| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00496/И |
| Дугаар | 131/ШШ2024/00718 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2024/00718
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн, иргэний хэргийн анхан шатны хуралдаанаар
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овгийн ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: оршин суух, ******* овгийн ******* холбогдох
Аарцны үнэ 3,600,000 төгрөг, шатахууны зардал болон зочид буудлын хөлс 331,118 төгрөг, нийт 3,931,118 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие 2023 оны 11 дүгээр сард ******* 3,600,000 төгрөгийн үнэ бүхий 3 тонн аарцыг 3 хоногийн хугацаатай зээлээр өгсөн.
Тэрээр эххэндээ утсаар ярьж хугацаагаа сунгасаар байгаад сүүлдээ утсаа авахаа больсон тул түүнээс 3,600,000 төгрөг гаргуулан авах хүсэлтэй байна.
******* нь аарцны үнийг төлөөгүйн улмаас ******* энэхүү хэргийн шүүх хуралдаанд оролцохоор аймаг хоорондоо зорчиж, шатахууны зардал гаргаж, зочид буудал хөлсөлж, нийт 331,118 төгрөгийн зардал гаргасан.
2. Хариу тайлбарын агуулга: ******* миний бие Ц.Нарантуяагаас 3 тонн аарцыг 3 хоногийн хугацаатай зээлж аваагүй. Бидний хооронд төлбөр байхгүй.
3. Зохигчийн эвлэрлийн гэрээний агуулга: Үндсэн нэхэмжлэл 3,600,000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 331,118 төгрөг нэхэмжилснээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагын 331,118 төгрөгөөс тус тус татгалзаж, үндсэн нэхэмжлэлийн 1,500,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр болов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Ц.Нарантуяа нь хариуцагч ******* холбогдох аарцны үнэ 3,600,000 төгрөг, шатахууны зардал болон зочид буудлын хөлс 331,118 төгрөг, нийт 3,931,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 2,431,118 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь 1,500,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч төлөхөөр зохигч эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн хариуцагч ******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,133 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Нарантуяа нь хариуцагч ******* холбогдох аарцны үнэ 3,600,000 төгрөг, шатахууны зардал болон зочид буудлын хөлс 331,118 төгрөг, нийт 3,931,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 2,431,118 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь 1,500,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,133 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ