Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/043

 

Д.*******, Б.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Цагаатгагдсан этгээд Д.*******, Б.*******,

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Л.Бор

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/48 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Д.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 2014000000395 дугаар хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Тариачин овогт Бямбын *******, .............оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/,

Монгол улсын иргэн, Боржигон овогт *******ийн *******, ................ оршин суудаг, урьд 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сараар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2-жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, регистрийн дугаар /******* /,

Б.*******, Д.******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408.924 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Тариачин овогт Бямбын *******, Боржигон овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, Шүүгдэгч Б.*******, Д.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн ... ATLAS 3306 маркийн 16-70 УБ улсын дугаартай цагаан өнгөтэй, эксковатор..., иргэний нэхэмжлэгч ы эзэмшлийн ... 60-93 УНУ улсын дугаартай, өөрөө буулгагч Hyundai HD 270 авто машин ..., иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн 65-12 УБТ улсын дугаартай өөрөө буулгагч Foton BJ3258 маркийн авто машин...зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх зүйлсийн хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч , , а нарт тус тус буцаан олгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аймгийн Цагдаагийн газрын аж ахуйн агуулахад хадгалагдаж байгаа ... 100квт дизель мотор, усан буу...-г иргэний нэхэмжлэгч т буцаан олгож, Шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор ******* тус шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Яллагдагч Б.*******, Д.******* нарыг бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408 924 /дөрвөн зуун найман мянга есөн зуун хорин дөрвөн/төгрөгийн хохирол учруулсан гэмт гэмт хэрэгт холбогдон шалгагджээ. Дээрх хэрэгт тус прокурорын газраас 2020 оны 11 дүгээр 13-ны өдөр 365 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1266 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Уг захирамжийг улсын яллагчаас эс зөвшөөрч 2021 оны 01 дүгээр сарын 12- ны өдөр №04 дугаартай эсэргүүцэл бичсэнийг Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №11 дугаартай магадлалаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Улмаар тус прокурорын газраас нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 116 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 712 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасныг улсын яллагчаас эс зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцэл бичсэн.

Дээрх улсын яллагчийн эсэргүүцлийн дагуу Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд №68 дугаартай магадлалаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 712 дугаартай захирамжийг хүчингүй болгосон.

Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэрийн дагуу аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дахин хянан хэлэлцээд 48 дугаартай тогтоолоор хэргийг бүхэлд нь цагаатгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь “Хэний үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн талбайд эвдрэл үүссэн эсэхийг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй, эвдрэл үүссэн гэх талбайг хэн хэзээ, хэний удирдлага дор ухсан эсэх, ухах үүргийг холбогдох нөхөрлөлийн гишүүдэд даалгасан эсэх, даалгасан бол хэн хэзээ даалгасан, хэний буруутай үйлдлийн улмаас гэрээнд заагдаагүй газрыг ухсан, газарт халдсан талаар ач холбогдол бүхий нөхцөл байдал огт тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь тухайн гэрээнд заагдсан газраас өөр талбайд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн, эсхүл бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх боломжгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.

Цагаатгасан үндэслэлийн тухайд: Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Ашигт малтмал олборлох” гэж тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг хэлнэ... гэж... тайлбарласан байна. Гэвч дээрх тайлбар нь ойлгомжгүй буюу тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмал олборлож болох мэтээр тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн, мөн Монгол Улсын Эрүүгийн хууль болон Ашигт малтмалын тухай хууль, бусад холбогдох хуулийн нэр томьёоны тодорхойлолтод “Ашигт малтмал олборлох” гэснийг тодорхойлсон хуулийн зохицуулалт хуульчлагдаагүй, Монгол Улсын Дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргаагүй байхад тайлбарласан мэт ойлгогдож байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасны дагуу ашигт малтмал гэж юу болох, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл эзэмшигч, “бичил уурхай эрхлэх” гэсэн хууль зүйн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэнэ.

Монгол Улсын Их Хурлаар 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан одоо хүчин төгөлдөр үйлчилж буй “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд заасан нэр томъёоны тодорхойлолтод дээрх нэр томъёо нэг бүрийг тодорхойлжээ. Мөн Захирамжийн тодорхойлох хэсэгт “Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан” гэсэн нь мөн ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна.

Түүнчлэн Захирамжийн тодорхойлох хэсэгт “Харин тусгай зөвшөөрөлтэй боловч ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй, хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, ашигт малтмалын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн эсхүл бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг; зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх учиртай” Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргатай байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулсан нь төрийн захиргааны холбогдох байгууллагын тусгай зөвшөөрөл гэж үзнэ гэжээ. Хэргийн хувьд Б.******* нь “” нөхөрлөлийг төлөөлж Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргатай 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Заг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Түүхий хөндий гэх газарт 0,9 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан хэдий ч уг гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаартай тогтоолыг зөрчсөн буюу хууль бусаар байгуулсан гэрээ гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулинд “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгосон баримт бичгийг, харин “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг, “Бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагаа гэж тус тус хуульчилсан. Үүнээс дүгнэхэд хууль ёсоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах нь тусгай зөвшөөрлийн дагуу болон бичил уурхайгаар явуулах байдлаар хэрэгжихээр байна. Гэтэл тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэх ойлголтод Ашигт малтмалын тухай хуулинд заасан үндэслэл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олж аваагүй этгээд, мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай журам батлах тухай тогтоолын хавсралтаар батлагдсан ‘Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу бичил уурхай эрхлэгч бус этгээд хамаарахаар байна.

Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаартай тогтоолын 1.1-д заасан “...бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт” даалгасан заалтыг зөрчсөнөөр илэрч байна. Уг Засгийн газрын тогтоолыг шүүх хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхой бус байна. Түүнчлэн дээрх гэрээг шүүх хууль ёсны гэж үзэж байгаа бол гэрээнд заасан газраас өөр газарт тусгай зөвшөөрөл буюу гэрээгүйгээр хууль бусаар үйл ажиллагаа явуулсныг анхаарч үзэх шаардлагатай байна.

Мөн захирамжид хэний үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн 0,0244 га талбайд эвдрэл үүссэн эсэхийг эргэлзээгүй нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, эвдрэл үүссэн гэх 0,0244 га талбайг хэн хэзээ, хэний удирдлага дор ухсан эсэх, ухах үүргийг холбогдох нөхөрлөлийн гишүүдэд даалгасан эсэх, даалгасан бол хэн хэзээ даалгасан, хэний буруутай үйлдлийн улмаас гэрээнд заагдаагүй газрыг ухсан, газарт халдсан талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг огт тогтоогдоогүй гэжээ. Шүүх шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг гэм буруутай гэх хангалттай баримт авагдаагүй гэж үзэж байгаа бол тухайн 0,0244 га талбайд эвдрэл үүсгэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдлийг шалгаж тогтоох боломжгүйгээр хэргийг бүхэлд нь цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хэргийг цагаатгаж шийдвэрлэн хуулийг зөрчсөн, хүчингүй болгож хэргийн Прокурорт буцаана уу гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Бор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: Б.*******, Д.******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэн хуулийг зөв хэрэглэсэн, хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Прокурор *******ийн давж заалдах журмаар бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.*******, Д.******* нар нь бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газрын 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408.924 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, Б.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж , тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Харин анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж “... гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй...” гэх дүгнэлт хийж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, үйл баримттай нийцээгүй, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэл нэг бүрийг хэргийн үйл баримтыг нотолсон нотлох баримтуудтай харьцуулах замаар нягтлан үзэхэд:

 1 дүгээр хавтаст хэргийн 122-129 дүгээр талд авагдсан “” нөхөрлөл нь Б.******* даргатай , 9 гишүүнтэй, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь газар тариалан эрхлэх зөвшөөрөлтэй, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багт хаягтай талаархи хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох бичил уурхай эрхлэгч этгээдтэй сумын засаг даргын байгуулах гэрээ, гэрээний хавсралт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд “” нөхөрлөл нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасан хуулийн этгээд бөгөөд газар тариалан эрхлэх зөвшөөрөлтэй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “ ... Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах хуулийн зорилтод нийцээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-ийн 22, 4.1-ийн 23-т тус тус заасны дагуу байгуулагдсан байх эсвэл бичил уурхай эрхлэх чиглэлээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхад Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга нь хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг нь анхааралгүйгээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, “” нөхөрлөл нь бичил уурхай эрхлэх эрхгүй хуулийн этгээд байна./ 1 дүгээр хавтаст хэргийн 122-129 дүгээр тал/

1 дүгээр хавтаст хэргийн 122 дугаар талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас харахад “” нөхөрлөл нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл” гэх хэсэгт бүртгэсэн гэтэл дээрх гэмт хэргийн үйлдэл нь 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 9 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд үйлдэгдсэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “... ” нөхөрлөл нь Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргатай байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ нь төрийн захиргааны холбогдох байгууллагын тусгай зөвшөөрөл гэж үзнэ...” гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Мөн “” нөхөрлөл түүний ахлагч Б.*******, гишүүн Д.******* нар нь” бичил уурхайгаар ашигт малтмал олборлох бичил уурхай эрхлэгч этгээдтэй Заг сумын засаг даргын байгуулах гэрээ” гэх гэрээний дагуу Заг сумын Түүхий хөндий нэртэй газарт 0,9 га талбайд 1 сарын хугацаагаар гэрээ байгуулж ингэхдээ гэрээний 8.2-т зааснаар “бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд хатуу шав тэмдэг тогтоож, суурьшлын бүс тогтоож, газар усны төлбөр тушаах” гэж гэрээний нэмэлт заалтаар харилцан тохирсон байх боловч тухайн газраас өөр газарт дур мэдэн бууж, 0,0244 га талбайг эвдрэлд оруулсан үйл баримт тогтоогдсон байхад

анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “...хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт шүүгдэгч,... Б.*******, Д.******* нар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон гэж яллах ач холбогдол бүхий мэдүүлэг байхгүй, .... шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь техник тоног төхөөрөмжийг байршуулсан явдал нь Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргатай байгуулсан “ Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ..ний дагуу хууль бус ашигт малтмал хайх, ашиглах, олборлохоор техник тоног төхөөрөмж байршуулсан ажил хийсэн гэж үзэх боломжгүй..., “ Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээний дагуу буюу гэрээгээ дүгнэлттэй талбай дээр үйл ажиллагаа явуулаагүй,

... гэрээ байгуулсан газарт огт ажиллаагүй, гэрээ байгуулсан талбайгаасаа өөр газарт техникээ буулгасан, Заг сумын Засаг даргатай байгуулсан газар тухайн бидний ажиллах гэж байгаа дүгнэлттэй газар биш байсан тул тэр даруйдаа аймаг руу буцсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд хэний үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн 0,0244 га талбайд эвдрэл үүссэн эсэхийг эргэлзээгүй нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй,

- эвдрэл үүссэн гэх 0,0244 га талбайг хэн хэзээ, хэний удирдлага дор ухсан эсэх, ухах үүргийг холбогдох нөхөрлөлийн гишүүдэд даалгасан эсэх, даалгасан бол хэн хэзээ даалгасан, хэний буруутай үйлдлийн улмаас гэрээнд заагдаагүй газрыг ухсан, газарт халдсан талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг огт тогтоогдоогүй,

... тухайн үед шүүгдэгч Б.*******, Д.******* нар газар ухсан гэх хүнд зөвшөөрөл өгөөгүй, тухайн газрыг ухахад байгаагүй, буруу газарт гэрээ хийгдсэн тул уг талбайг хөндөж болохгүй талаар тэнд байсан хүмүүст хэлсэн, мөн цэг солбицлын дагуу шүүгдэгч Б.*******, Д.******* нар тухайн гэрээнд заагдсан газраас өөр талбайд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн, эсхүл бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх боломжгүй тул шүүгдэгч Б.*******, Д.******* нарт хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй...гэх дүгнэлт нь үндэслэлгүй болжээ.

Харин цагаатгах тогтоолд “...шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газрын буюу гэрээнд заагдсан газраас хаана, ямар зай, цэг солбицолд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан талаарх газар байршлыг яллах дүгнэлтэд тодорхой бичээгүй ...үйл баримтыг ... тодорхой, ойлгомжтой байдлаар бичих ёстой...” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Тодруулбал:

1 дүгээр хавтаст хэргийн 2-6,24-28 дугаар талд тус тус авагдсан ухагдсан газрын цэг солбицлыг бэхжүүлэн авсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “...байгаль орчны байцаагч бид хоёр очиж Заг сумын түүхий хөндий гэх газарт дүгнэлттэй газрыг хэмжиж өгч, хатуу цэгийг нь тогтоож өгсөн...” гэх хохирогч байгууллагын төлөөлөгч Т.Золжаргалын мэдүүлэг, бичил уурхайн гэрээ гэх баримтад бичиж, зааж өгсөн гэх солбицолтой харилцан уялдуулах замаар ажиллагаа хийх нь зүйтэй юм.

Мөн байгаль орчны байцаагч, газрын даамал нарын гэрээнд заасны дагуу газрын цэг, солбицлыг хэмжиж өгсөн байдлыг нотлох бичмэл нотлох баримт байгаа эсэх, тэднээс тодруулж мэдүүлэг авах зэрэг болон нотолбол зохих байдлуудыг гэрээнд заасан газраас өөр газрыг ухсан үйл баримтыг цэг солбицлоор нь хангалттай нотолж, яллах дүгнэлтийн товч утгад оруулах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг Прокурорт буцааж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Тус эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаад хуваарилагдаж улмаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хугацааг 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл “... хэргийг уншин танилцан... асуудлыг шийдвэрлэх боломжгүй болсон...” гэх үндэслэл заасан боловч шалтгаан, үндэслэлээ тодорхойлоогүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгаж улмаар тухайн шүүхийн “ шүүхэд ... эрүүгийн хэрэг... шүүгчид хуваарилах” журмын 9.Г, Д-д “ шүүгч ээлжийн амралтаа эдэлж эхлэхээс өмнө хуваарилагдсан хэргээ шуурхай шийдвэрлэж дуусгаж хугацаандаа амралтаа эдлэх тухайн хэргийг энэ хугацаанд шийдвэрлэх боломжгүй болсон мөн удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй тохиолдолд өмнө хуваарилагдсан хэргийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1.1.т заасан дарааллын дагуу ачаалал тэнцвэржүүлэх зарчмаар шүүгч нарт шүүгчдийн зөвлөгөөнөөр шилжүүлж ... ээлжийн амралтынхаа дундуур шүүх хуралдаан товлогдсон хэргээ хянан шийдвэрлэж болох...” гэж заасан зохицуулалтын дагуу хэргийг өөр шүүгчид шилжүүлэхдээ шийдвэрлэх боломжгүй болсон эсвэл удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй тохиолдолд тэдгээр байдлыгаа баталгаажуулах нотлох, нотлох баримтын үндсэн дээр хэргийг нэг шүүгчээс нөгөө шүүгчид нэгдсэн системээс дахин хуваарилуулах нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1, 19.3.2-т тус тус заасантай нийцэх болохыг цаашид анхаарах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/48 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Б.*******, Д.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ                   

ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН

 Ш.БАТТОГТОХ