Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/02941

 

2024 оны 07 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2024/02941 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1..........байрлах, Х  ХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х  ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б нь ХААН банктай 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ/2019442248915 тоот тээлийн гэрээ байгуулж 6.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн .............. тоот зээлийн гэрээ, мөн өдрийн ............. тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 2.500.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй ба 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7.559.862,47 төгрөг, хүүгийн төлбөр 7.909.038,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 796.490,81 төгрөг, нийт 16.265.392,13 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлдэгчид холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь зээлийн гэрээ байгуулахдаа тэмдэглүүлсэн хаяг буюу иргэний үнэмлэхний хаягтаа байхгүй, бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдсон үндэслэлээр анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Иймд А.Б-ыг оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Х  ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Б-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Б  Баянзүрх дүүрэг, ............. хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/Ш32023/.....дугаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

 

Иймд А.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А-ийн Б /РД:............./-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч А.Ба-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО