Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2016/0408

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар Даймомент ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын байцаагч Л.Энхтуяа, О.Ариунзаяа нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шинэ-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч Л.Энхтуяа, хариуцагч О.Ариунзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн нар шүүх хуралдаанд оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 350002144 тоот актын тогтоох хэсгийн 3 дахь заалтын 536,363,636.36 төгрөгийн зөрчилд 53,636,363.60 төгрөгийн нөхөн татвар... тооцох гэсэн хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь хөдөө, орон нутгаас мал худалдан авч, тухайн аймаг, орон нутгийн бойнд нядлаад, дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад бэлтгэн нийлүүлсэн бөгөөд үүнийг үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн гэж үзэж байгаа. Тиймээс Даймомент ХХК-ийн 536 сая төгрөгийн борлуулалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн татвараас чөлөөлөгдөх заалтад хамаарна гэсэн үндэслэлээр 53 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдох актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.19-д үндэслэн гаргасан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх эсэх маргаан. Хариуцагчийн хэлж байгаа болон татварын улсын байцаагчийн актын үндэслэл, актыг танилцуулсан тэмдэглэл, Маргаан таслах зөвлөлийн татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээсэн тогтоол зэргээс харахад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу үйлдвэрийн аргаар борлуулсан, тураг мах гэсэн дээр гол маргаан байгаа.

Тураг мах гэдэг нь гэдэсгүй, үс ноосгүй, арьс ширгүй, манайхны хэлдгээр гулууз мах юм. Үйлдвэрийн аргаар боловсруулах гэдгийг мах комбинатад боловсруулахыг хэлнэ гэж бодоод байна. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа зохицуулалтын гол утгад дамжуулан худалдахыг яриагүй байдаг. Нарийн яривал их хурлын тэмдэглэлд малын бэлчээрийн даацнаас эхлүүлээд яригддаг. Энэхүү заалтын гол зорилго нь үйлдвэрлэлийг дэмжиж, махны зах зээлийг хяналттай байлгах, махны зах зээл дэх ченжүүдийн давуу байдлыг зохицуулах юм. Монголчууд гараараа малаа хийхийг гар үйлдвэр гэж ойлгосоор ирсэн. Заалтын хувьд татварын байцаагч, татвар төлөгч нарын хооронд хуулийн ойлголтын маргаан байна. Үүнийг шийдүүлэх гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тооцоо, мөнгө төгрөгийн тал дээр асуудал байхгүй. Тэгээд ч махыг зах, гудамж талбайгаар зараагүй, төрийн өмчит компанид зарсан. Энэ нь бас татварын үнэлгээнд нөлөөлдөг.

Түүнчлэн гэрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын талаар тусгайлсан заалт байхгүй. Гэрээгээ дүгнэсэн протоколд бид үйлдвэрийн аргаар боловсруулсан, татвар төлөх үүрэггүй гэдгээ тусгасан байгаа. Тиймээс маргаан бүхий татварын байцаагчийн актыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулга: Татварын хяналт шалгалтаар бохирын тээврийн үйлчилгээ, худалдааны зуучлал, мах борлуулах үйл ажиллагаа эрхлэн нийт 567,153,466.36 төгрөгийн зөрчил илрүүлэн 69,709,469.6О төгрөгийн төлбөрөөс, нөхөн татвар болох 56,202,623.60 төгрөг, торгууль, алданги, хүү 13,506,846.0 төгрөгийг төлүүлэхээр 350002144 тоот акт тогтоосон бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус ХХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ гардаж авсан боловч татварын улсын байцаагчийи актыг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор 547,127,200.00 төгрөгийн зөрчилд 54,200,000.00 төгрөгийн нөхөн татвар 12,557,100.0 төгрөгийн торгууль, алданги, хүү, нийт 66,757,100.00 төгрөгийг төлбөр ногдуулахаар шийдвэр гаргасан.

Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 11 сарын 13-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор 12,557,100,0 төгрөгийн торгууль, алданги, 54,200,000.0 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэр гарсан.

Хариуцлагыг чөлөөлөх үндэслэл нь Монгол улсын анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасны дагуу хасах шийдвэр гаргасан.

Тус ХХК нь ДЦС-4 нийлүүлсэн махыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх талаар маргасан. Тус борлуулалтыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх борлуулалт гэж үзэх үндэслэл байхгүй. Үүнд:

- Татварын шалгалт хийж байх хугацаанд үйлдвэрийн аргаар боловсруулсан гэдгээ батлаагүй, гулууз байдлаар нийлүүлсэн хэмээн тайлбар өгсөн. Мөн гулууз хэлбэрээр нийлүүлсэн гэрээ хавтаст хэрэгт байгаа.

- Тус ХХК-ийн санхуүгийн тайлан тэнцэлд мах боловсруулах үйлдвэрийн хөрөнгө, тоног төхөөрөмж гэгдэх зүйл бүртгэгдээгүй.

- Өөр аж ахуй нэгж байгууллагаар үйлдвэрийн аргаар боловсруулсан бол түүнийг батлах гэрээ байгаагүй болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даймомент ХХК-д татварын улсын байцаагч Л.Энхтуяа, О.Ариунзаяа нар шалгалт хийсэн. Уг шалгалтаар илэрсэн зөрчилд ногдох ёстой нөхөн татвар тавьсан ба тухайн компани үл зөвшөөрч маргаж байгаа.

Гол үндэслэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.19-д монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах заалтад үндэслэн тухайн махыг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдөх хэсэгт гаргаж тайлагнасан байдаг бөгөөд үүнийг үндэслэлгүй гэж үзэж акт тавьсан.

Үндэслэлгүй гэж үзсэн учир нь тухайн үед Даймомент ХХК-аас махыг үйлдвэрийн аргаар борлуулсан гэдгийг нотлох тусгайлсан нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд өөрсдөө үйлдвэрийн аргаар боловсруулсан гэхэд компанийн тайлан балансад үйлдвэрийн тоног төхөөрөмж бүртгэлгүй, мах боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг компаниудтай тусгайлан хийсэн гэрээ байхгүй. Ийм учраас үйлдвэрийн аргаар борлуулсан гэж үзэхгүйгээр, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалт мөн гэж үзэж акт тавьсан.

Тураг мах гэдэг нь ясгүй их биеийн хар мах. Даймомент ХХК нь гулууз махыг нийлүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд гулууз мах гэдэгт яснаас нь салгаагүй мах хамаардаг учир тураг махны шаардлагад нийцэхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд 2011 онд нэмэгдэж орсон энэхүү заалтын гол зорилго нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих юм. Монголдоо үйлдвэрлэж, дотооддоо борлуулсан тохиолдолд энэхүү заалтад хамаарах бөгөөд практикт дотооддоо үйлдвэрийн аргаар мах бэлтгэх нь их цөөхөн байдаг.

Мөн татгалзалтай бол зөвшөөрсөн баримтад гарын үсэг зурахгүйгээр тайлбар бичдэг бөгөөд Даймомент ХХК нь үйлдвэрийн аргаар боловсруулаагүй гэдгээ зөвшөөрсөн гарын үсэг зурсан байдаг. Нэмж хэлэхэд Даймомент ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь үйлдвэрлэл биш бохирын үйл ажиллагаа юм. Сүүлд өгсөн нотлох баримтаараа хувь хүнээс авсан гэдгээ батлах шиг боллоо. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нь эцсийн хэрэглэгч байдаг бөгөөд шинэ хуулиараа эдгээр хүмүүс суутган төлөгчид байгаа. Даймомент ХХК-аас гарч байгаа мөнгө биш эцсийн хэрэглэгчээс гарч байгаа мөнгө учраас нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөх ёстой гэсэн үндэслэлээр акт тавьсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Даймомент ХХК нь Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Л.Энхтуяа, О.Ариунзаяа нарын 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 350002144 тоот актын тогтоох хэсгийн 3 дах заалтын 536,363,636.36 төгрөгийн зөрчилд 53,636,363.60 төгрөгийн нөхөн татвар, ... тооцох гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Энхтуяа, О.Ариунзаяа нар нь Татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх томилолт (хх 71)-ыг үндэслэн "Даймомент ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх татвар ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 350002144 тоот акт ногдуулжээ /хх 6-16/.

Уг актаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дах заалтыг үндэслэн 567,153,466.4 төгрөгийн зөрчилд 56,202,623.6 төгрөгийн нөхөн татвар, 12,761,625 төгрөгийн торгууль, 580,463 төгрөгийн алданги, 164,758 төгрөгийг хүү, нийт 69,709,469.6 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

Нэхэмжлэгч нь актын 1, 2, 3 дугаар заалтуудыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянаад 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/60 дугаар тогтоолоор Даймомент ХХК-ийн гомдлын 1, 2 дах хэсгийг хангаж Татварын улсын байцаагч нарын актаар тогтоосон 567,153.4 мянган төгрөгийн зөрчилд 56,202.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 12,761.6 мянган төгрөгийн торгууль, 580.4 мянган төгрөгийн алданги, 164.7 төгрөгийг хүү, нийт 69,709.5 төгрөгийн төлбөр тогтоосноос 20,026.2 мянган төгрөгт холбогдох 2,002.6 мянган төгрөгийн алданги, бүгд 2,952.4 мянган төгрөгийг хасч, 547,127.2 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 54,200.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 12,160.8 мянган төгрөгийн торгууль, 162.6 мянган төгрөгийн хүү, 233.7 мянган төгрөгийн алданги, бүгд 66,757.1 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ /хх 19-22/.

Улмаар Даймомент ХХК Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн А/60 дугаар тогтоолыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг хүлээн авч хянаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах заалтыг үндэслэн 547,127.2 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 54,200.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 12,160.8 мянган төгрөгийн торгууль, 162.6 мянган төгрөгийн хүү, 233.7 мянган төгрөгийн алданги, бүгд 66,757.1 мянган төгрөгийн төлбөрөөс 12,160.8 мянган төгрөгийн торгууль, 162.6 мянган төгрөгийн хүү, 233.7 мянган төгрөгийн алданги, нийт 12,557,1 мянган төгрөгийг хасч, 547,127.2 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 54,200.0 мянган төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр өөрчлөн баталсан байна /хх 25-27/.

Татварын улсын байцаагчийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан 350002144 дүгээр актын тогтоох хэсгийн 3-т 4 дүгээр Дулааны цахилгаан станцад мах зуучлан борлуулсан орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд чөлөөлөгдөх боруулалт мэтээр тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоор тайлагнаагүй, тус орлогод татвар ногдуулан төлөөгүй 536,363,636.36 төгрөгийн зөрчилд 53,636,363.60 төгрөгийн нөхөн татвар, 160,909.0 төгрөгийн хүү, 11,263,636.0 төгрөгийн торгууль ногдуулсан-ыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Хариуцагч нараас Даймомент ХХК-ийн Дулааны цахилгаан станцад-4 ТӨХК-д мах борлуулсан орлого нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарахгүй. Учир нь Даймомент ХХК-аас махыг үйлдвэрийн аргаар борлуулсан гэдгийг нотлох баримт гаргаж өгөөгүй, тус компанийн санхүүгийн тайлан тэнцэлд мах боловсруулах үйлдвэрийн хөрөнгө, тоног төхөөрөмж гэх зүйл бүртгэгдээгүй, мах боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг компаниудтай хийсэн гэрээ байгаагүй тул татвар ногдуулсан хэмээн тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ....Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.19 дэх заалтын гол зорилго нь үйлдвэрлэлийг дэмжих, махны зах зээлийг хяналттай байлгах, махны зах зээл дэх ченжүүдийн давуу байдлыг зохицуулахад чиглэсэн. Бид махыг гудамж, талбайгаар зараагүй, төрийн өмчит компанид худалдсан. ДЦС-4 ТӨХК-тай байгуулсан гэрээг дүгнэсэн протоколд бид үйлдвэрийн аргаар боловсруулсан, татвар төлөх үүрэггүй гэдгээ тусгасан хэмээн маргаж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.19-т Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр хуульчилжээ.

Улсын Их Хурлаас батлагдсан 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, үзэл баримтлалд Өнөөгийн нөхцөлд ченж хэмээх худалдаачид хот, суурин газрын хүн амын хэрэгцээний махыг дамжуулан нийлүүлдэг бөгөөд ченж-ийн дамжуулан худалдаалж байгаа мах нь ямар нэг хяналтгүй учир хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцэхгүй байгаа тул малыг малчдаас шууд үйлдвэрт хүлээн авч үйлдвэрийн нөхцөлд мал эмнэлэгийн хяналтын дор бэлтгэж хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан болохыг баталгаажуулан зах зээлд нийлүүлэх шаардлагатай байна. Гэтэл мал нядлах үйлдвэрлэл эрхлэгч Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч учраас борлуулах үнэ дээр нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж авдаг нь үйлдвэрлэгчийн ченж-тэй өрсөлдөх чадварыг бууруулдаг хэмээн тусгажээ /хх 182, 199-200/.

Дээрх үндэслэлүүдээс дүгнэхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.19 дэх заалтад малыг малчдаас шууд үйлдвэрт хүлээн авч эмнэлэгийн хяналтан дор, үйлдвэрийн нөхцөлд төхөөрч, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан махыг хэрэглэгчдэд нийлүүлж олсон орлогыг хамааруулж ойлгохоор байна.

Хууль тогтоогчид хувь хүний борлуулж байгаа махны үнэ, үйлдвэрлэгчдийн борлуулж байгаа махны үнийг тэнцүүлэх замаар хэрэглэгчдийн үйлдвэрээс мах худалдан авах эрэлтийг ихэсгэж дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хэрэглэгчдийг эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангах зорилгоор уг заалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулинд оруулжээ.

Хэдийгээр Даймомент ХХК ДЦС-4 ХХК-тай байгуулсан Хонь, үхрийн мах нийлүүлэх гэрээнд үйлдвэрийн аргаар боловсруулсан, татвар төлөх үүрэггүй гэдгээ тусгасан хэмээн маргаж байх боловч махыг үйлдвэрийн аргаар төхөөрсөн гэдгээ нотолж чадаагүй байна.

Хүнс хөдөө, аж ахуйн сайдын 2001 оны А/43 дугаар тушаалаар батлагдсан Махны хяналтын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.13-т зааснаар махны үйлдвэр гэж хүнсний аюулгүй байдал, хөдөө аж, ахуйн улсын хяналтын алба баталгаажуулж бүртгэсэн, мал, амьтан нядлах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах худалдах тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг газрыг хэлнэ гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч малыг малчдаас шууд үйлдвэрт хүлээн авч төхөөрсөн, эсхүл махны үйлдвэрээр махыг бэлтгүүлсэн гэдгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны явцад бид малаа хөдөө орон нутагт очиж худалдаж аваад, тухайн орон нутагт нь хүн хөлсөлж хариулуулж, дараа нь гар үйлдвэрийн аргаар бэлтгэсэн нийлүүлж байгаа нь үйлдвэрлэл явуулж байгаа нэг хэлбэр гэж тайлбарласнаас үзвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.19-д заасан шаардлагын дагуу мах бэлтгээгүй гэдэг нь тогтоогдож байна.

Иймд Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3 дах заалтыг үндэслэж маргаан бүхий актын 3 дах хэсгээр татвар ногдуулсан нь үндэслэлтэй байх тул Даймомент ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.19-д заасныг тус тус баримтлан Даймомент ХХК-иас гаргасан Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 350002144 тоот актын тогтоох хэсгийн 3 дахь заалтын 536,363,636.36 төгрөгийн зөрчилд 53,636,363.60 төгрөгийн нөхөн татвар... тооцох гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

З.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ