Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 95

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 1704001240044 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Б.Одгэрэл

 Улсын яллагч                                              Х.Эрдэнэт-

 Шүүгдэгч                                                Б.Т- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Багануур дүүрэг дэх хаалттай Хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа,  ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхошууны баруун салаанд түр оршин суух, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 125 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 6 жилийн хорих ялаар шийтгүүлснийг  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 18-ны өдрийн 146 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх 6 жилийн хорих ялыг 3 жил 2 сар 13 хоногоор тогтоосон, Б овгийн Б-ын Т- /РД:ИБ92112713/

                  Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Т- нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 17 цаг 40 минутын үед Багануур дүүрэг дэх хаалттай хорих 0427 дугаар ангийн хоригдлын “Б” байрны гал тогоонд хоригдол Б.Н-тай маргалдаж, улмаар Б.Н-тай нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Т-гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би хоригдол Н-тай таарамж муутай байдаг бөгөөд түүнтэй харьцдаггүй юм. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хоригдлуудын хоол иддэг “Б” байранд  хоригдол Б-ы хүнсээ хадгалдаг бааварын хайрцагийг онгойлгох зорилгоор  Н-аас “Б-ых аль билээ” гээд асуусан чинь “чи яах гэж байгаа юм бэ?” гэж хэлээд инээгээд байсан. Тэгэхээр нь би түүний хөмсөг рүү гараараа нэг удаа цохьсон. Тэр үед зааланд М- байсан өөр хүн байгаагүй. Би Н-аас уучлалт гуйж эвлэрсэн, одоо харилцаа хэвийн байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Н-ын мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 40 минутын үед гал зуухны өрөөнд байж байтал Б.Т- орж ирээд Б-ы бааварын савыг онгойлгосон байхаар нь очоод “чи яагаад хүний савыг зөвшөөрөлгүй онгойлгож байгаа юм бэ?” гэхэд Т- “масло авч идэх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “эзнээс нь зөвшөөрөл авсан юм уу?” гэсэн чинь Т- “чамд ямар хамаатай юм пизда минь” гэж хэлээд бид хоёр маргаж байгаад Т- миний нүүр лүү нэг удаа цохьсон, тэр үед хөмсөгнөөс цус гараад тогтохгүй байсан. Тэгээд хорихын эмнэлэг орж үзүүлээд зүүн хөмсөг дээр нэг оёдол тавьсан. Намайг Т- цохиж байгааг харсан хүн байхгүй, ойрхон М- зогсож байсан. Надад Т-тэй муудалцах шалтгаан байгаагүй, өс хонзон өр авлагын асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Т-гийн мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19 цаг 15 минутын үед ялтан Н-ын биед үзлэг хийхэд зүүн хөмсөгний дээд талд 1 сантиметр орчим язарсан шархтай, зүүн нүдний доод зовхи бага зэрэг хавдсан. Хөмсөгөнд нэг оёдол тавьж боолт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №09шэ/286 дугаартай дүгнэлтэд: ”Б.Н-ын биед зүүн хөмсгөнд язарсан шарх, зүүн нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт   гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 22/,

 

Хохирогчийн биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10, 56/,

 

Хоригдол Б.Т-д сахилгын шийтгэл оногдуулсан тухай хорих ангийн даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн в/57 дугаартай тушаал /хх-ийн 14/,

 

Хохирогч Б.Н-ын “шүүгдэгчтэй эвлэрч, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт /хх-н 30/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоол, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 15-ны өдрийн 179 дугаартай шийтгэл тогтоол, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 18-ны өдрийн 146 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх-н 33-46, 52/

 

Шүүгдэгч Б.Т- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа лавлагаагаар 2 удаагийн ял шийтгэгдсэн тухай шалгах хуудас /хх-н 32/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/286 дугаартай дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

            Шүүгдэгч Б.Т- нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн  үед Багануур дүүрэг дэх 427 дугаар хаалттай хорих ангийн хоригдлын “Б” байрны гал тогооны хоригдол хооллох хэсэгт хоригдол Б-ы хүнс хадгалах савыг зөвшөөрөлгүй онгойлгосон асуудлаас болж хоригдол Б.Н-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж биед нь зүүн хөмсгөнд язарсан шарх, зүүн нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би Б-ы хүнс хадгалдаг савнаас болж Н-тай маргалдаж түүнийг гараараа нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.Н-ын “...Т- миний нүүр лүү нэг удаа цохиход хөмсөгнөөс цус гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, гэрч Ч.Т-гийн “Н-ын биед үзлэг хийхэд зүүн хөмсөгний дээд талд 1 сантиметр орчим язарсан шархтай, зүүн нүдний доод зовхи бага зэрэг хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09 шэ/286 тоот актын “Б.Н-ын биед биед зүүн хөмсгөнд язарсан шарх, зүүн нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 22/, хохирогчийн биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч, хохирогч нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар шүүгдэгч Б.Т- нь хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэл болон үр дагавартаа шууд санаатай ханджээ.

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тэдний хоорондын таарамжгүй харилцаатай холбоотой гэж үзэв.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хорих ял оногдуулахаар заагаагүй” байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд тэрээр 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 32/

  Прокуророос Б.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна гэж үзэв.

 

Иймд Б.Т-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх талаар заажээ. Өөрөөр хэлбэл Б.Т- нь хорих ял эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэж торгох ялаар шийтгэгдсэн тул торгох ялыг хорих ялд нэмж нэгтгэх нь зүйтэй. Түүнд  оногдуулсан 450 нэгжийн торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцоход 30 хоногийн хорих ялтай тэнцэж байна. /450:15=30 хоног/

 

Б.Т- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 6 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 18-ны өдрийн 146 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх 6 жилийн хорих ялыг 3 жил 2 сар 13 хоногоор тогтоожээ. Тэрээр уг ялаас 2017 оны 11 сарын 15-ны өдрийн байдлаар нийт 1 жил 11 сар 6 хоногийг ялыг эдэлж, 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь ялын тооцооны лавлагаагаар тогтоогдож байна. /хх-н 77/

Иймээс Б.Т-д энэ тогтоолоор оногдуулсан 30 хоногийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдэх 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 4 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл  учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй байна. /хх-н 73/

Шүүгдэгчийн 2017 оны 11 сарын 15-наас 11 сарын 20-ны өдөр хүртэл  цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.  

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Болдын Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Болдын Т-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг журамлан Б.Т-д энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 30 /гуч/ хоногийн хорих ялтай тэнцүүлэн эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Б.Т-д энэ тогтоолоор оногдуулсан 30 хоногийн хорих ял дээр өмнөх тогтоолоор /Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 18-ны өдрийн 146 дугаартай шүүгчийн захирамжаар 3 жил 2 сар 13 хоногийн хорих ял/  оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т-д оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сар 7 /долоо/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Б.Т-гийн цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  7. Хохирогч Б.Н- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тэмжүүжинд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  9. Б.Т-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БАЙГАЛМАА