манай компани нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохын хувьд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид тодорхой нөхцөлөөр шилжүүлж, зээлдэгч нь мөнгөн хөрөнгө, түүний хүүгийн хамт заасан хугацаанд төлөх, хэрэв тус үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн. Компани нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Гэвч хариуцагч нь гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрч, хүлээсэн үүргээ биелэхийг сануулсаар байхад үр дүн гаралгүй компани хохирсоор байна. Зээлдэгч Б.Ц нь оршин байх хаягтаа Бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т  ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ц-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ц Сүхбаатар дүүрэг, .............. тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

 

Иймд Б.Ц-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Б-ийн Ц /РД:............/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Б.Ц-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО